ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карентиныг нэг сараар сунгах санал гаргав
Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл карентилах шийдвэр гаргасан. Гэвч манай улсад коронавирусийн халдварын тохиолдол зургаан тохиолдол бүртгэгдсэн байгаа учраас энэ карентиныг сунгах эсэх асуудал яригдаж, судлагдаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хувьд Эрүүл мэндийн яамнаас судалгаа, мэдээлэл санал авсны дараа энэ Баасан гаригт сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх саналаа Улсын онцгой комисст хүргүүлэхээ мэдэгдсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн яам дөнгөж сургууль, цэцэрлэгийн карентиныг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж яамнаас үзэж байгаа аж. Тиймээс сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах эсэх талаар Улсын онцгой комисс шийдвэр гаргах юм байна.