Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн “Хүүхдийн уншлагын танхим”-ыг 55 сая төгрөгөөр тохижуулжээ
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн "Хүүхдийн уншлагын танхим"-ыг Олон улсын жишигт нийцүүлэн бүрэн засвар хийж тохижуулжээ. Энэхүү засвар, тохижуулалтын ажлыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны буцалтгүй тусламжийн хүрээнд 55 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус танхим нь 7000 гаруй номтой уншлагын болон гэр бүлийн уншлагын танхимтай аж. Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын уг үндэс нь анх 1979 оны тавдугаар сарын 25-нд Монголын Залуучуудын Эвлэлийн төв хорооны харъяаны Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр “Хүүхдийн төв номын сан” гэсэн нэрээр 20 мянга гаруй номтойгоор байгуулагдсан билээ. Хүүхдийн төв номын сан нь хүүхэд залуучуудын дунд номоор үйлчлэхээс гадна ном сурталчилгааны хамгийн өргөн хүрээтэй төрөл бүрийн соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг бөгөөд ахлах болон бага, дунд гэсэн ангийн танхим, сурах бичгийн өрөө, үндсэн фонд, тогтмол хэвлэлийн өрөө, үлгэрийн танхим, хөгжмийн өрөө гэх мэт зургаан танхимтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Номын сангийн ажилд идэвхтэй оролцож, олон ном уншиж хичээл сурлага, ажил хөдөлмөртөө үр бүтээлтэй ашигласан сурагчдад номын сангаас “Номын сайн нөхөр” тэмдэг, үнэмлэх олгодог байна.