“Арвагар хээр” холбооны Гүйцэтгэх захирал Ю. Үнэнбүрэн: Өвөрхангай аймагтаа нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн “
-Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооныхон 10 жилийн ойн бэлтгэлээ нэлээд эртнээс базааж байх шиг байна. Уг нь хугацаа арай болоогүй шиг санагдах юм?
-Болохгүй нь юу байхав. Морин спорт уяачдын “Аравгар хээр” холбоо 2002 оны 3-р сарын 27-нд байгуулагдсан. 2012 онд 10 жилийнхээ ойг тэмдэглэх учиртай ч удирдлагуудын хэмжээнд ярилцаад 3 сарын 27 гэхээр малчдын маань хувьд мал төлөлт гээд ид ажлын үе байдаг тул 10 сарын 15-наас эхлээд бүх сумдадаа уяачдын зөвлөгөөнөө хийж, 10 жилд хийж бүтээсэн ажлаа тайлагнан тэднийхээ үгийг сонсохоор болсон юм. Энэ аянаар 10 жилийн ойн арга хэмжээ эхэлж байна гэж ойлгож болно.
-Тэгвэл Аравгар хээрчүүд өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээснийг дүгнэн ярилцацгаая?
-Аравгар хээр холбоо маань 2002 онд анх морин уралдааны холбоо нэртэйгээ байгуулагдаж байлаа. Анх холбоо байгуулагдаж байх үед бусдад хүлээн зөвшөөрөгдөхөөс эхлээд хүндрэлтэй асуудлууд олон байсан. Яагаад гэхээр уг нь манай аймагт ММСУХ-ны салбар холбоо байсан ч хийж буй ажил нь тодорхойгүй байсан юм л даа. Нэн тэргүүнд тэр хүмүүс биднийг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Дээрээс нь Өвөрхангайн адууг амтай болгон шахуу гоочилдог байлаа.
-Юу гэж тэр вэ?
-“Айргаа их уудаг, адуу нь жижигхэн хурд байхгүй.Адуугаа сайжрууллаа гэхэд 50-60 жилийн дараа л улсын наадамд уралдах морь төрж магадгүй” гэж. Энэ үгийг Тод манлай уяач Даваахүү, Манлай уяач Гарамжав нарын мундагчууд хэлж байсан юм шүү. Гол нь тэдний үг худлаа байгаагүй. Тиймээс бидний хамгийн түрүүнд хийх ажил аймгийнхаа адууны угшлыг сайжруулах явдал байлаа. 2002 онд хийсэн бидний хамгийн анхны уралдаан 3,5 сая төгрөгийн шагналын сантай байсан. Тухайн үедээ л хамгийн өндөр бай шагналтай уралдаанд тооцогдож хүмүүс ч тэр сургаар нь их ирж байсан юм. Одоо эргээд хөгжилтэй юм шиг. Тухайн үед бид банкнаас 2 сая төгрөг зээлж уралдааныхаа шагналыг бүрдүүлж байлаа шүү дээ. Иймэрхүү мөнгө санхүүтэй холбоотой явдал нэг бус удаа гарч байсан. Уралдаан зарлачихдаг. Цаг нь тулчихаад байдаг, банкнаас зээл өгдөггүй. Арга ядахдаа гэртээ байсан одоогоор 20 саяар үнэлэгдэх том аягаа 1,5 сая төгрөгөөр зарчихаад дараа нь гэрийнхэндээ баригдаад паакталж байсан ч үе надад бий. Энэ холбоог байгуулахын тулд бидний хэдэн нөхөд ингэж л явлаа. Гэхдээ өнөөдөр эргээд харахад сайхан байна. Ямарваа нэгэн юм зөв яваад зөв төлөвшөөд ирэхээр хүмүүсийн дэмжлэг туслалцааг авч чаддаг юм билээ. Яваандаа ямар нэг хувийн зорилго өвөртлөлгүйгээр зөвхөн хурдан морины төлөө гэж явсныг аймгийн удирдлагууд бусад хүмүүс ойлгож, биднийг дэмждэг болсон л доо.
