ЗГ: Хятадаар дамжин ирж буй гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
- Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-н хүртэл нэвтрүүлнэ.
- Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
- Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.
ҮАБЗ-ийн хуралдаан дуусч, Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанаар ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх гэж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ Хилийг хэсэгчлэн зохион байгуулалттай, өндөржүүлсэн бэлэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлага гарч байна. Ингэхдээ иргэдийн зорчих, орох, гарах эсэхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ. Харин хүнсний импорт тасрахгүй. Мөн БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудаа маргааш авчрахаар болсон бөгөөд ХӨСҮТ-д хэсэг хугацаанд хяналт тавихаар бэлтгэл ажлаа базаасан. Засгийн газрын зүгээс нэг сувгаар бодит мэдээллийг өгөх бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийнхэн бас хамтарч ажиллаасай гэж хүсч байна" гэлээ.
ҮАБЗ, ЗГ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУРАЛДАНА
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ өнөөдөр /2020.01.31/ 12.00 цагт цаг үеийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Давосын Эдийн засгийн чуулганд оролцоод, Норвеги улсад айлчаад өнөөдөр эх орондоо ирж байгаа юм.
- БНХАУ-ын коронавирусийн тархалт өндөр байгаа, ДЭМБ-ээс дэлхийн хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргаад байгаа бөгөөд Монгол Улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглох зэрэг шийдвэрүүдийг гаргаад байгаа юм.
- Мөн Засгийн газар ээлжит бусаар цаг үеийн нөхцөл байдлаар хуралдах юм байна.