Орон нутаг, хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээлээ
Монгол Улсад CoVid19 халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 11-нээс орон нутаг, хот хоорондын тээвэр, автозамын зорчих хөдөлгөөнийг хаасан билээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн хүчинтэй хугацаа өнөөдөр буюу 16-ны өдрийн 07:00 цагаар дуусч, зоричх хөдөлгөөнийг нээж байна. Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу.
Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах бөгөөд тухайн хэсгүүдэдхөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээгдэж байна. Өнөөдрөөс эхлэн үйлчилгээний газрууд болох үсчин, гоо сайхан, "Өгөөмөр", "Нарантуул", Барилгын зах, төвүүд зэрэг бараа үйлчилгээний газрууд хэвийн горимоор ажиллана.