Москва, Берлин, Токиод буй иргэдээ өнөөдөр авчирна
"Чингис хаан" нисэх буудалд тусгай үүргийн онгоц газардаад байна. Энэхүү нислэг нь Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нислэг үйлдсэн тусгай үүргийн онгоц юм. Нийтдээ 231 зорчигч иржээ. Сануулахад, тусгай үүргийн нислэгээр эхний удаад ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эх, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг авчирч буй юм. Өчигдөр БНСУ-аас 244 иргэн ирсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төв, "Энх саран" сувилал, Цэргийн төв эмнэлэгт тус бүр тусгаарлан, хяналтад аваад байгаа.
Москва, Берлин, Токиод буй иргэдээ өнөөдөр авчирна
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.
Эхний ээлжинд өчигдөр /2020.03.15/ БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирсан.
Тэгвэл Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг өнөөдөр /2020.03.16/ 02.50 цагт ОХУ-ын Москва хотоос хөөрсөн бөгөөд 08.20 цагт Улаанбаатарт газардана. Уг нислэгээр 231 монгол иргэн эх орондоо ирнэ.
Мөн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт хийх хуваарь гарч, бэлтгэл ажлыг хангажээ.
Харин Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна.
Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна. Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм.
Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна.
Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