Ослын шалтгааныг хамгийн сайн мэдэх хүн нь Б.Сэмжидмаа дарга уу?!

Нийтэлсэн: Админ 2020-01-20 11:32:00

Ланд-200 маркийн автомашин зам тээврийн ноцтой осол гаргаж, нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарчээ. Хачирхалтай нь, 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эзэмшлийн 00-43 УБН улсын дугаартай автомашин байсан тухай мэдээлэл гараад байна.

Хэргийн тухай сийрүүлбэл,  өнгөрсөн сарын 30-ны 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын 2-р баг, Орхон голын орчимд 00-43 УБН улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ, гүйцэж түрүүлсэн автомашинаа шүргэж, эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota Voltz” маркийн автомашиныг мөргөжээ. Үүний улмаас “Toyota Voltz” маркийн автомашинд зорчиж явсан иргэн Г газар дээрээ нас барж, талийгаачийн нөхөр буюу жолооч нь тархины хүнд гэмтэл авчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан Ланд-200 маркийн автомашин нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Улаанбаатар хотод унадаг автомашин гэнэ. осол гарах үеэр тус автомашинд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар  хот дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа, түүний нөхөр болоод жолоочийн хамт гурвуулаа зорчиж явжээ.

Мөн тэд ослын дараа хүмүүсийн хөл хөдөлгөөн болох үеэр автомашиныхаа улсын дугаарыг тайлж авсан, осолдсон иргэдэд тусламж үзүүлээгүй, утсаар яриад сууж байсныг гэрчүүд хэлжээ. Энэ үеэр талийгчийн нөхөр автомашиндаа хавчуулагдчихаад гарч чадахгүй, тусламж эрэхэд нэг ч хүн гарч ирээгүй байна. Сүүлд нь онцгой байдлынхан ирж автомашиныг нь тайрч хохирогчдыг гаргаж авчээ.

Мөн цагдаад осол гаргасан автомашины арын суудалд сууж явсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа болон түүний нөхөр “Бид энэ жолоочийг танихгүй. Замын хүмүүс. Зүгээр дайгдаж явсан юм” гэж хэлсэн гэнэ. Хачирхалтай нь осол болсон газарт Эрдэнэтээс автомашин очиж, арын тээшний хэсгээс маш их хэмжээний үнэтэй архи дарс, ундаа пиво шилжүүлэн ачихыг гэрчүүд харсан тухай мэдээлэл байна.

Осолд нэр дурдагдаад байгаа “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нь  нөхрийн хамт шинэ жилийн үйл ажиллагаанд явж байсан гэнэ. Хохирогчдын хувьд, осол гарах үед Улаанбаатар хотод байдаг хүүхдүүд дээрээ очиж шинэ он гаргахаар явж байжээ. Эрдэнэт хотын “100 айл” худалдааны төвд лангуу түрээсэлж, барилгын материалын бичил бизнес эрхэлдэг хүмүүс аж. Одоогийн байдлаар осол гаргасан этгээдүүд нэг удаа жолоочоо явуулснаар бусдаар өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэрийнхэнтэй огт уулзаагүй байгаа юм байна.

 

Хэрэгт нэр холбогдсон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа нь МАН-ын гишүүн. НАМЭХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2019 онд сонгогджээ. Тэрбээр 2016 онд Баянгол дүүргийн ИТХ-ын 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин, өрсөлдөж ялагдаж байсан нэгэн юм байна.