Я.Содбаатар: Цианидын ядуу уусмал гоожсоноос болж хүн, амьтан осолдоогүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газраас коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж байгаа билээ. Энэ үеэр бусад асуудлын талаар ч тодорхой хариултыг сэтгүүлчдэд өгч байгаа юм. Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг компанийн уурхайд цианид гоожсон асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчийн асуултад ингэж хариуллаа.
-Хөл хорионы энэ үед орон нутагт зарим асуудлууд гарч байна. Жишээ нь, Завхан аймагт байдаг уурхай цианид алдаж, хүн мал байгаль орчинд хохирол учруулж байна. Энэ дээр мэдээлэлтэй байгаа юу. Орон нуттгийн иргэд Засгийн газраас асууж өгөөч ээ гэсэн юм?
-Завхан аймгийн Дөрвөлжин суманд байрладаг “Баян Айраг Эксплорэйшн” компанийн баяжуулах үйлдвэрийн хэсгийн үйлдвэрийн нягтаршуулан хамгаалсан талбайд натрийн цианидын ядуу уусмал асгарсан осол гарсан. Газар дээр нь онцгой, цагдаа гээд холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсэг томилогдож ажилласан. Байгаль орчны байцаагч болон бусад холбогдох мэргэжлийн албаны хүмүүс зохих арга хэмжээг газар дээр нь цаг алдалгүй авсан.
Натрийн цианидын ядуу уусмал асгарсан газрын хэмжээ нь нийтдээ 553 ам метр талбай. Одоогоор байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийн дүгнэлт гараагүй. Ямар нэгэн хүн, амьтан осолдсон зүйл байхгүй. Тэр өглөө үйлдэл болоход нь бид зохих арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч ажилласан гэдгийг хэлье.