"Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэй 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно"

Нийтэлсэн: Админ 2020-03-19 12:48:36

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Ноолуур бол манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүн. Нөхөн сэргээгдэх баялаг гэж үздэг. Манай улс өнгөрсөн онд 70.9 сая толгой мал тоолуулсан. Сүргийн бүтцээс нь авч үзвэл энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Дэлхий дахинд коронавирусийн халдвараас болж ноолуурын салбарт эрсдэл үүсэж байгаа. Тиймээс Засгийн газар ноолуурын бэлтгэлийн асуудалд цогц арга хэмжээ авах тогтоол баталлаа. Өнгөрсөн жил нийт бэлтгэсэн ноолуурынхаа 25 орчим хувийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргасан байна. Мөн 10 орчим хувийг нь хагас боловсруулж буюу самнаж экспортод гаргасан байна. " гэсэн юм. 65 хувьд нь анхан шатны тордолт хийж угаагаад экспортод гаргасан. Энэ жил өнгөрсөн оны энэ байдлыг өөрчлөхөөр төлөвлөсөн. Үүний тулд Засгийн газраас үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн ноолуурын улсын нөөц бий болгоход зориулж нэмж 200 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр нийт ноолуурынхаа 50 хувийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоно. Өнгөрсөн жил Хөгжлийн банк 12 хувийн хүүтэй зээл олгож байсан. Энэ жил Монголбанк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор 10 хувийн хүүтэй зээл олгоно. Дээрээс нь Засгийн газар ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүд дэмжиж 3-5 хувийн хүүтэй зээл олгох тооцоо хийж байгаа. Хүүгийн зөрүүг нь төр хариуцна. Үүнд зориулж 30 тэрбум төгрөг зарцуулна. Өнгөрсөн онд улсын дунджаар нэг кг ноолуур 110 мянган төгрөг байсан. Энэ жил 100 мянган төгрөгөөр буулгахгүй байх зорилт тавьж байна. Малчид үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаах хэрэгтэй. Малчдаас ноолуурыг нь хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр худалдаж авахаас гадна эцсийн бүтээгдэхүүн болгож олсон орлогоос малчдад урамшуулал олгох зорилт тавьсан. Тиймээс малчид маань зөвхөн үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаах нь зөв" гэсэн юм.