Өөрсдийнхөө зорилгыг бусдад ойлгуулж хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлсөн өөр нэг зүйл бол 2003 онд зохион байгуулсан мотоциклийн байтай дааганы уралдаан. Энэ уралдааны дараагаас эхлээд хүмүүс биднийг ер нь ойлгож дэмжиж эхэлсэн. Тэр хүртэл бол ер нь хэцүү байсан шүү. Манай холбооны хувьд монголын морин спортод олон зүйл дээр анхдагч байж чадсан. Үүгээр ч бахархдаг. 2003 онд гэхэд л анх удаа сумдынхаа шилдэг хурдан хүлгүүдийг цуглуулаад “Арвагар хээрийн их хурд-1” гэсэн уралдааныг зохион байгуулж байлаа. Тэгэхэд одоогийн ТӨХ-ны дарга Сугар 16 сая төгрөгөөр ивээн тэтгэж байсан юм. Аймгийнхаа адууг сайжруулъя гэсэн дэвэргэн бодолтой залууст гараа сунгасан анхны хүн нь Сугар гуай байсан. Бид энэ хүнд ямагт талархаж явдаг. Тэр уралдаанд түрүүлсэн морийг УАЗ-469 машинаар байлсан. Энэ уралдаан Өвөрхангай аймгийн морины хөгжилд томоохон түлхэц болохуйц уралдаан болж чадсан.
-Аливаа зүйл зөв бодлоготой, зөв төлөвшөөд ирэхээр дэмжлэг аяндаа ирдэг юм билээ гэдэг нь ивээн тэтгэгчдийг хэлж байна уу? Танай холбооны хийж хэрэгжүүлж байгаа бүхэнд хурдан морины төлөө гэсэн сэтгэлтэй жандагуудын оролцоо их байх шиг ажиглагддаг?
- Их сайхан асуулт байна. Манай холбооны 10 жилийн ойн баярын хүндэтгэлийн ширээнд зүй ёсоор уригдах ёстой хүмүүс бол биднийг үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлж байсан моринд элэгтэй жандагууд. Манай холбоо байгуулагдсан цагаасаа хойш том бага нийлсэн 78 уралдаан зохион байгуулж, 480 сая төгрөгийг уяачдад хандив болгон өгсөн байдаг юм. Энэхүү мөнгөн дүнгийн 80 орчим хувийг зөвхөн Өвөрхангайн уяачдад шагнал болгон өгчээ. Үлдсэн 20 орчим хувь нь манай наадсан өөр аймаг сумын уяачдад очсон байна. Ганцхан ТББ орон нутагтаа энэ хэмжээний орлого оруулна гэдэг бага үзүүлэлт биш байх. Би тэгж боддог. Манай холбооны өнгөрсөн 10 жилд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг нь Монгол түмний морины их шүтээн цогцолбор. Монгол улсын бүх аймгийн төлөөлөл орсон энэ цогцолбор 430-аад сая төгрөгөөр бүтсэн. Дээр нь төрийн наадамд дөрөв түрүүлсэн дөрвөн азарга, гурав түрүүлсэн дөрвөн их морины хөшөөг босгоход 120-130 сая төгрөг шаардагдаж буй. Ингэхээр монгол түмний морины их шүтээн цогцолборт 550 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа биз. Өөрөөр хэлбэл өнгөрсөн арван жилийн хугацаанд манай холбоо нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймагтаа хийжээ. Бидэнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр ямар ч холбоо энэ хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийгээгүй. Энэ бол Арвагар хээрчүүдийн бас нэгэн бахархал.
-Ивээн тэтгэгч, хандивлагчдынхаа өглөгийн дүн ил тод зарлаж, зарцуулалтаа буцааж тайлагнадаг нь бусдад үлгэрлүүштэй санагддаг. Магадгүй тиймдээ ч танай холбооны үйл ажиллагааг санхүүжүүлэгчид тодорхой тооны хүмүүс байдаг байх?
-Мөнгө тойрсон элдэв хэл ам хэцүү ш дээ. Магадгүй нэг тэрбумын хөрөнгө оруулалт Өвөрхангай аймагт оруулсан гэхээр өөнтөгч нэгэн нь Үнэнбүрэнд хэдэн хувийг нь авсан бол гэж бодож болох юм. Ийм хар дагуулахгүй байх үүднээс бид анхнаасаа нэг зарчмыг баримталсаар ирсэн. Ивээн тэтгэлэг хөрөнгө оруулалтыг өөрийнхөө гараар дамжуулдаггүй, нөгөө хүмүүсийг өөрсдөө гардуулж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьдаг. Өгсөн хүнд ч нүүр бардам, авсан бидэнд ч сэтгэл амар шүү дээ. Өөрсдөө амжихгүй бол төлөөлөгчөө явуулаач ээ гэдэг. Энэ бол бидний барьж ирсэн гол бодлого. Мөн түүнчлэн аливаа үйл ажиллагааны эцэст заавал санхүүгээ тайлагнадаг.
