УОК: Цагаан сарыг цуцлах саналыг ҮАБЗ-д танилцуулна
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
-Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Коронавирусttс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд тархалт өндөр байгаа нь хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой. Хятад улсад Цагаан сарын баярын үеэр хөл хөдөлгөөнийг хорьж чадаагүйгээс тархалт өндөр байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс хөдөлгөөнийг зогсоохын тулд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг хуулийн дагуу гаргана. Хуулийн дагуу Ерөнхийлөгчид хүсэлтээ өгөх болов уу.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ГАРГАСАН БУСАД ШИЙДВЭРҮҮД:
- Мөн коронавирусийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн хэрэгслийг авах шаардлагатай хөрөнгийг шийдсэн учраас энэ ажлыг яаравчлах санал гаргав.
- Түүнчлэн ХӨСҮТ, Цэргийн госпитал, ОБЕГ-ын харьяа сувилал зэргийг бэлэн байдалд бэлтгэх үүргийг Улсын онцгой комиссоос өглөө.
- Түүнээс гадна нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл цуцлах шийдвэр гаргав.
- Хуулийн байгууллагын харьяа оёдлын үйлдвэрүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт амны хаалт нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах.
Ийнхүү Онцгой комиссын хурал дууссан бөгөөд яг одоо ҮАБЗ хуралдах юм байна.
УОК: ЦАГААН САРЫН БАЯРЫГ ЦУЦЛАХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдлаа. Хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтод ажилласан ажлын хэсгийн мэдээлэл болон коронавирусийн үед тусгай эмнэлэг гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэв. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт, сумдад вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгасан байна. Вирус илэрсэн тохиолдолд тусгаарлах байруудыг сонгох, урьдчилан сэргийлэх ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Нийт 5500 гаруй зорчигч нэвтэрсэн байна. Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор Эрээн хотод бөөгнөрөл үүссэн учраас 1780 иргэнийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.
АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ОБЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Г.АРИУНБУЯН:
-Замын-Үүд боомтод ажиллаж байгаа иргэдэд нөхөн олговор олгох, боомт дээрх ариутгалын бодис, тоног төхөөрөмжийн зардлыг нэмэгдүүлэх саналыг гаргасан бөгөөд 3-4 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Өмнөговь аймагт шуурхай ажлын хэсэг ажиллуулж, эргүүл хийн ажиллаж байна. Өдөрт дунджаар 60-80 тээвэр хийж байгаа. Хилийн бүсээс 100-180 км зайтай коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үүрэг өгсөн. Орон нутгаас нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан бөгөөд цаашид тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, түргэн тусламжийн автомашинтай болгох санал гаргажээ. Ажлын хэсэг хамгийн сүүлд Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд шалгалт хийсэн. нэгдүгээр сарын 28-аас хойш 78 орны 11 мянга орчим иргэн нэвтэрсэн бөгөөд үзлэг шалгалт, халууныг хэмжилт хийсэн. Буянт-Ухаа хилийн боомтод хамгаалах хэрэгсэл, зайнаас халуун хэмжигчийн нөөцийн нэмэгдүүлэх, тусгаарлах өрөөны тоог нэмэгдүүлэх санал гаргажээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-2020 оны нэгдүгээр сарын 3-нд коронавирусийн мэдээлэл ирүүлснээс хойш Эрүүл мэндийн салбар цаг наргүй ажиллаж байна. ДЭМБ, БНХАУ-ын албан ёсны мэдээллийг үндэслэн ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгч байгаа. БНХАУ-ын 31 мужид коронавирусийн тохиолдол, Эрээн хотод 39 тохиолдол ирэрсэн. Мөн Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрүүл мэндийн салбар халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа. ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр зөвхөн Хятад иргэд биш бусад орны иргэд ч өвчилсөн. 2-14 хоногийн нууц байдалтай халдвар явж, халдварын шинж тэмдэг илрээгүй хэрнээ бусдад халдвар тарааж байгаа тохиолдол илэрсэн. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр ажиллаж байна. 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна. Мөн коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулаагүй ч Япон улсад үйлдвэрлэгдсэн 200 оношлуурыг авсан, маргааш 500 ширхэг оношлуур Монгол Улсад ирж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн. Мөн халдварын үеийн оношлогооны аппарат, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг 4,2 тэрбум төгрөгийг эхнээс нь хийж эхэлж байна. Хэрэв коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд Цэргийн коспитал, "Асралт мэйд" зэрэг хувийн эмнэлэг халдварын үед ашиглах саналуудыг ярьсан. Мөн ХӨСҮТ 200 гаруй ор бэлэн байгаа. Урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой юм. Мөн хотын захад ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс Сар шинийн баярыг коронавирусийн халдварын үед тэмдэглэхгүй байх санаачлага гаргахад 80 гаруй хувь нь дэмжиж байна лээ. БНХАУ-д ч коронавирусийн тархалт Цагаан сарын баяраар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тиймээс бид ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлыг бас шийдэх нь зөв болов уу гэсэн саналыг гаргасан юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
-Боомтуудад ажилласан ажлын хэсгийн мэдээллийг сонсоход ажиллаж дөрвөн боомтод ажилласан дүнг сонслоо. Тавьж буй асуудлуудаас нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хугацаагаар түр зогсоох саналыг орон нутгаас болон иргэд, нүүрс тээвэрлэгч нарын зүгээс тавьсан байна. Мөн Цагаан сарын баярыг хориглох нь зүйтэй гэсэн саналыг мөн Онцгой комисс хэлэлцэж, холбогдох албаныханд шийдвэрээ хүргүүлэх юм.
Мөн Улсын комиссын хуралдааны үеэр маскны нөөц багатай байгаа учраас үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байгаа учраас маск оёж болдог бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэлийг нь шийдэж, үнийг нь барих, хуулийн байгууллагын оёдлын үйлдвэрүүд байгаа учраас маск үйлдвэрлэж, аптекуудаар нийлүүлэх хувилбарууд байгаа юм байна. Түүнээс гадна нүүрс тээвэрлэлтийг зогсоож, баяжмалыг хилээр нэвтрүүлэх ажлыг хэвийн үргэлжүүлэх санал гаргалаа.
Улсын онцгой комиссын хурал үргэлжилж байна.