“А” бүлгийн цустай хүмүүс COVID-19-өөр өвчлөх эрсдэл өндөртэй
Коронавирусийн халдварын голомт Хятадын Бээжин, Ухань, Шенжень, Шанхай дэхь өвчтөнүүдийн дунд явуулсан судалгаагаар “А” буюу II бүлгийн цустай хүмүүс эрсдэл өндөртэй нь тогтоогджээ. 2000 гаруй өвчтөний дунд явуулсан судалгаагаар “А” бүлгийн цустай хүмүүс халдвараар өвчлөх нь бусадтай харьцуулахад олон байсны дээр илүү хүндээр тусчээ. Харин “O” буюу I бүлгийн цустай хүмүүс халдвараар өвчлөх нь бага эсэргүүцэх чадвартай байна.
Ухань хотын Жуннан эмнэлгийн эмч Ван Шинхуан “А” бүлгийн цустай хүмүүсийг дархлаагаа илүү сайн дэмжиж, халдвар авахаас сайтар сэргийлэхийг анхааруулжээ. Мөн “O” бүлгийн цустай хүн ч халдвар авахгүй гэх 100 хувийн баталгаа байхгүй тул сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах хэрэгтэйг сануулсан байна. Тяньжин дахь Хятадын цус судлалын судалгааны төвийн мэргэжилтэн Гао Енгдай хэлэхдээ 2000 гаруй хүнийг хамруулна гэдэг бол бага тоо биш гэхдээ цаашид илүү өргөн хүрээнд судалгааг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Халдвараар өвчлөгсдийн тоо олон улсад 180 мянга даваад байгаа билээ.
Цусны бүлэг нь антиген гэж нэрлэгдэх цусны улаан эс дээрх дархлааг өдөөгч материалаар тодорхойлогддог. Австралийн биологич Карл Ландштейнерийн 1901 онд нээн, нэрлэснээр цусны бүлгийг “A”, “B”, “AB” “O” гэх дөрвөн бүлэгт хуваан үздэг. Цусны бүлгийг илрүүлснээр өвчтөнд тохирох цус сэлбэж, олон хүний амийг аврах болсон билээ.
АНУ-д “O” бүлгийн цустай иргэд хүн амын 44 орчим хувь байдаг бол “А” бүлгийн цустай хүн 41 хувь байна. Харин 11 сая хүн амтай Ухань хотын 32 хувь нь “O” бүлгийн цустай, 34 хувь нь “А” бүлгийн цустай гэх судалгаа гарчээ.
Эх сурвалж: South China Morning Post