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд та бүхнийг үйл ажиллагааг өөгшүүлэн дэмждэг байсан гол жандагуудаа нэрлэбэл ?
-Яг холбоон дотроо ярих юм бол Энхбат тэргүүн шиг их хандив өргөсөн хүн байхгүй. Тэргүүн маань өөрийнхөө хөрөнгөнөөс 50 орчим сая төгрөгийг зарцуулсан байдаг юм. Манай холбооны хүндэт тэргүүлэгч УИХ-ын гишүүн Зоригт 20-иод сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, миний бие мөн тийм ч хэмжээний хөрөнгө оруулсан байдаг юм. Монгол түмний морины их шүтээн гэвэл хамгийн том хөрөнгө оруулагч нь “Заабар” ХХК-ийн захирал Батбаяр гэж залуу бий. Энэ залуу шүтээнийг барих цагаас эхлээд газар шорооны бүх ажлыг хийж өгсөн. Дээрээс нь сайхан засмал зам, авто машины зогсоолтой болгож өглөө. За мөн томоохон хандивлагчид гэвэл ТӨХ-ны дарга Сугар 12 сая, “Гачуурт” компанийн захирал МУ-ын Алдарт Батмөнх 10 сая, “Монгол газар”-ын Мянганбаяр захирал 10 сая, ТЭХ-ний дэд сайд Энхтайван 8 сая төгрөг өгсөн дөө. Уг нь бид том бага гэлгүй хандив өгсөн бүх хүмүүсийнхээ нэр усын олонд зарлахыг хичээдэг. Даан ч танай сонины зай талбай хүрэлцэхгүй байх. /инээв/
-Ц.Мянганбаяр захирлыг морь сонирхдог гэж мэдээгүй юм байна?
-Монголын хурдан морины цаашдын хөгжил, өв соёлыг дэлгэрүүлэх үйлсэд хөрөнгө оруулж байгаа юм байна гэдэг утгаараа дэмжиж байна гэж хэлсэн. Нээрэн өөрийн чинь хэлсэнчлэн энэ хүн анх удаа морины холбоотой арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцсон нь энэ байх.
-Улс төр, урлаг соёл хэвлэл мэдээллийнхнээс зайгаа барьж явдаг Т.Энхбат яаж яваад танай холбооны Ерөнхийлөгч болчихсон юм бэ?
Холбоо байгуулсан цагаас эхлээд 2004 оныг хүртэл өөрсдийн боломж бололцоогоор зүтгүүлсэн. Гэтэл яг уралдаан наадмууд жигдрээд их аятайхан болоод ирсэн чинь хөрөнгө мөнгөний асуудал тун хүнд болсон. Манай холбоо чинь жилдээ 7-8 уралдаан зохион байгуулдаг гэхээр аргагүй байгаа юм л даа. Харин ч бараг хоёр жил тэссэн нь их юм болж байгаа биз. 2004 онд манай холбоо бүсийн наадам зохион байгуулсан. Тэр уралдаанд Улаанбаатарын томоохон уяачид бүгд ирсэн. Ер нь манай холбооны зохион байгуулсан уралдаанууд бай шагнал , зохион байгуулалт гээд аль ч талаасаа тухайн үед цаг үедээ толгой цохисон уралдаан болж чаддаг байсан. Бидний зорилго ч тийм байсан. 