Зөвшөөрөлгүй шонхор, ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу авто тээвэр шалган бүртгэх товчоод, хяналтын цэгүүдэд тус газрын улсын /ахлах/ байцаагчид, эргүүл хяналтын ажилтнууд тогтмол хяналт шалгалт хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид өчигдөр орой 04-34 УНЦ улсын дугаартай, тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 бодгаль ногтруу шувуу тээвэрлэж явсныг илрүүлж ажиллалаа. Дээрх зөвшөөрөлгүйгээр идлэг шонхор шувуу барьсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харъяаллын дагуу шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүллээ.