Баянхонгор аймаг: Монгол Улсын гавьяат багш АН-ыг төлөөлж, дунд сургуулийн хүүхдүүдэд мөнгө тараажээ
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр төгсгөл болох гэж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд, зургаадугаар сарын 21-ны байдлаар хуулийн байгууллагад 1276 гомдол мэдээлэл ирж, цөөнгүй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Цагдаагийн байгууллагад иргэд нэр дэвшигчдийн сонгуулийн штабууд хууль тогтоомж зөрчин бэлэн мөнгө тарааж байгааг тасралтгүй мэдээлж байгаа гэнэ. Зургаадугаар сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шалгалт явуулж, гарал үүсэл нь тодорхойгүй нийт 250 гаруй сая төгрөгийг хураан авснаа Цагдаагийн байгууллага мэдээлсэн байгаа.
Мөнгө тарааж байгаа гэмт хэрэг орон нутагт ч гарч байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт Ардчилсан намынхан дөнгөж Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн хүүхдүүдэд 100, 100 мянган төгрөг тараасан гомдол очжээ. Мөнгийг Монгол Улсын гавьяат багш нэгэн тараасан бөгөөд эрхэм багш анх удаа санал өгч байгаа шавь нарынхаа улс төрийн үзэл бодлыг мөнгөөр худалдан авах гэж оролдсон хэрэгт шалгагдаад эхэлжээ.
Баянхонгор аймгийн АН улс төрийн цэвэр өрсөлдөөн явуулж чадсангүй. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучууд, тэр дундаа анх удаа сонгууль өгөх гэж байгаа иргэдийнхээ саналыг мөнгөөр худалдан авч, амьдралынх нь турш үргэлжилж болзошгүй хар үйл явдал руу даллан дуудаж, энэ үйлдэлдээ Монгол Улсын гавьяат багш нэгнийг ашиглаж байгааг эсэргүүцсэн ээж аавууд нь хуулийн байгууллагад мөн хандсан байна.
Иргэдийнхээ саналыг мөнгөөр худалдан авдаг явдлаас салах ёстой гэж олонх иргэд үзэж байгаа. Энэ сонгуулийн тухайд мөнгө тараах явдал тасралтгүй гарч байгаа. Ардчилсан намынхаан, ядаж ирээдүйгээ цэвэрхэн байлгаж, өсч яваа залуу хүүхдүүдийг муу муухай болгонд уриалахгүй байна уу. Үүндээ Монгол Улсын гавьяат багш нэгнийг ашиглаж байгаа чинь бүүр аймаар байна шүү.