2004 оны бүсийн наадамд нэг эмэгтэй уяач, Дуламсүрэн Тод манлайтай цуг ирээд морьд нь их сайхан давхисан. Тэр эмэгтэй бол манай тэргүүний гэргий Цолмон байсан л даа. Холбоогоо боломжийн хүнээр удирдуулъя гэсэн бодол эртнээс байсан ч улс төрийн талын хүмүүс л таараад байсан юм. Морь улс төр хоёр хэзээ ч нэг саванд багтахгүй шүү дээ. Тийм учраас бид хүлээцнээд байсан юм л даа. Энхбат захирлын хувьд нэр цэвэр дээрээс нь улс төртэй холбоогүй, бас манай аймгийн хүн байсан учраас эхнэрээр нь дамжуулж байгаад саналаа уламжлуулсан. Дараа нь Энхбат захирал биднийг хүлээж авахдаа хэлж байсан л даа. “Сагсан бөмбөг, ширээний теннис” гээд олон газраас надад Ерөнхийлөгч болооч гэдэг хүсэлт тавьж байсан. Би алийг нь ч хүлээж аваагүй. Хурдан морьтой холбоотой сайхан холбоо байгуулагдаад ажил нь их өөдрөг яваа юм байна” гээд би та нарыг саналыг хүлээж авлаа.Тэгээд та нар надаас ямар дэмжлэг авмаар байна” гэсэн. Бид Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аль ч морин спортын холбоо өөрийн гэсэн байргүй байгаа. Энэ жишгийг эвдээд анхны өөрийн гэсэн ажлын байртай, дээрээс нь хурдан морины шулуун замын уралдааныг үзэх боломж бүхий стадионтой болмоор байна гэсэн. Тэгсэн тэргүүн маань “яриад байгаагаа ямар хугацаанд амжуулж чадах вэ” гэсэн. Би “хүмүүсээ зохион байгуулахад сарын дотор барьж чадна” гээл түүндээ хүрсэн юм. Ингээд л Энхбат тэргүүн маань аймагт очиж уяачдынхаа зөвлөгөөнийг хийж, 2005 оноос эхлээд холбооны маань үйл ажиллагаа идэвхижиж эхэлсэн. Бид Өндөр гэгээн Занабазарын 370 жилийн ой, Их хурд -4 зэрэг хэд хэдэн томоохон уралдааныг бие даан зохион байгуулсан.
-Арвагар хээрийнхэн аливаад анхдагчид байсан гэдэгтэй мориныхон үг дуугүй санал нийлдэг. Та бүхний санаж сэдсэн зарим нэг зүйл өнөөдөр моринд хэвшил болчихоод байна?
- Манай аймгийн Аравгар хээр холбооны үндсэн ажил боломжийн яваад байгаагийн давуу тал нь гүйцэтгэх захирал зөвхөн энэ ажлаа бие даан явуулж байсантай холбоотой. Морины ажил гэдэг барагдахгүй. Ажлын завсар зайгаар хийнэ гэвэл бүр ч явахгүй. Үүнийг бусад аймгийн холбоод бас анхаарвал зүгээр юм болов уу л гэж үүнийг зориуд хэлж байгаа юм шүү.Морьтой холбогдоод ирэхээр дотор нь ороод ирэхээр хийж хэрэгжүүлэх олон ажил байдаг юм байна. Түүний нэг нь морьтон Монголын өв соёлыг хойч үед нь үлдээх зорилгоор Монгол түмний морины их шүтээн цогцолборыг байгуулсан явдал. Энэ цогцолбор өнөөдөр Монгол улсад төр засаг, ТББ-аас ямар нэгэн дэмжлэг аваагүй тэгсэн хэр нь монгол түмний бүх төлөөлөл орсон монголчууд эвлэбэл хүчтэйн бэлгэдэл болсон бараг анхны бүтээл болсон. Монголчууд морь гээд ярихаар морины соёл гээд ярихаар түүнийхээ төлөө нэгдэж чаддагийг бид харлаа.
-Монгол бөх Гиннесийн номонд бүртгэгдчихлээ. Танай холбоо монгол морийг Гиннесийн номонд оруулна гэж байсан. Тэр яагаад сураг нь тасарсан бэ?
-1500 их насны морь уралдуулж, Гиннесийн номонд оруулъя гээд бүх асуудлыг нь зохицуулчихсан зөвхөн зөвшөөрөл хүлээж байтал цуцлагчдихсан.
-Хаанаас цуцлачихсан юм бэ?
