"COAL MONGOLIA-2018"-ГИЙН ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Л.НАРАНБААТАРЫН НЭРЛЭСЭН ТОП-
“COAL MONGOLIA-2018”-ГИЙН ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Л.НАРАНБААТАРЫН НЭРЛЭСЭН ТОП-10
“Coal Mongolia-2018” чуулган найм дахь удаагаа Улаанбаатар хотод өчигдөр эхэллээ. Чуулганд 3000 орчим зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнээс 600 орчим компанийн ерөнхий захирал удирдлага, гүйцэтгэх захирал бүртгүүлжээ. Чуулганы үеэр 15 улсын 65 компани үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Хамгийн таатай мэдээ нь өчигдрийн чуулганы үеэр 20 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа, гэрээ хийсэн нь байлаа. “Coal Mongolia-2018”-ын ерөнхий зохион байгуулагч, “Гложекс консалтинг” компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар өчигдрийн чуулганы үеэр болсон “ТОП 10 үйл явдал”-ыг хэрхэн нэрлэснийг танилцуулъя.
1. Өчигдрийн чуулганы үеэр 20.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдаа, гэрээ хийгджээ. Үүний 11.4 тэрбум төгрөгийн худалдаа, гэрээ хэлэлцээг “АОДЭ” хийжээ. Харин “Нисээч интернэйшнл” ХХК 4.7 тэрбум, “Эпирок” 4 тэрбум төгрөгийн худалдаа хийв.
2. Коксжих нүүрсний үнэ 2019 оны дундаас унаж 120 долларт хүрнэ. Одоо 230 долларын үнэлгээтэй байгаа юм. Энэ мэдээллийг “Coal Mongolia” чуулганы үеэр илтгэл тавьсан“Фэнвэй Энержи информэйшн сервисез” компанийн дэд ерөнхийлөгч Сара Лиу, Бралабх-Вүүд Каккензи, Жулиан Халл нар мэдэгдсэн.
3.”Эрдэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Тавантолгойн нөөц найман тэрбум тонн болж нэг тэрбум тонноор өссөн гэсэн мэдээллийг өчигдрийн хуралдааны үеэр өгсөн. Тавантолгойн нөөцийн 65 хувь нь коксжих нүүрс. Нөөц нэмэгдэж байгаатай холбоотой тухайн компани үнэлгээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад 1072 хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэлгээ харьцангуй нэмэгдэх болох аж.
4. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар “Эрдэс Тавантолгой IPO бэлтгэл хангагдсан. Тавантолгойн IPO нь Монголын 10 тэрбум ам.долларын эдийн засгийг хоёр дахин өсгөх суурь нь болно” хэмээн ярьсан.
5. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн: Тавантолгойгоос Ханги-Мандал, Тавантолгой-Өлзий цагаан дэлийн боомт руу төмөр зам татаж нүүрсний экспортын гарцыг нэмнэ.
6. Сара Лиу: Хятад импортын коксжих нүүрсийг 2017 оноос ихгүй байлгана. Хятадын "Цэлмэг тэнгэрийг хамгаалах хөтөлбөр"-ийн хүрээнд нүүрсний хэрэглээг эрс багасгаж байна” хэмээн ярьж байсан. Гэхдээ энэ нь БНХАУ Монголоос авах нүүрсний хэмжээг багасгана гэсэн үг биш.
7. Сара Лиу:ОХУ Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсээ эрс нэмэгдүүлж, Монголыг гүйцэхэд ойрхон байна.
8. “Энержи Ресурс”-ийн гүйцэтгэх захирал доктор Г.Батцэнгэл:“Хятадын далайн эргийн коксжих нүүрсний худалдаа хумигдаж, Өвөр Монгол, Шаньсигийн хэрэглээ нэмэгдэж байна. Зах зээл Тавантолгойд өөрөө ойртоод ирлээ.
9. Мөн тэрбээр (Доктор Г.Батцэнгэл) “Тогоогоо томруулж, Монголчууд хамтдаа гадаад зах зээлд өрсөлдье! Бие биенийгээ татаж унагаадаг тамын тогооноос гаръя!” гэсэн юм.
10. “Эрдэнэс Тавантолгой” энэ сарын 26-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж нээлттэй компани болно. Ингэснээр дотоод, гадаадын бирж дээр гарах үндсэн нөхцөлөө хангана. 1072 эргэлтэд орно.
Р.Хишигжаргал