"Эрдэнэт"-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууслаа
"Эрдэнэт" ТӨҮГ-т онц дэглэм тогтоосноос хойш 12 сар буюу нэг жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан "Эрдэнэт" үйлдвэрт "тусгай ажиллагаа" явуулж, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Дээрх хугацаанд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгасан билээ.
Уг хугацаа энэ сарын 13-нд дуусгавар болсон ч цуцалсан талаар Засгийн газраас мэдэгдсэнгүй. Гуравдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэм түүний хэрэгжилтийн явцыг хэлэлцсэн гэх мэдээлэл бий. Онцгой дэглэмийн хугацааг дахин сунгах боломжгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулинд зааснаар “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж байхыг хуульчилсан. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөрдсөнгүй.
Тэрбээр "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах болохоороо уг асуудлаар ам нээдэг. Уг нь бол хуулиараа онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр олон нийтэд мэдээлэлж байх үүрэгтэй.
Өнгөрөгч оны есдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгах шалтгааныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Хэрэв онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй бол Захиргааны хэргийн шүүх дээр "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон асуудлыг задлах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын 23 дугаар тогтоол дээр байгаа хоёр тал хэлцэл хийх нөхцөл байдал үүсэхгүй байх магадлалтай. Сангийн яамнаас шалгалт хийхэд “Эрдэнэт” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоохоос өмнө 100 гаруй сая ам.долларын зөрчил илэрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн” хэмээн хэлж байв.
Үүнээс хойш тэрбээр өнөөдрийг хүртэл тус үйлдвэрийн талаар ганц үг дуугарсангүй. Уг асуудлаар Л.Оюун-Эрдэнэ сайд мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан нараас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.