Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус чуулганыг зохион байгуулдаг “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын ерөнхийлөгч ноён Бөргэ Брендийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Геополитикийн асуудлаар голчлон ярилцсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбосон Монгол Улсын автозам, өдгөө өргөжиж буй төмөр замын сүлжээний талаар болон Монгол Улс дахь эрчим хүчний нөөц боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Нар, салхины эх үүсвэр бүхий цахилгаан үйлдвэрлэлээр дамжуулан Зүүн хойд Азид хямд эрчим хүч нийлүүлэх “Супер сүлжээ” санаачилга нь бүс нутгийн хэмжээнд сонирхол татахуйц, мөн Монгол Улсын дэд бүтэц нь Евразийг холбосон чухал зангилаа гэдэгтэй ноён Бөргэ Брэнд санал нэгдсэн юм. Улмаар Индонез улсын Жакарта хотод зохион байгуулахаар төлөвлөж буй “Зуны Давос”-ын үеэр дэд бүтэц болоод эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулалт татах, улс орны оролцоог нэмэгдүүлэх үүднээс тусгайлан салбар хуралдаан зохион байгуулах асуудлаар ярилцаж, тохиролцов.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN