Коронавирусээр халдварласан өвчтөнийг гэрээр эмчлэх заавар гаргажээ
Шинэ коррнавирусийн халдвар авсан ч биеийн байдал нь хөнгөн өвчтөнийг гэрээр эмчлэх зааврыг Москва хотын Эрүүл мэндийн газар гаргажээ.
Эрүүл мэндийн газрын цахим хуудсан тавигдсан заавраас харахад 400 миллиграмын шахмал тунтай лопинавир болон 100 миллиграмын шахмал тунтай ритонавир эмийг 12 цагийн давтамжтай уух, шингэн зүйл их уух, өндөр халуурсан үед халуун буулгах эм, тэр дундаа парацетамол уухыг зааварлажээ. Энэ хооронд өөрийгөө аль болох тусгаарлаж, өөрийн болон гэрийнхнийхээ ариун цэврийг сайтар сахихыг анхааруулсан байна.
Энэ зааврын дагуу эмчилгээ хийж байгаа ч биеийн байдал хүндрэх шинж тэмдэг илэрвэл эмч дуудахыг зөвлөжээ. Мөн хүндэрсэн гэж үзвэл өөрийгөө гэрийнхнээсээ бүрэн тусгаарлах юм. Эсвэл шууд ганцаараа байх боломжтой байр руу шилжихийг сануулсан байна.
Шинэ коронавирусээр халдварласан 65-аас дээш насны, жирэмсэн, чихрийн шижинтэй, бронхиттэй, уушигны архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлэх юм.
Гуравдугаар сарын 24-ний байдлаар ОХУ-д COVID-19-ийн 495 халдвар батлагдсан бөгөөд үүний 290 нь Москва хотод бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүсээс 22 өвчтөн эдгэрсэн бол эмчийн хяналтад 93 мянган хүн байна. ОХУ-д коронавирусийн халдварын улмаас нэг хүн нас барсан.
Эх сурвалж: РИА НОВОСТИ