Д.Сумъяабазар: Шинэ эрч хүчээр зоригтой шийдэх цаг нь болсон гэж үзсэн учраас залуучуудаа түлхүү нэр дэвшүүлсэн
МАН сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Хотын хөгжилд хүчээ нэгтгэе уриатай орон нутгийн сонгуульд оролцож буй МАН-ын сонгуулийн нээлт дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд болж, нэр дэвшигчдэд батламж гардууллаа.
Сонгуулийн сурталчилгааг нээж, УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын сонгуульд ард түмэн манай намд итгэл үзүүлж, багаар нь дэмжсэнд талархал илэрхийлье. Манай нам Нийслэлийн ИТХ-ын сонгуульд жишигнэсэн залуучуудыг нэр дэвшүүлж байна. Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, үүнийнхээ хэрээр тулгамдсан асуудал их гарч байна. Бид энэ бүхнийг хуучин мэдлэг, хуучин арга барилаар засаж, залруулж чадахгүй байна. Тиймээс шинэ эрч хүчээр зоригтой шийдэх цаг нь болсон гэж үзсэн учраас залуучуудаа түлхүү нэр дэвшүүлсэн. Ард түмэн УИХ-ын сонгуульд манай намд итгэл үзүүлсэн шигээ орон нутгийн сонгуульд ч мөн итгэл үзүүлээрэй. Бид “Хотын хөгжилд хүчээ нэгтгэе” уриатай НИТХ-ын сонгуульд оролцож байна” гэдгээ онцолсон.
МАН түгжрэлгүй, утаагүй хот, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хот, аюулгүй ногоон хот, хүндээ ээлтэй хот, шинэ хот, хөгжлийн алтан тойрог, орлогод нийцсэн орон сууцтай Улаанбаатар хот, сайн засаглал тулгуурласан хот, хүн төвтэй эрүүл нийгмийн үйлчилгээ, хүртээмжтэй чанартай боловсрол гэсэн тулгуур 17 зорилтыг агуулсан 24 шийдэл бүхий 186 үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан хүчээ нэглэхээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа юм байна.