Боловсролын салбарынхны босго оноо өндөр байх учиртай

Нийтэлсэн: Админ 2018-09-05 3:57:23

Боловсролын салбарынхны босго оноо өндөр байх учиртай



Өнгөрсөн бямба гариг буюу есдүгээр сарын 1-ний өдөр Монголын Боловсрол Шинжлэх ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос хичээлийн шинэ жилээр нийслэлийн 70 орчим сургууль, 90 орчим цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагууд ажил хаяахаа мэдэгддсэн.

 

 

Харин Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн хэмжээнд 12 сургуулийн багш нар ажил хаясан хэмээн мэдээлсэн юм. Тодруулбал, Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, "Эрдмийн өргөө" цогцолбор болон Баянзүрх дүүргийн 79, 84, 97, 102, 120 дугаар сургууль, "Амгалан" цогцолбор сургууль,  Хан-Уул дүүргийн 26, 34, 41, 118 дугаар сургуулиуд багтаж байна.

 

 

Шинжлэх ухааны Үйлдвэрчний  эвлэлийн холбооноос энэ сарын 10 гэхэд орон даяар багш нар ажил хаяахаар төлөвлөөд байгаа гэж мэдэгдсэн ч одоогоор тодорхойгүй байгаа.

 

 

Багш нарын зүгээс өнгөрсөн онд багш нарт цалингийн урамшуулал маягаар олгохоор төсөвлөсөн 56.6 тэрбум төгрөгийг есдүгээр сард багтаан олгох, цалинг ялгаварлахгүйгээр 15 хувиар нэмэгдүүлэх мөн ирэх онд 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх гэрээ байгуулах зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нэлээд асуудлууд бий болоод байна. Учир нь ангийнхаа найзуудыг санасан хүүхдүүд хичээлдээ орох гээд яарч байхад багш нар нь ажил хаясан гэх шалтгааны улмаас доголон нулимстай буцаж байгаа олон хүүхэд харагдсан. Багш нарын цалин муу нь үнэн. Амьдралын олон хэрэгцээ шаардлагад хаана ч хүрэлцээгүй байгаа нь бас л үнэн.

 

 

Хамгийн гол нь багш нар мянга ажил хаяж, эсэргүүцэл зарлалаа гээд байхгүй байгаа төсөв ургаад ирэхгүй. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ” хэмээн хэлж байсан. Угаас үнэн. Авсан зээлийнхээ хүүг төлөх гэж давхар зээл хийн хүүгийнхээ өрийг төлнө гээд ярьж байгаа улс багш нарыг ажил хаясан даруйд нь цалин хөлсийг нь нэмээд байж байх нь юу л бол. Харин ч багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гаргаад байгаа. “Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийж” буй улсын шийдвэр шүү дээ.

 

 

Мөн багш нарын ажил хаялтыг иргэдийн зүгээс улс төрийн явуулга байж магадгүй гэж таамаглаж байна. Ер нь жагсаал цуглаан гээд бүх зүйл ямар нэгэн байдлаар улс төрийн эрхмүүдтэй нэр холбогдоод дадал болчихсон учраас ийн “хардах” нь аргагүй. Батлагдаагүй ч, багш нарын ажил хаялтыг АН-ынхан дэвэргэж байна гэсэн хардлага бий. Хардахаас ч аргагүй юм. Учир нь энэ ажил хаялтыг өөгшүүлсэн мэдээ бүрийг АН-ыг дэмжигчдийн пэйж хуудас түгээж байгаа нь үнэн билээ.

 

 

Гэхдээ энд зориуд нэг зүйлийг тодруулахад багш нар цалингаа нэмүүлэхээр шаардах эрхтэй ч, сурагчид, эцэг эхчүүд “чанартай” багш байхыг шаардах бүүр илүү эрхтэй. Гэтэл Багшийн сургуулийн босго оноо бага, хичээлдээ тааруу, шалгалтандаа муухан үнэлгээ авсан нь сонгодог болсон нь нууц биш.

 

 

Уг нь боловсролын салбарт хамгийн сайн нь ажиллаж, бэлтгэгдэж байх учиртай. Тэр ч утгаараа шалгуур нь хүртэл өндөр байх ёстой. Боловсролын чанар муу байгаа шалтгаан нь бага оноотой төгсөгчид багшийн сургууль сонгох явдал их байдаг учраас нэг шалтгаан нь болж байгаа юм.

 

 

Багш бэлтгэдэг Монгол Улсын Боловсролын их сургуулийг бусад Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль зэрэг их, дээд сургуультай нь харьцуулаад үзэхэд босго оноо нь хамаагүй бага. Үүний дүнд элсэлтийн шалгалтандаа муу оноо авсан хүүхдүүд улсын сургуульд орох гээд багшийн мэргэжлийг сонгочихдог нь түгээмэл. Иргэд ч энэ тухай андахгүй мэддэг. Угтаа бол боловсролын салбарынхны босго оноо илүү өндөр байх ёстой юм.

 


Б.Лхам