Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Аутизм гэж юу вэ?
Товчхондоо бол харилцааны эмгэг. Өөрөөр хэлбэл тэд биднээс арай өөрөөр нийгмийг хүртдэг. Тиймээс аутизм бол сэтгэцийн өвчин биш. Өөрийн гэсэн онцлогтой ялгаагүй л тусдаа нэг ЕРТӨНЦ.
Аутизмын эмгэгтэй хүүхдэд ажиглагдах түгээмэл шинжүүд: Ажиглахад аутизмтай хүүхэд бүхэн адилхан онцлогтой байдаггүй. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог шинжүүдтэй байдаг.
- Түгээмэл зүйлсийг сонирхдоггүй. Таалдаг тодорхой хэдхэн зүйлс л байдаг. Тухайлбал, дийлэнх хөвгүүдийн дуртай супермэн тэдэнд сонин биш. Охидын цуглуулах барби ч сонирхолтой биш.
- Нэг сонирхол татсан зүйлээсээ уйдахгүй. Өдөр бүхэн хийнэ. Үйлдлээ давтана. Өөрийнх нь эд зүйлсийн байрлал, дарааллыг өөрчилбөл тавгүйрхэнэ.
- Дийлэнх тохиолдол нь хэл ярианы хөгжил сул. Харцаар харилцаанд орохгүй.
- Хамтарч тоглох, ээлжлэх, олуулаа бужигнах гэхээс илүү өөрийн ертөнцдөө ганцаараа тоглох дуртай.
- Өөртөө дүрэм зохиодог. Тухайлбал,
“- Ээжтэй дүү тоглоно, аавтай би” Энэ байрлал өөрчлөгдвөл тоглохгүй.
“- Миний хичээлийг эгч давтуулна” Өөр хүн давтуулах тохиолдолд хичээлээ хийхгүй байх” г.м. дүрмээ бусдад хэлэхгүй ч үйлдлээрээ илэрхийлнэ.
Одоогоор аутизмын эмгэгийг эмчлэх бүрэн төгс арга олдоогүй байгаа ч хөгжлийг нь дэмжих боломж бий. Үүнд:
- Эрт оношилгоо
- Түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх.
- Анхаарал халамжаар дутаахгүй байх
- Эрүүл хоололтын дэглэм баримтлах
- 5 мэдрэхүйг хөгжүүлэх дасгал тоглоомуудаар тодорхой хугацаагаар тоглох
- Хэл яриа, өгүүлэх эрхтний дасгал хийх зэрэг орно.
Гол нь эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч бидний уйгагүй оролдлого, хичээл зүтгэл, хайр халамж их чухал үүрэгтэй. Тэгж чадвал харилцааны зарим хөгжлийг нь дэмжих боломжтой нь анзаарагдсан:
– Хүүхдүүдтэй ноцолдож тоглодог болно.
– Найзтай болно.
– Бусдад өөрийгөө ойлгуулах гэж оролдоно.
– Хэл ярианы идэвх сайжирна.
Аутизмын онцлогтой хүүхдийг ялган гадуурхахгүй, байгаагаар нь ойлгож, энгийн л харилцахыг хүн бүхнээс хүсмээр байна.
Дийлэнх олноос ялгаатай байна гэдэг нь
муу, муухай гэсэн үг биш. Тэд зүгээр л өөрийн гэсэн маш тод өнгөтэй. Түүгээрээ л гэрэлтэхийг хүсдэг
Г. Төмөрзаяа (Хөөрхөн Шар Шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
Жич: Манай байгууллага оношилгоо хийдэггүй