Нэвтрэх Бүртгүүлэх
 
​Дэлхийд ганцхан эвэр нумыг ЮНЕСКО бүртгэжээ
num-sum-3846.jpg
2 жил 8 сарын өмнө | Түгээх :
3 Санал өгөх
Эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг дэлхийд ганцхан Монголд л хийдэг байна. Монгол хүний  ур ухааныг хослуулсан энэ нум эртний Хүннү гүрний монгол овог аймгуудын урчуудаас улбаатай ажээ. Манай эриний өмнөх IV-III зууны үед анхны төрхөө олсон эвэр нумын хийц маяг өнөөг  хүртэл уламжлагдан ирсэн түүхийн гайхамшигт эд өлгийн нэг юм. Тэрхүү ур чадварын нууцыг хадгалж өвлөсөн хүн бол Монгол Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай. Өдгөө Сэлэнгэ аймгийн  Дулаанхан тосгонд монгол эвэр нум үйлдвэрлэдэг “Хөвчит нум” компани байгуулан үйл  ажиллагаагаа явуулж байна.

Тус компанийн цехийн хаалгыг татвал нэгэн өвөрмөц цавууны хурц содон үнэр ханхийв. Бодын шир, шөрмөсийг буцалгаж, тусгай жорын дагуу гар аргаар гаргаж авдаг нум наахад маш  тохиромжтой шингэн цавуу аж. Нум хийхэд ашигладаг арав гаруй төрлийн эд материалын ихэнх  нь мал, ан амьтны арьс шир, эвэр, шөрмөс, шувууны өд байдаг болохоор цавуу нь ч мөн адил амьтны гаралтай бодис агуулсан байдаг. Харин нум сумны зарим эд хэсгийг зорох, зүсэх,  өнгөлөх ажлыг цахилгаан машинаар гүйцэтгэн гар ажиллагааг нэг талаар хөнгөвчилжээ. Хоёр бүсгүй үхрийн шөрмөсийг ширхэг ширхгээр нь салган утас шиг хөвөрдөж, тасын өдийг сумны хошуунд нааж байна.

Нарийн чимхлүүр энэ ажлыг хийхэд тийм ч амаргүй. Нумын их биеийг өмнө нь дандаа хус  модоор хийдэг байсан бол сүүлийн үед хулсаар ч орлуулан хийдэг болжээ. Хусыг бэлтгэж  хатаахаас эхлээд хугацаа нэлээд шаарддаг тул Хятадаас хулс худалдаж авчрах нь арай хялбар,  чанарын хувьд ч дутахааргүй гэнэ. Гэхдээ дандаа хулсаар хийнэ гэсэн хэрэг биш.  Нумыг хэв маягт нь оруулж матсаны эцэст сайтар хатаадаг. Нумын өвөр талыг үхрийн, эсвэл  янгирын эврээр, ар талыг бод малын шөрмөсөөр бүрж, үйсээр өнгөлнө. Үүнд цавууны чанар онцгой нөлөөтэй. Дээхнэ үед хайнаг, шар үхрийн эврээр хийдэг байжээ.

Одоо энэ насны үхрийн эвэр ховордсон болохоор янгирын эврээр туршиж үзсэн нь гарын ая  давгүй даахаар болж. Гагцхүү хөндлөн үе ихтэй болохоор хорогдол багагүй гардаг байна. Үхэр,  янгирын эврийг хурц хутгаар хальс шиг нимгэн зүсч наадаг гэхээр ямар нарийн ур шаардах нь  ойлгомжтой. Шөрмөсийг утас шиг хөвөрдөж, ар талд нь зай завсаргүй нааж өгдөг нь нумын уян хатан чанар, бат бөх байдлыг хангана. Нумын гичрийг хусаар, товхыг ясаар хийж, арьсаар  бүрдэг байна. Заримдаа хүмүүсийн захиалгаар үйсний оронд могойн арьс, бариулыг загасны  хайрсаар бүрэх нь ч бий.

Харин нумын хөвчний их биеийг мяндас болон тусгай утсаар, амгайвчийг тэмээний үдээрээр хийдэг байна. Хөвч татах баруун гарын эрхий хурууны өндөгний арьсыг хамгаалсан эрхийвчийг булигаар болон гууль, эвэр, мөнгө зэргээр урладаг болжээ. Цагийн аясаар зарим юмыг  металлаар өнгөлөх хандлага бий болж байна. Сумны мөсийг хус, нарс, хулсны аль нэгээр хийх  бөгөөд хошууны хэсэгт гурван өд нааж хатгадаг. Өд нь тас шувууных байх агаад сумыг нисэх явцад нь эргэлдэх хөдөлгөөнд оруулдаг. Энэ давуу талыг анх монголчууд олж харсан нь  ялангуяа ан ав, дайн байлдааны үед ихээхэн ач холбогдолтой болжээ. Тас шувуу нь ихэвчлэн  баруун аймгуудад байдаг ч тэндээс нүүдэллэн ирсэн малчдын мал сүргийг дагаад Сэлэнгэд мэр сэр үзэгдэх болсон.

