ТАНИЛЦ: Халдвар илэрсэн Франц иргэний нийслэлээр явсан дэлгэрэнгүй маршрут
ОХУ-ын "Аэрофлот"-оор энэ сарын 02-нд ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусний халдвар тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулж онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоожээ. Монголд ажилладаг Францын 57 настай иргэн харьж, 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд иржээ. Ирсэн даруйд нь өөрийгөө 14 хоног тусгаарлахыг хэлсэн ч үл тоож бусад газраар явсныг албаныхан тогтоогоод байгаа юм. Мөн шинж тэмдэг илэрснээс хойш нэгдүгээр хавьтлын хүмүүсийг цагдаа, тагнуулынхан тогтоожээ. Үүнтэй холбогдуулж, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс энэ 16-ний даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглоод байна. Мөн орон нутгийн нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 17-ныг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргажээ.
Бидэнд олдсон мэдээллээр Францын иргэн Монголд ирсэн эхний өдөртөө Баянгол зочид буудалд буужээ. Тэрбээр ICC towerт ажилласан байна. Мөн Төв номын сангийн урд талын KFC-ээс хоол захиалж, идээд өрөөндөө ирж амаржээ.
Харин хоёр дахь өдөр буюу энэ сарын 2-нд Улаанбаатарт байрлах оффис руугаа алхаж явсан байна. Өдөр нь Веранда ресторонд хоол идээд оройн хоолоо өрөөндөө захиалжээ. Энэ мэтчилэн Улаанбаатарт ажилласан тэрбээр энэ сарын 6-нд оффис руугаа явж ажиллаад галт тэрэгний буудал руу таксигаар явжээ.
Улмаар Улаанбаатар-Сайншанд 286 дугаар галт тэрэг, 10 дугаар вагоноор Дорноговь аймгийг зорьжээ. Түүнийг хээрийн ангийн жолооч тосчээ. Албаныхны хэлж буйгаар иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байхыг уриалж байна.