“Дува” наадмын шилдэг киногоор “Нарны хүн” тодорлоо
Өнгөрсөн оны хувьд “Амьдрал сайхан” загасчны гэр бүлийн тухай бүтээл тэргүүн байрыг хүртсэн юм. Уг бүтээлийг чансаатай уран бүтээл болсон гэж шүүгчдийн зүгээс сайшаасан бөгөөд анхдугаар тэмцээн гэхэд уран бүтээлчдийн сэтгэлгээ сайн байгааг онцолж байсан нь саяхан мэт санагдана. Харин энэ удаагийн “Дува” богино хэмжээний кино наадамд 10 орчим уран бүтээл оролцсноос гадна цомын загвар нь ихээхэн сонирхол татахуйцаар шинэчлэгджээ.
Энэ талаар тус кино наадмын шүүгч, найруулагч С.Мягмар “Бид гайхалтай уран бүтээлээр цомоо болгон жигүүрлэж байгаад баяртай байна. Дэлхийн хэмжээний уран бүтээл энэ наадмын жигүүр, уриа болж байна. “Дува бол духан дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бөлгөө” гэж Монголын нууц товчоонд гардаг. Энэ нь тодорхой нэг бүтээлийн өнцгийг нь олоод хийчихсэн үг. Дува наадам сайхан үргэлжилж байна. Богино хугацаанд богино хэмжээний бүтээл бүтээнэ гэдэг сэтгэлгээний асар их хурд, өндөр эрчмийг шаарддаг. Бид эндээс ирээдүйн кино уран бүтээлчдийг хайж байна. Энэ удаагийн наадамд шүүгчид ярилцаж байгаад нэг бүтээлийг шалгаруулсан. Энэ нь бусад бүтээлтэй жиших аргагүй сайн бүтээл болсон байна лээ. Гэхдээ бусад уран бүтээлийг муу гэж хэлээгүй шүү. Учир нь уран бүтээлчдийн сэтгэлгээ улам тэлсээр байна” хэмээсэн юм.
“Дува” кино наадмын тэмцээн ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн наадмын хувьд богино хугацаанд зохиогдсон учраас цөөн уран бүтээл ирсэн, мөн ирүүлсэн бүтээлүүд ижил түвшнийх байсан учраас ганцхан байр шалгаруулсаныг шүүгчдийн зүгээс хэлэв.
Ингээд наадмын ээлжит уралдааны шилдэгээр шалгарсан уран бүтээлийг шүүгчид зарлах мөчид зочид бүгд сэтгэгдэл доглон хүлээсэн юм. Шилдэгээр шалгарсан бүтээл бол “Нарны хүн” богино хэмжээний бүтээл аж. Уг бүтээл нь дауны синдромтой хүүхдүүдийн дотоод ертөнцөөр аялуулсан бөгөөд тус хүүхдүүдийн талаар нийгэмд эерэг хандлага бий болгосон бүтээл байв. Хэдий харагдах байдлаасаа жаахан өөр ч гэлээ тэдний дотоод сэтгэл сайн сайхны төлөө цохилж, үргэлж гэгээлэг байдаг гэдгийг тус киногоор дамжуулж илэрхийлсэн нь үзэгчдэд маш их таалагдсан юм. Тиймдээ ч дауны синдромтой хүүхдүүдийг дэлхий нийтээр “Нарны хүн” хэмээн нэрийддэг биз ээ.
Тус бүтээлийн зохиолыг Б.Цэдэвсүрэн бичиж, Э.Батзаяа найруулжээ. Мөн зураглаач, эвлүүлэгчээр Г.Чинзориг ажилласан байна. Зохиолыг бичсэн Б.Цэдэвсүрэн “Дауны синдром гэдэг нь хүний 21 хромсом төрхөөсөө гурвалсан байдгаас үүдэн царай төрх, бие, оюуны хөгжилд хоцрогдмол шинж тэмдэг илэрдэг юм. Энэ хүмүүс хэзээ ч өөрсдийгөө өөр гэж боддоггүй. Бусад хүмүүс тэднийг ямар сонин царайтай юм бэ гэж харахад, тэдгээр хүмүүс эсрэгээрээ намайг хөөрхөн гэж харж байгаа юм байна гэж боддог. Тийм л гэгээлэг хүмүүс. Тиймээс бидний дунд амьдарч байгаа тэдгээр хүмүүсийг нийгмийг гэрэл гэгээтэй болгох учиртай хүмүүс гэж дэлхий нийтээрээ үздэг. Гэхдээ энэ сэтгэлгээ манай улсад одоогоор суугаагүй учраас уг бүтээлээрээ дамжуулан бага ч гэсэн дохио өгье, ганц ч гэсэн хүнд дуу хоолойгоо хүргэе гэж зохиолоо бичсэн” гэв.
“Дува” богино хэмжээний наадмын шүүгчээр найруулагч, зураач С.Мягмар, СГЗ, МУАЖ найруулагч Г.Жигжидсүрэн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар ажиллаа.