Л.Оюун-Эрдэнэ: Бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, халдвар хамгааллыг мөрдөж ажиллахыг шаардана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комисс /УОК/-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “УОК-т коронавируст цар тахалтай тэмцэх нэгдсэн төлөвлөгөөгөө шинэчилж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгосон. Эдийн засаг бизнесээ дэмжихийн зэрэгцээ, асуудлыг цогцоор нь хэрхэн шийдвэрлэж болохыг шинжлэх ухааны судалгаанд суурилан ул суурьтай боловсруулах нь чухал.
Засгийн газар, УОК, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, НОК бүгд ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байна. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаварууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна. Маш хурдтай, шинэ менежментээр, эерэг хандлагаар ажиллахыг та бүхнээс шаардаж байна. Хандлагаа өөрчилж эс чадвал хатуу хариуцлага тооцож явах болно” гээд албан хаагчдад дараах асуудлуудыг онцгойлон анхаарч биелүүлж ажиллахыг үүрэг болгов.
– Шат шатандаа одоогийн ажлын арга барил, хандлагаа өөрчилж, шинэчлээд хурдтай, оновчтой шийдвэрийг гаргаж ажиллах
– Салбар хоорондын уялдааг хангаж, мэдээллийн урсгалыг нэгтгэн, мэдээллийн менежментээ сайжруулах
– Зогсонги байдалд орсон бизнесийн цусны эргэлтийг хэвийн горимд шилжүүлэхийн тулд цогц бодлого хэрэгжүүлэх
– Цар тахлыг араас нь хөөж, илрүүлж эмчлэх биш урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарах
УОК, ЭМЯ, УОК-ын Шуурхай штабт мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж буй эрдэмтдийн багаас Монгол дахь КОВИД19-ын өнөөгийн нөхцөл байдал, тархалтын тандалтын судалгааг УОК-ын Шуурхай штабд ажиллах үеэр танилцуулсан. Судалгаагаар сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 06-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна, Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтэд нотлогдсон шилмэл арга гэдгийг онцолсон. Эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулвал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.