Я.Буянжаргал: Тусгаарлалтад байгаа зарим иргэд хоорондоо маргалдан зодолдож, нохойн хоол өглөө гэж эсэргүүцэж байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: “Коронавирусийн халдвар нь эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин хяналтад байна.
Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, 5 хүртэлх насны 56 хүүхэд байна.
Тусгаарлагдаж буй иргэдээс гомдол санал ирж байна. Тухайлбал өрөө жижигхэн байна, мөөгтэй хоол гэж уйлж байна. Вареньтай талх идэхгүй гэж эмчийн өдөөс шидэж, нохойн хоол өглөө гэж хүртэл хэлж байна. Хоорондоо маргалдаж, зодолдож байна. Ер нь манай иргэд шиг эмчээрээ хоолоо зөөлгөж буй байдал дэлхийн хаана ч байхгүй. Цаашид иргэд хариуцлагатай, ухамсартай баймаар байна. Эрүүл мэндийн салбарынхан иргэдийнхээ төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 218 хүнд эмчилгээ, хяналт, тандалт хийж байна. Иргэдээс баяраласан талархсан үгтэй, Монголын төр засаг, эрүүл мэндийн байгууллагынхандаа баярлаж талархсан захидал олноор ирж байна” хэмээн тус тус мэдээллээ.