Эрдэнэт үйлдвэрийн ажилтан биеийн эсэргүүцэл хэмжигч зохион бүтээлээ

Нийтэлсэн: Админ 2020-06-10 11:47:00

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн тохируулгын инженер Д.Болд-Энхийн зохион бүтээсэн биеийн эсэргүүцэл хэмжигч төхөөрөмжийг ХАБЭА-н цахилгааны аюулгүй ажиллагааны сургалтад ашиглахад бэлэн болжээ. Тэрбээр уг төхөөрөмжийг нэг жилийн өмнө зохиосон бөгөөд сайжруулалт хийх хугацаандаа Эрдэнэт, Дархан, Багануурын уурхайд ажилладаг 400 гаруй хүнийг туршилтад хамруулсан байна. Тэжээлийн блок, зэс хавтан бүхий энэхүү төхөөрөмж нь мэдрэх гүйдлийг үзүүлэх чадалтай бөгөөд цааш цаашдаа судалгааны ажилд ихээхэн хэрэгтэйг зохион бүтээгч инженер онцоллоо.

Өндөр хөгжилтэй улс орнууд цахилгаан гүйдлийг хэмжих судалгааны лаборатори байгуулан, өөрийн орны иргэдийн биеийн эсэргүүцлийг тодорхойлох, улмаар судалгаанд суурилсан хэм хэмжээг боловсруулан хэрэгцээтэй салбартаа ашигладаг байна. Харин манай улсад энэ төрлийн судалгааны ажил хийгддэггүй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн ажилтан биеийн эсэргүүцэл хэмжигчийг анх удаа зохион бүтээсэн нь энэ юм. Хүн бүр өөрийн биеийн эсэргүүцлийн хэмжээг гаргаснаар хэдэн мА-т тэсвэрлэх чадвартайгаа мэдэх боломжтой бөгөөд энэ нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа болгоомжлох эсэхээ тодорхойлох, үйлдвэрийн орчинд аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач тустай юм. Цахилгааны тухай ойлголтыг сургалтаар өгөх нь учир дутагдалтай тул энэхүү биеийн эсэргүүцэл хэмжигч төхөөрөмжид тулгуурлан илүү ойлгомжтой, бодит хэлбэрээр таниулах боломж бүрдэж байна.  

И.Чинтогтох

            Фото: Б.Баттөгс