- Ойлгомжтой байх үүднээс дэлгэрэнгүй яръя л даа. Арвагар хээр морь 1000 мориниос түрүүлсний 300 жилийн ой 2009 онд тохиосон юм. Тэр жил нь би Арвайн талд 1500 их насны морь уралдуулж, Монгол морийг Гиннесийн номонд бүртгүүлье гэсэн санаачлагыг гаргаж, Өвөрхангай аймгийнхаа бүх сумаас тус бүр 50, монгол улсын 18 аймгаас тус бүр 25 морь оролцуулахаар болсон. Энэ ажлаар миний бие өөрөө бараг бүх аймагт очиж холбооных нь удирдлагуудтай яриад тохирчихсон байсан. Нэгэнт тэр холоос зорьж ирсэн адуунуудыг урамшуулах асуудлаа хүртэл тохирчихсон байсан. Жишээлбэл Хужирт сумаас ирсэн 50 морины түрүүч нь 700-р давхилаа гэхэд сая сумынхаа морьдыг төлөөлж түрүүлсэн гэдэг утгаараа сая төгрөг, аймгийн морьдын хувьд ч ялгаагүй мөн сая төгрөгөөр урамшуулахаар яриад тохирчихсон байсан. Уянга сумын харьяат Бат-Орших гэж манай холбооны тэргүүлэгч залуу “наадам хийвэл Ланд-100 машинаар түрүүг морийг байлъя” гээд амлачихсан байсан.
-Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдчихсэн байсан юм байна шүү дээ?
-Хөрөнгө мөнгөнөөс гадна зохион байгуулалт менежментийн асуудал ч цэгцэрсэн байсан. Аймгийн иргэдийн хурлаараа энэ асуудлыг оруулаад хурлын тогтоол хүртэл гаргуулчихсан байсан. Гол нь бид Засгийн газарт бүсийн уралдааны статустай болгоод өгөөч гэсэн хүсэлт гаргасан юм. Ийм том уралдаанд статус олгоход болохгүй гэх газаргүй шүү дээ. Засгийн газрын хуралдаанаар орохын өмнө би БСШУ-ны сайд Отгонбаяр болон ЭМ-ийн сайд Ламбаа, Биеийн тамир спортын улсын хорооны дарга Наранбаатар нартай уулзаж дэмжлэг авсан байсан. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар ороод л уначихсан. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Аливаа юм эрэмбэ дараатай. Сая монгол бөх Гиннесийн номонд бүртгэгдчихлээ. Одоо морио бүртгүүлж болох байлгүй дээ./инээв/
-Ам нээвэл уушги нээ гэдэг. Уяачдын реалити шоу бас л сураг нь тасарсан?
-Энэ бол монголын хурдан моринд цоо шинэ санал санаачлага байсан. Хамгийн гол нь реалити шоугаараа дамжуулаад моринд орж буй залууст уяаны эрдэм заая л гэж бодсон юм. Морины уяа жил ирэх тусам өөрчлөгдөж байна шүү дээ. Түүнийг хөдөөгийн уяачиддаа хүргэх хэрэгтэй байна. Бидний зорилго ердөө л энэ байсан. Харамсалтай нь бас л бүх ажил жин тан болсны дараа ММСУХ-ны зүгээс бид ийм нэвтрүүлэг хийх гэж байгаа гээд биднийг болиулсан. Аливаа юманд зэрэг дэв гэж байна. Бид төв холбоогоо хүндлээд ажлаа зогсоосон. Гэвч нэвтрүүлэг маань гараагүй. Ер нь зүгээр энэ дашрамд хэлэхэд Монголчууд бид биенийхээ хийх гэж буй ажлыг дэмждэг болмоор байна.
-Арвагар хээрийн автортой өөр нэг ажил бол “Түмний эх” цувралууд. Монголын морин спортын түүх болсон энэ номыг гаргах санаа анх хэрхэн төрсөн юм бэ?
-Бид ч гэсэн энэ номоороо Монголын хурдан морины түүхийг бичиж байна гэж боддог. Аливаа зүйл анх хийхэд амаргүй л байдаг. Гэхдээ одоо гарт орчихсон, энэ жил зургаа дахь нь гарна. Түмний эх номын тухайд зөвхөн бүтээгчид бид бус бусад хүмүүс ч гэсэн талархан хүлээж авч буйд байгаа юм. Их хурд-5 уралдааны зохион байгуулалтын үеэр ММСУХ-ныхон ярьж байсан л даа. “Энэ үнэхээр хэрэгтэй ном юмаа” гэж.Яагаад гэхээр тухайн жилд айрагдаж түрүүлсэн бүх морь, эздийн зураг багтсан байдаг. Тэрийг харж байгаад л бүртгэчихсэн байна лээ.
