Авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа

Нийтэлсэн: Админ 2018-08-21 2:24:56

Авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах төслийн үр дүнтэй танилцлаа



Манай улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэхийн хэрээр автомашинаас ялгарч буй утаа нь агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлж байна.



Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй автомашины утааны 80-90 хувийг нийтийн тээврийн болон хүнд даацын автомашинууд ялгаруулдаг бөгөөд үүнд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг байна.



Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зам, Тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Японы Олон Улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай “Санамж бичиг” байгуулсан.  Энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд “Нийтийн зорчигч тээврийн их багтаамжийн  автобусанд тортогжилтын ялгарлыг бууруулах DPF /diesel particulate filter/ шүүлтүүрийг суурилуулан хөө тортгийн хэмжээг бууруулах төсөл”-ийг эхлүүлэн “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 16, “Сутайн буянт” ХХК-ийн 8 буюу нийт 24 автобусанд суурилуулж, туршилт, судалгааны ажлыг хийгээд байна. Өнөөдөр ЗТХЯ-ны АТБХЗГ-ын дарга С.Батболд болон “ЖАЙКА” ОУ-ын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар “Автобус-3” бааз дээр хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцлаа.



Төслийн санхүүжилтийг Японы талаас бүрэн хариуцаж байгаа бөгөөд туршилтын хугацаанд Улаанбаатар хотод өдөр тутам үйлчилгээнд явж буй 900 гаруй автобуснаас 24-н автобусанд “DPF” шүүлтүүр суулгахад ялгарч буй тортогжилтын хэмжээ /PM/-г ойролцоогоор 80 хувиар буурсан үзүүлэлттэй гарч байна.



 “DPF” 3-н давхар шүүлтүүрийг тухайн автобусанд өглөө чиглэлд гарахад нь жинлэж суурилуулаад орой буухад нь шүүлтүүрийн жинг автобусны өдөрт явж буй км цагтай харьцуулан тооцоход 150-200 грамм тортог нэмэгдсэн үзүүлэлт гарч буйг энэ үеэр мэргэжилтэнүүд хэмжилт хийж, мөн цэвэр цаасан дээр тортогжилтыг нь туршилтаар харууллаа.



Шүүлтүүр суулгаагүй автобус нэг бүрээс өдөрт дээрх хэмжээний  хөө тортог бууж тэр хэмжээгээр бидний амьсгалах агаар бохирдож буйг япон мэргэжилтэнүүд онцолж байлаа.



Зам, Тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран цаашид шинэ техник технологи нэвтрүүлэх замаар автотээврийн хэрэгслээс ялгарч буй утааг бууруулах талаар туршилт, судалгааны ажил хийх, сөрөг үр дагаврын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, иргэдээс санал, мэдээллийг хүлээн авахаар ажиллаж байна.