Бор-Өндөрийн уурхай өнгөрсөн онд 34 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий аймгийн Бор Өндөр суманд үргэлжилж байна. Сумын нутаг дэвсгэрт “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр” 200 метрийн гүнд олборлолт явуулж байна. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлодог бөгөөд жилд 300.000 тонныг олборлох хүчин чадалтай. Сүүлийн таван жилийн хугацааны хагаст нь сул зогссон ч 2017 оноос олборлолтоо сэргээж, технологийн зарим нэг шинэчлэл хийсэн байна. Жоншны чанарын агууламж нь буурсаар өдгөө 26.76 хувьтай болсон. Гэхдээ хүдрээ баяжуулах үйлдвэрт угаан 90-95 хувийн чанарын агууламжтай болгодог байна. Одоогийн хүчин чадлаар олборлох юм бол ердөө гурван жилийн дараа нөөц нь дуусна. Хэрвээ Зүүн Цагаан дэлийн ордын техник, эдийн засгийн үндэслэл батлагдвал дор хаяж 10-15 жил олборлолт хийх боломжтойг мэргэжилтнүүд хэллээ. Бор-Өндөрийн уурхайд 1200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд дундаж нас нь 30-35 байгаа тухай Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба танилцуулав.