“Хаан хүнс” компани Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллана

Нийтэлсэн: Админ 2020-01-31 15:04:15
 Үндэсний манлай үйдвэр “Хаан хүнс” компани, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Энэ ёслолд “Хаан хүнс” компанийн ерөнхий захирал Б.Энхболд, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар нар оролцож, гурван жил хамтран ажиллахаа дуулгав.

 

“Хаан хүнс” компани жүдо бөхийн 2021, 2022 оны УАШТ болон дөрөвдүгээр сард манай эх оронд болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ тэмцээнд 50 орчим орны 450 гаруй тамирчин оролцох аж.

“Хаан хүнс” компани нь Монголын жүдо бөхийн өсвөр, залуучууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллах хугацаандаа нийт 140 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр мэдэгдсэн юм.

 

Б.Жаргал