-Энэ мэт санал санаачлага Арвагар хээрийг гурван удаагийн шилдэг холбоогоор шалгарахад хүргэсэн байх?
-Тийм шүү. Манай холбоо ММСУХ-ны 2005, 2007, 2008 онуудын шилдэг холбоогоор шалгарч байсан.
-Төрийн наадмын хурдан морины уралдааны будлианы талаар дэлгэн тавьсан хүмүүсийн нэг нь та шүү дээ. Тэр талаараа яриач?
-2005 оны төрийн их баяр наадамд манай Отгоннасангийн даага айрагдсан юм. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг дараа жил нь бас үздэг юм байгаа биз дээ. Тэгсэн тэр жилийн баяр наадмын бүх нас будилсан. Бүх нас шүү. Яагаад ингэж зоригтой хэлж чадаж байна вэ гэхээр би өөрөө комиссын машинд суугаад дагаж явсан. Бүгдийг харсан. Тэр будлианаар бидний хамгийн их горьдож байсан Отгоннасангийн буурал морь бараг түрүүлсэн ч айрганд нь багтаагаагүй. Эцсийн дүнг морь уралдаад ирсэн хойно эрх баригчид цаасан дээр өөрсдийн дураар гаргасан. Тэгсэн уяачид мэдсэн хэр нь дуугардаггүй юм байна лээ. Хөдөөнөөс ирсэн сайн морийг цэргүүдээр хөөлгөж байгаад өөрийнхөө морийг тавьчихдаг гээд но-той асуудлыг том уяачид л гаргадаг юм байна лээ. Баяр наадмын комисс ч гэж муулах юм байхгүй. Тийм байтал ММСУХ цаг нь болоогүй гээд хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би Хүй долоон худагт комиссын гэрийн гадаа хэвлэлийн бага хурал зарлаж, бүхнийг дэлгэсэн. Хэдийгээр тухайн үед хэлэх хүн байхгүй байсан ч хэлсний дараа бол бүгд л талархаж байлаа. Дараа жил нь баяр наадам зохион байгуулах комисоос бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлт тавьсан. Тэгээд бид гарааны төхөөрөмжийг ашигладаг болсон. Үүний дараа морь дутуу эргэдэг, будлиантдаг асуудал ул болсон доо.
-Магадгүй тэр бүхний үр дүн энэ жилийн наадмаар илэрлээ. Өврийн хангайнхан түүхт 90 жилийн ойгоор од хийморьтой сайхан наадлаа шүү дээ?
--Бурхан биднийг харсан. 10 жил үнэнчээр зүтгэсний маань хариу энэ жил гарлаа л гэж бодож байгаа. 2005 онд 46 жилийн дараа Өвөрхангай аймгаас төрийн баяр наадамд даага айрагдсан.Би Отгоннасанг дагуулж ирж хонгор даагаа айрагдуулчихаад ёстой хөл толгойгоо олохгүй найрлаж байлаа./инээв/Тэрний дараа 89 жилийн ойгоор Уянга сумын Даваадорж хар даагатайгаа зорьж яваад дахиад айргийн гурваар давхиулсан. Энэ жил 90 жилийн ойгоор Өвөрхангайнхан хоёр түрүү, таван айраг хүртлээ. 90 жилийн ой гэдгээрээ уяачид яаж бэлтгэлээ. Тэндээс Өвөрхангайчууд үнэхээр тодорч чадлаа. Тэр тусмаа өврийн хангайн унаган адуу айрагдлаа. Соёолонд өнгөлсөөр байгаад аман хүзүүддэг үрээ Монгол түмний морины их шүтээний арын хонхорт төрсөн унага шүү дээ. Манай уяачид ч гэсэн гайхалтай сайхан урамшсан. Аймгийнхаа 80 жилийг ойгоор гэхэд л бид үнэхээр бахархмаар сайхан наадлаа. 10 жилийн өмнө 70 жилийн ойгоор 30 айраг түрүүний ердөө дөрвийг нь аваад бусдыг нь алдаж байсан бол энэ жил 26 –г нь аваад дөрвийг нь өөр аймгийнханд өгсөн байна. Энэ бол үнэхээр том бахархал. Бидний 10 жилийн ажлын хамгийн гол үзүүлэлт. Өөр нэг сайхан жишээ хэлье л дээ. Манай Төгрөг сумын Нохойцагаан гэдэг уяач Архангайн Хашаатад Санжаадамба зааны наадамд очоод бүх түрүүг, нэлээд хэдэн айрагтай нь авлаа. Мөн Тарагт сумын уяач Найдандорж Ховдын хэд хэдэн сумын наадамд 11 адуутай очиж наадаад бүх түрүү айргийг нь түүчихсэн. Машин дүүрэн бэлэгтэй ирж байна. Аливаа юм ээлжтэй байдаг юм байна. 10 жилийн өмнө бид юу гэж хэлүүлж байлаа. Энэ дашрамд Өвөрхангайчууд болон Аравгар хээр холбоогоо дэмжээд хурдан моринд орсон бүх залуустаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр бахархал дүүрэн ярьж буй энэ бүхэн та бүхэнтэй минь салшгүй холбоотой шүү.
