Ц.НЯМДОРЖ: ВЕЙСЕЛ АКЧАЙГ ХУЛГАЙЛСАН ЯВДАЛД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦСОН ГЭХ ХАРДЛАГА БИЙ

Нийтэлсэн: Админ 2018-08-07 7:33:13

Ц.НЯМДОРЖ: ВЕЙСЕЛ АКЧАЙГ ХУЛГАЙЛСАН ЯВДАЛД ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦСОН ГЭХ ХАРДЛАГА БИЙ

 

  "Улаанбаатар-Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн сарын 27-ны өдрийн 10.00 цаг орчимд гэрээсээ гарч явахад нь саарал өнгийн “Toyota Alphard” маркийн авто машинд суулган, нүдийг боон, есөн цаг орчим энхэл донхолтой шороон замаар авч явсан байдаг. Мөн энэ өдөр Туркээс “СТ 4010” дугаартай онгоц Хөшгийн хөндийд бууснаа, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан нь хууль бус ажиллагаа зохион байгуулж байгаа гэх хардлагыг төрүүлсэн юм. Улмаар багш, сурагчдын төлөөлөл нисэх онгоцны буудалд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж тусгай хүчнийхэн ажиллагаа явуулан Вейсел Акчайг Монголд үлдээсэн билээ. Тэгвэл БНТУ-с Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчайг баривчилсан талаар мэдээлэл хийжээ. Тэрээр ярилцлагадаа "Нууцаар ямар ч онгоц ирээгүй. ГХЯ-с олгосон албан ёсны зөвшөөрлийн дагуу ирсэн. Манай улсын зүгээс Монгол Улсад сонголт хийхийг тулгасан зүйл байхгүй. Хамгийн гол нь сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудыг ФЕТО байгууллагын удирдлагаас холдуулах л хүсэлтэй байгаа. Дээрх сургуулиудад суралцагчдын төлбөр террорист байгууллагуудыг санхүүжүүлээд байгаа юм. Энэ нь Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлээд байгаа мэт харагдуулж байна” хэмээн ярьсан байна. Тэгвэл эл асуудалд Хууль зүйн сайд Ц.Нямдорж ямар байр суурьтай байгааг сонирхлоо. 

 

-Та Туркийн Элчин сайдын ярилцлагыг олж уншсан уу?


-Тэгсэн, уншсан.

 

-Манай улстай холбоотой хэд, хэдэн ноцтой зүйлийг ярьсан байна билээ. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?


-Хулгайлагдсан хүний асуудлыг сонирхож байгаа гэсэн байна билээ. Тэр бол цэвэр тэр улс, тэр хүний асуудал. Харин Монголын нутаг дэвсгэрт болсон явдлыг шалгах нь бидний дотоод асуудал. Түүнээс Турк улс тэр хүнээ яаж боддог, яаж үзэх нь бидэнд хамаагүй. 

 

-Та болсон үйл явдлыг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?


-Болсон асуудал нь энгийн. Өглөө хүн хулгайлагдсан гэх мэдээлэл авсан. Хойноос нь прокурорын зөвшөөрөлтэй цагдаа нар ажиллагаа явуулсан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн. Энэ бол цаг хугацааны явцад болж өнгөрсөн үйл явдал. Нарийн зүйлийг нь цагдаа нар хийж байна. Бусад нь нарийн төвөгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал. Тиймээс би дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. 

 

-Шалгалтын ажиллагаа ямар шатандаа явна вэ?


-Цагдаагийн байгууллага прокурорт танилцуулж, тодорхой ажлыг хийсэн. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Ирсэн онгоц нь буцсан. Хулгайлагдсан хүнийг нь шалгасан. Хяналт, шалгалтын процесс үргэлжилж байна. 

 

-Гэхдээ Туркийн Элчин сайдын яамны гурван ажилтанг байцаасан гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?


-Надад нарийн мэдээлэл алга. 

 

-Дээрх үйл явдалд манай тагнуулын байгууллагаас оролцсон гэх мэдээлэл Туркийн хэвлэлд гарсан байна лээ?


-Туркийн хэвлэлд юу гарахыг би яаж мэдэх билээ. Ер нь, тийм хардлага нэлээд байгаа шүү дээ.