Өнөөдрөөс Замын-Үүд боомтоор нүүрс гаргаж эхэллээ
Коронавирусийн халдвараас шалтгаалж түр зогсоод байсан манай улсын нүүрсний экспорт эхэлж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын аюулгүй байдлыг ханган БНХАУ руу гарч эхэлжээ.
Сануулахад, нүүрс, газрын тос, бусад ашигт малтмалын экспортыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэлийг сайтар хангасан нөхцөлд энэ хугацаанаас өмнө экспортыг эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл Замын-Үүд боомтоор нүүрсээ өнөөдрөөс гаргаж эхэлж байна.
Тодотгоход, “Эрдэнэс -Тавантолгой” компани 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш экспорт түр зогсох хүртэл 1.6 сая тонн нүүрс экспортолсон байсан.
2019 онд тус компани 16.1 сая тонн нүүрс олборлож, оны сүүлийн өдөр гэхэд 13.7 сая тонн нүүрс экспортолсон байсан. Тодруулбал, 12 сарын дунджаар тооцвол сард 1.1 сая тонн нүүрс экспортод гаргасан гэсэн үг. Тэгэхээр он гарсаар 60 хоногийн хугацаанд экспортолсон нүүрсний хэмжээ хоёр сарын дундаж болох 2 сая тонноос 400 мянган тонноор бага байсан байна.