-Өвөрхангайгаар овоглосон хичнээн цолтнууд төрсөн бэ?
-Арван жилийн хугацаанд аймгаасаа нэг л Алдарт уяач төрүүллээ. Манай Отгоннасан уг нь хуучин хуулиар бол бараг Тод манлай болчихсон хүн. Гэхдээ хуулийн дагуу бол арга байхгүй. Монгол улсын энэ жил МУ-ын Алдарт уяач цолоо авсан. Одоо Манлай руу зүтгэж явна. Мөн энэ жил Уянгын Бямбасүрэн гэдэг залуу МУ-ын Алдарт уяачийн болзол биелүүллээ. Ингэхээр 10 жилийн хугацаанд үндсэндээ хоёр Алдарт төржээ дээ.
Гэхдээ Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Манлай уяач Батхүү, Энхбат нарын нутаг нугаараа овоглож ява олон уяачид бий.
-Орон нутгийн уяачдын хувьд?
-Аймгийн Алдарт уяач 103, сумын Алдарт уяач бүрэн бус тоогоор 250-аад төрсөн. Бусад аймагтай харьцуулахад цөөхөн л дөө. Яагаад гэхээр “Арвагар хээр” холбоо хуулийн болзол хангасан хүндээ л өгдөг. Яахав дөнгөж байгуулагдсан үедээ насаараа морь уясан арга авах ёстой хэдэн өвгөчүүлдээ өгсөн явдал бол бий. Тэрнээс хойш залуучууддаа хуулиа биелүүлээд ав гэсэн шаардлага тавьдаг. Тийм учраас жилд гурваас дөрөв хамгийн олондоо 10 Алдарт уяач л төрдөг. Бусад аймгууд 20,30-аар зогсоож байгаад л өгчихдөг юм билээ. Манай тоо цөөн ч чанар сайн./инээв/
-Монгол түмний морины их шүтээн дээрээ тулгуурлаад дэлхийн морины музей байгуулна гэсэн мөрөөдөл чинь хэзээ биеллээ олох бол?
-Монгол түмний морины их шүтээн цогцолбор цаашдаа Өвөрхангай аймагт асар том хөрөнгө оруулалтын үүд болно. Зориод ирж байгаа хүмүүсээ амруулчих буудал савнаас эхлээд төлөвлөсөн юм их бий. Энэ бүхэн хийгдсэний дараа зөвхөн Өвөрхангайг чимэглэдэг биш Монголыг чимэглэдэг аялал жуучлалын гол төвүүдийн нэг болгоно гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа. Бид олон зүйлийн анхдагч байсан. Цаашид ч байна гэж боддог. Түүний нэг нь дэлхийн адууг нэг дор цуглуулж, гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирладаг болно. Энэ мөрөөдөл удахгүй биеллээ олноо.
-Арвагар хээрийн болон Монголын хурдан хөгжилд оруулсан хувь нэмрийг тань үнэлж машинаар шагнасан гэж сонссон юм байна?
-Надад хувьд маань бишээ, холбооныхоо ажлыг амжуул гэж өгсөн юм.УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Баттүвшин “Рагчаабадамдамдин” сангийнхаа нэрийн өмнөөс LEXUS 450 машин бэлэглэсэн. Танай сониноор дамжуулж Баттүвшиндээ нийт уяачдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
А.Тэлмэн