Нийтийн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ

Нийтэлсэн: Админ 2018-08-22 3:59:46

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлнэ



2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана.

 

 

Мөн холбогдох судалгаа  тооцооллыг хийж 12 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, оройн буултын цагийг уртасгаад байна. Тухайлбал Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн 1000, Зайсан, Улиастайн суурьшлын цэгт үйлчлэх чиглэлүүд” хэмээлээ.

 

 

Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобус, троллейбусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэв. Шалгалтыг нийтийн тээврийн хэрэгслийн дотор, гадна талын цэвэрлэгээ, суудлын бүрээсний угаалга, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг байгууллага дээр нь өглөөний эх авах үед хийж гүйцэтгэж байгаа аж.

 

 

Түүнчлэн нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор шалгалтыг энэ сарын 13-17-ны өдрүүдэд хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан байна.

 

 

Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 54 сургууль, хоёр цэцэрлэгийн нийт 124 автобус хамрагдахаас 36 сургуулийн 46 автобус хамрагджээ.

 

 

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад шалгалтанд хамрагдсан 46 автобусаас 27 нь буюу 58.6 хувь шар өнгөтэй байсан боловч 13 автобус техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангаж, Хүүхдийн автобусны зөвшөөрөл авсан байна. Шалгалтанд тэнцээгүй тээврийн хэрэгслүүдэд хэрэглээний стандартын шаардлагыг /мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэрэг иж бүрдэлгүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд хийгдээгүй/ хангаагүй зөрчлүүд нийтлэг илэрсэн тул хугацаатай үүрэг өгч ажилласан.

 

 

“Өнөөдрийн байдлаар нийслэлд 538 карт борлуулах, цэнэглэх гэрээт цэг ажиллаж байна. Сүүлийн үед карт цэнэглэх үйл ажиллагааг сайжруулах үүднээс 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн төлбөрийн картны төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Зорчигчид Хаан банк, Голомт банкны карт, Юнител, Мобикомын сим карт, Иемарт, Номин сүжээ дэлгүүрүүдийн бонус картаар мөн зорчих боломж бүрдсэн” хэмээн Улаанбаатар смарт карт ХХК-ийн хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал ярилаа.

 

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш нийслэлийн Тээврийн газрын 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтойюм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.