ЭМЯ: 23 хүний шинжилгээ сөрөг гарч, 98 хүнд үзлэг хийж байна

Нийтэлсэн: Админ 2020-03-11 13:13:54

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.11/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “ Өнөөдөр өглөө Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 107 хүнээс 70 хүнийг тусгаарлан  тандалт судалгаа авч байна. Эдгээрээс Бага баянгийн амралтад 31 хүн, ХӨСҮТ-д есөн хүнийг  тусгаарлан ажиглалтыг үргэлжлүүлж байна. Дархан-Уул аймагт орж ирсэн нэг тохиолдол шинээр  нэмэгдсэнийг тооцвол  нийтдээ 63 хүн хяналтад  байна. Харин Сэлэнгэ аймагт 65 хүн ажиглалтад  16 хүн тусгаарлагдсан. Эдгээр хүмүүсийн биеийн  байдал хэвийн.  Нэгдүгээр сараас хойш 1206 тохиолдлыг тусгаарлан хяналтад авсан  бөгөөд өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Харин батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох  171 хүн байгаа. Өнөөдөр өглөө  09.30 цагт батлагдсан  тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлэн авчирсан. Тухайн хүний биеийн байдал нь тогтвортой, уушгиндаа нэвчистэй гэх  шинж тэмдэгтэй бөгөөд эмчилгээ хийлгэж байна" гэв. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр /2020.03.10/ мэдээлэл өгснөөс хойших 24 цагт дэлхийн 14 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнд, Турк, Гвеней, Ямайка, Монгол Улс гэсэн таван оронд шинээр бүртгэгдсэн. БНСУ, Итали, Иранд өвчлөл голомтлон эрчтэй тархаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр АНУ-д өвчлөлийн тархалт өндөр байна. Ялангуяа Японд өчигдөр 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өвчлөл гарснаас хойш хамгийн олон тохиолдол гарсан өдөр болсон байна. Тиймээс олон нийтийн арга хэмжээ, соёл, спортын арга хэмжээг цуцалжээ. Бид цаашдаа цахимаар мэдээлэл өгөх арга хэмжээнд шилжинэ. Өчигдөр өглөө ДЭМБ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Уг хурлаар коронавирусийн халдвар дэгдэлтээс гарч цар тахлын хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Гэхдээ дэлхий дахинд хяналтандаа авч чадах цар тахал болох байх гэсэн мэдээллийг хийсэн байна” гэв. Мөн энэ үеэр  ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 109 улсад 113702 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж нийт нас баралтын тоо 4012 болсон. Шинээр Бруней, Монгол зэрэг 5 оронд COVID-19-ын халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 17 нас баралт шинээр бүртгэгдсэн.БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, буурах хандлагатай байна. Нийт 180 гаруй мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн. Тэдгээрийн 89 хувьд нь халдвар илрээгүй.Италид 1780 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт тохиолдлын тоо 10 мянган давсан. Нас барсан хүний тоо 631 хүрч хоногт 166 хүн нас барсан. Хөл хориог өчигдөр орон даяар хийх шийдвэр гарсан. ДЭМБ-аас олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл тараах, айдас, түгшүүрт автуулахгүй байхыг анхааруулсаар байна” гэв.
 
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 2020 оны гуравдугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн хариу гарахад коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарч байгаа юм. Мөн энэ өдөр ХӨСҮТ-д дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Мөн ХӨСҮТ-д ажиглалтад 103 хүн, Жаргалант сувилалд зургаа, “Асралт Мед” эмнэлэгт 23 буюу нийт 132 хүнийг тусгаарлалтад аваад байна. Монгол эмч франц иргэнийг эмчилж чадвараа харуулах ёстой. Өвчтэй хүнийг ад үзэж болохгүй. Өвчин хөгшин залуу, гадаад монгол гэж ялгахгүй шүү дээ. Бид сэтгэл санаагаа нэгтгэж бие биедээ урам өгч ажиллацгаая” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Франц иргэний үйлчлүүлсэн газруудыг ариутгал хийсэн гэсэн. Цаашид нэмэлт арга хэмжээ авах уу?

-Франц Улсын иргэнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн цагаас эхлэн ХӨСҮТ болон Зооноз өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ мэргэжлийн бүх арга хэмжээг авч ажилласан. Ялангуяа ЗӨСҮТ 18 объектод голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг арга хэмжээг зохион байгуулсан. Тиймээс Франц иргэний орсон газрууд аюултай гэж үзэх хэрэггүй.

-ДЭМБ-ын ажилтнуудыг 14 хоног тусгаарлахгүй байсан юм уу?

-ДЭМБ-ын зөвлөхүүд монголд ирж ажилласан. Тус зөвлөх баг нь өндөр зэрэглэлийн мэдлэгтэй мэргэжилтнүүд юм. Өдөр бүр өөрсдийнхөө халууныг үзэж биеийн байдлыг хянаж байгаа. Бусдын тусламжийг авчхаад муулах нь монгол хүний ёсонд нийцэхгүй. Мэргэжилтнүүд шинжилгээнд ороход коронавирус илрээгүй. Тэд тусламжаа ажилттай үзүүлээд үүргээ гүйцэтгэсэн учраас өнөөдөр өглөө нутаг буцсан.

-Франц иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийн биеийн байдал хэр байгаа вэ?

-Өчигдөр нийтдээ 338 хүнээс асуумж судалгаа авсан байна. Үүнээс 171 хүнийг ойрын хавьтал гэж үзсэнээс Улаанбаатарт 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Орхон, Сэлэнгэ, Увс аймаг Налайх дүүрэгт хүмүүс мөн тусгаарлагдсан. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авсан. Хариу нь хараахан гараагүй байна. Дорноговь аймагт вагонд сууж явсан 28 хүн аймгийнхаа төвд ажиглалтад байна. Франц иргэний кемп дээр нь 64 хүнийг ойрын хавьтлаар нь тооцон тусгаарласан. Нийтдээ 171 хүн; шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Үүнээс урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдөр Франц иргэнээс ахин гүнзгийрүүлсэн судалгаа авна. Хавьтсан хүмүүсийн хавьтал гэх зэргээр ахиад цаашаагаа судална