Нэвтрэх Бүртгүүлэх
 
Озэки Кайо зодог тайллаа
d3d2c42f0c1ad46088cb15043d35e12d_x3-525.jpg
7 жил 2 сарын өмнө | Түгээх :
0 Санал өгөх
Харүмафүжитэй хамт башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан ёкозүна Хакүхо озэки цол горилогч Котошёогикүд ёрикири мэхээр ялагдан, хошуучлагчдын эгнээнээс нэхэгчдийн багт шилжив.
Гэхдээ Нагоя башёгийн гол дуулиан нь мэргэжлийн сүмод хамгийн их буюу 1047 ялалт байгуулж, дээд амжилт тогтоосон озэки Кайо зодог тайлсан явдал юм.Сүмогийн түүхийг шинэчлэн бичсэн рекорд амжилт тогтоосноосоо тавхан хоногийн дараа озэки Котоошюүд ялагдан, 50 хувиа хийж чадахгүй байх магадлал ихэссэн тул зодог тайлахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Долоо дахь ялагдлаа хүлээсэн Кайо сэтгүүлчдэд оякататайгаа ярилцаж байж цаашдын замаа шийднэ гэж байсан боловч өөрөө зодог тайлахаар шийдсэн байна. Уг нь түүнд энэ тэмцээний голоос гараад, ирэх тэмцээнд барилдах боломж байсан ч арслан ашиглахыг хүссэнгүй.

1988 онд алдарт Акэбоно, Таканохана, Ваканохана нар тай хамт сүмогийн эгнээнд элсэж байсан Кайо таван башёд түрүүлсэн ч ёкозүна болж чадаагүй, арслангууд дотроо хамгийн хүчирхэг нь байлаа. 24 жил сүмо барилдана гэдэг хэн бүхэн чадах зүйл биш билээ. Тэрбээр Асакаяма нэрээр “Томозүна” дэвжээндээ туслах ояката болон үлдэж, залуу сумочдыг дасгалжуулах болно. Томозүна ояката “Кайо дахиад хэдэн жил барилдаж болох л байлаа. Даанч найрааны хэргээр гуравдугаар сарын тэмцээнийг зохион байгуулахаа больсныг дуулаад сэтгэл санааны хүнд цохилтонд орсон. Шинэ амжилт тогтооно гээд бэлтгэж байсан хүн аргагүй. Уг нь шууд 9 кг турсан юм” хэмээн ярьсан бол Кайо өөрөө “Одоо бодоход 24 жил барилдана гэдэг үнэхээр удаан санагдаж байна. Маш олон хүний дэмжлэгээр өдий хүртэл барилдлаа. Бүгдэд нь талархал илэрхийлье. Кайо нэртэй байсан амьдрал маань үгээр илэрхийлэшгүй сайхан байлаа” гэж ярьлаа. Түүний тогтоосон амжил туудыг тоочоод байвал барагдахгүй тул гол хэдэн амжилтыг дурдая.

Мэргэжлийн сүмод 1047 ялалт, макүүчид 107 башёд оролцож, 1444 удаа барилдсан, дээд зиндаанд 879 ялсан гээд бүгд сүмогийн түүхэн амжилтууд. Өдгөө 38 настай Кайо 15 удаа тусгай шагнал хүртэж, таван удаа түрүүлж байлаа. Кайо зодог тайлснаар сүмогийн холбооны хүлээх хохирол хэмжээлшгүй их. Сүмогийн ордонд ирэх үзэгчдийн тоо илт буурахаас гадна сүмогийн холбоонд Япон аварга, арслан байхгүй болж байна гэсэн үг юм. Хамгийн сүүлд 18 жилийн өмнө ийм явдал болж байсан ч тэр үед ёкозүна байхгүй, Хавайн арлын Акэбоно, Конишики нар арслангийн суудалд байсан бөгөөд ганцхан тэмцээний дараа Таканохана озэки болон гадаад бөхчүүдийг дарж эхэлсэн тул гайхаж цочирдмоор зүйл биш байлаа. Харин энэ удаа дээд зиндааны дээд хэсэгт зүтгэж явсан ганц дайчнаа алдсан Сүмогийн холбоо шинэ япон озэки төрүүлэхгүй бол хэсэгтээ л үзэгчдээ алдсаар байх нь тодорхой.


Yanaa.mn