БНСУ болон Японоос иргэдээ авахаар болжээ
Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр /2020.03.10/ хуралдсан билээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Турк, ОХУ-аас дамжин ирэх иргэдээ МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж авна.Мөн Япон, БНСУ-т байгаа өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүс, эмчилгээтэй байсан мөн жирэмсэн эхчүүдийг эхний ээлжид авчирна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Япон болон БНСУ-д байгаа монгол иргэдээ яг хэзээ эх оронд нь авчрах нарийн хугацаа нь гараагүй байна. Тодорхой шийдвэрүүд гарахаар иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.
Албан бус мэдээллээр БНСУ-аас 300, Японоос 100 гаруй иргэнээ ойрын хугацаанд авчирна гэх мэдээлэл байна.