Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно

Нийтэлсэн: Админ 2020-09-28 8:32:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас малчин Л.Батжаргалын гэр үерт автсан байна. Л.Батжаргалынд амрахаар очоод байсан 15 настай Гурвансайхан, 13 настай Галбадрах нар нь гэрийг нураахгүй байх арга хэмжээ авч, гэрт байсан 2, 3 насны хүүхдүүдийг уснаас хамгаалж, үерт автсан гэрээс эсэн мэнд гаргажээ.

“Шударга журам” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сайхан сэтгэлт, чин зоригт хөвгүүд Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.

45 минутын турш үргэлжилсэн хүчтэй аадар бороо, үерийн урсгалтай тэмцэлдэн бусдын амь насыг аюулаас зайлуулахын төлөө чармайн зүтгэсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарт эр зориг, шударга зан чанарынх нь төлөө, хүүхдүүдийн амь насыг аюулаас аварсных нь төлөө талархал илэрхийлж, “Шударга журам” медаль гардуулж байгаа юм.

Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, үерийн аюултай амь насаа үл хайхран тэмцсэн Та хоёрын эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болж, хүндлэл төрүүлэх болно. Эрдэм номд хичээнгүйлэн суралцаж, эрдэмт багш нараасаа их зүйлийг сурч мэдэж аваарай. Эцэг эхдээ тустай, эх орондоо ачтай сайн хүмүүс болж хүмүүжээрэй. Баяр хүргэе!” гэлээ.