Эднийхэн цаашид тэмээн хяруулын өдийг туршиж үзэх бодолтойгоо цухуйлгаж байсан. Нэгэнт  матаж хийсэн нумыг хатааж эгшээхэд бараг жил болно. Ихэвчлэн есдүгээр сараас тавдугаар  сарын 15-ны хооронд цавуу амархан хатаж зуураад байхгүй сэрүүний улиралд хийдэг юм байна. Сүхбаатар гуайн эцэг улсын мэргэн Жамбаа гуай нумыг сайхан засч янзалдаг уран гартай хүн байжээ. Тиймээс ч эцгээсээ сурч өвлөсөн нарийн нандин нууц бишгүй бий. Тэрээр энэ цехийнхээ үндэс суурийг анх 1995 онд “Эвэр нум” нэртэй нөхөрлөл байгуулснаар тавьсан билээ. Түүнээс  хойш 15 жилд 400 гаруй эвэр нумыг эртний уламжлалт аргаар үйлдвэрлэжээ. 1995 оны үед нэг  нум 50 мянга орчим төгрөгийн өртгөөр бүтэж байсан бол одоо 300-350 мянгад хүрч байна.

Сүүлийн жилүүдэд сурын харваа халх, буриад, урианхай гэлтгүй нэлээд өргөн дэлгэр хөгжиж,  улсын их баяр наадамд 300 гаруй харваач цэц мэргэнээ тогтмол сорих болжээ. Аймаг бүр  харваачдаа нумтай болгох талаар санаа тавих болж, “Хөвчит нум” компанид захиалга багагүй  ирэх болсон байна. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны спортын байгууллагууд эвэр нум авах ихээхэн сонирхолтой болж байна. Өнгөрсөн хугацаанд Франц,  Турк, БНСУ, Япон зэрэг орны спорт сонирхогчид, анчид эднийхээр эвэр нум захиалан хийлгэж худалдан авчээ. Францчууд гол төлөв ангийн зориулалтаар ашиглах сонирхолтой байдаг тул  сумны хошууг төмрөөр тусгайлан хийлгэдэг гэнэ. Мөн тус компани Германы нэгэн нумын үйлдвэртэй түншийн холбоотой ажиллаж, монгол эвэр нумыг спортын, хүүхдийн, бэлэг  дурсгалын зориулалтаар үйлдвэрлэж байна.

Чухамдаа монгол хүний ур ухааныг оршоосон нум сумаар харваж сурна гэдэг оюун ухаан, бие  бялдар, зориг тэвчээр, ёс суртахууны цогц хүмүүжлийг төлөвшүүлдэг байна. Монголчуудын эвэр нум хөгжлийнхөө явцад түүхэн гурван үеийг туулсны эхнийх нь өөрийгөө хамгаалах, дараа нь эх орон газар нутгаа хамгаалах, хожмоо энх цагт спортын зориулалтаар хэрэглэж ирсэн билээ.  Дэлхийд нум сумаар хамгийн хол харвасан зайд Есүхэй баатрын 335 алд буюу 502 метр хол  тавьсан сум тооцогддог ажээ. Харин “Хөвчит нум” компанийн үйлдвэрлэсэн нум 150-200 метр  зайд харвах боломжтой.

Монгол эвэр нумыг ЮНЕСКО бүртгэжээ. Монгол Улсын мэргэн, зургаа дахь үеийн харваач Ж.Сүхбаатар гуай Дорнод аймгийн уугуул нэгэн. 1948 оны харваач тэрээр хүү  С.Болдбаатарынхаа хамт хоёр метр урттай төрийн их нумыг хоёр жил гаруй урлан, Төрийн  ёслол хүндэтгэлийн өргөөнөө залжээ. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчний их цэргийн хар сүлдний  нум сумыг бүтээсэн байна. Монгол хүний удмын цэц мэргэний авьяас билэг, ур ухаан унтарч үгүй болох учиргүй гэдэг нь “Хөвчит нум”-ынхны ажил үйлсээс тод харагдаж байна.

Х.АРИУНБААТАР


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.