Д.Мөнххүү: Малын хулгайн гэмт хэрэг ихсэн шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл махны үнэ өссөнтэй холбоотой

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-04 13:52:30

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх малчдын чуулган боллоо. Энэ үеэр Дорнод аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, хошууч Д.Мөнххүүгээс дараах зүйлийг тодрууллаа.


-Дорнод аймагт малын хулгайн гэмт хэргийн гаралт ихэссэн байна лээ. Яагаад буурахгүй байна вэ?

-Малын хулгайн гэмт хэргийг өмнөх жилтэй харьцуулахад 37 нэгж буюу 50 хувиар өссөн. Шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой. Мөн махны үнэ өссөн гээд олон хүчин зүйл нөлөөлж байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Дорнод аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлөөс 14 сумын малчин, Улаанбаатар хотын болон Төв аймгийн Лүн сумын бүлэг хоршоог судлах чиглэлээр ажилласан. Ингэж ажиллах хугацаанд Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ХААБХ-ны газрын дарга Х.Болорчулууны санаачилгаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл заалт болон Малын хулгайн тухай хуульд өөрчлөлт оруулах зүйл заалтыг байнгын хороогоор хэлцэгдэж байна. Малын хулгайн гэмт хэрэг өссөн шалтгаан нь Эрүүгийн хуулийн 17.12-т зааснаар 24 тооны богоос дээш, найман тооны бодоос дээш мал хулгайлсан хэргийг олон тооны мал хулгайлсан гэж хүндрүүлэх байдлаар авч үзэж байгаа.

Энэ хуульд өөрчлөлт орсноор хоёр бодоос дээш, таван богоос дээш мал хулгайлсан мөн тээврийн хэрэгсэл болон галт зэвсэг ашигласан, бүлэглэн зохион байгуулалттай мал хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үздэг болно. Мөн Зундуйн Дорж гуайн зээ дүү, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазар малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зүүн бүсээс анхны ажлаа эхэлж байна. Энэ арга хэмжээнд нийт сумдын Засаг дарга, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн оролцон малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр том ажил өрнүүлж байгаад баяртай байна.