Мобиком Корпораци ХХК-иас 70 сая төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүн хандивлалаа

Нийтэлсэн: Админ 2020-03-06 14:39:18

Мобиком Корпораци ХХК нь дэлхийн 80 гаруй оронд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд цаг наргүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид, эмч эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд, Онцгой байдлын ажилтнууд, холбогдох хяналтын төвүүдийн мэргэжилтнүүдэд хандив өргөлөө. Хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада өнөөдөр гардуулан өгсөн юм.

Онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчид нь хоорондын харилцаа холбоогоо тасалдуулахгүй байж, мэдээ мэдээллээ тогтмол цаг алдалгүй солилцох, иргэдэд мэдээлэл хүргэн ажиллах нэн шаардлагатай бөгөөд эдгээр чухал хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэх зорилгоор Мобиком Корпораци ХХК нь 70 сая төгрөгийн өртөг бүхий 10’000 ширхэг 7000₮-ийн “Хайр түгээе” цэнэглэгч картаа хандивлалаа. “Хайр түгээе” карт нь нэгж, дата зэрэг хэрэглээний эрхүүдтэйгээс гадна Мобикомын Дараа төлбөрт, Урьдчилсан төлбөрт, Хосолсон төлбөрт бүх үйлчилгээний хэрэглэгч ашиглаж болох давуу талтай юм.

 

 

Үүний зэрэгцээгээр хорио цээрийн хугацаа дуустал буюу 2020 оны 3 дугаар сарын 31 хүртэл уг картыг Мобикомын онлайн сувгууд, Агент, Гэрээт борлуулагчдаас худалдан авах боломжтой ба эдгээр хэрэглэгчдийн худалдан авалтын 10%-ийн орлогыг Мобиком Корпораци ХХК нь COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан хандивлахаар төлөвлөсөн байна. 

Мөн Мобиком Корпораци ХХК-иас Манай интернэт үйлчилгээний болон Мобинет өрхийн интернэтийн одоогийн хэрэглэгчдийн 2020 оны 3 дугаар сарын төлбөрийн суурь хураамжийг 50% хөнгөлөх болсныг дуулгахад таатай байна. Ингэснээр хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж байгаа иргэд, онлайн хичээл үзэж байгаа оюутан сурагчид маань гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдэж байгаа юм. Харин 3 дугаар сарын 10-наас хойш Манай интернэт болон Мобинет өрхийн интернэтийн шинэ хэрэглэгч болсон тохиолдолд 3 дугаар сарын төлбөрийг мөн адил 50% хөнгөлөх аж. 

Иймд иргэд та бүхэн чухал шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, Мобиком Корпорациас олгож буй эдгээр нээлттэй боломжуудыг ашиглан өөрийгөө болон гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.