Нэвтрэх Бүртгүүлэх
 
Зар сурталчилгааны цоо шинэ хэв загвар гаргахыг хүсч байна
Beheedei-3254.jpg
3 жилийн өмнө | Түгээх :
2 Санал өгөх
Б.Бэхээдэй: МОНГОЛД зар сурталчилгааны цоо шинэ хэв загвар гаргахыг хүсч байна

Их хотын залуус Сүхбаатарын талбай, Явуугийн цэцэрлэг, Зайсан толгойд болзохоос илүүтэй цахим ертөнцөд уулзаж, санаа бодлоо солилцон, үзэл бодлоо илэрхийлэхийг эрхэмлэдэг болжээ. Тэдний нэг нь Б.Бэхээдэй. Цахим орон зайд байрлуулсан түүний бүтээлүүдийг анх санамсаргүй олж үзсэн юм. Видео арт, орон зайн урлаг, Монголын эртний улсуудын газрын зураг гээд өөр өөр арга барилаар хийсэн бүтээлүүд нь эзнээ хэн болохыг хэлээд өгнө.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Аль сургуулийг төгсөв. Одоо хаана ажиллаж байна вэ гээд л?
-Намайг Билгүүдэйн Бэхээдэй гэдэг. Би 2009 онд СУИС-ийн Соёл урлагийн удирдлагын ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хоёр жил Монголын урлагийн зөвлөлд гэрээгээр ажиллаж байгаад одоо “MCS менежмент” компанид ажиллаж байна.

-График дизайн чиглэлээр уран бүтээл туурвидаг юм байна. Энэ чиглэлээр ямар бүтээлүүд  хийсэн бэ?
-График дизайны чиглэлээр оюутан байхаасаа л ажиллаж эхэлсэн. Энэ чиглэлээр хийсэн уран бүтээл гэвэл олон улсын “Tiger Translate” уралдаанд оролцсон бүтээл байна. Мөн нүүдэлчдийн түүхийг өгүүлсэн атласт зориулж нэлээд олон зураг зурсан. Одоогоор реклам, зар сурталчилгааны компанит ажлууд дээр уран бүтээлээ үргэлжлүүлж байна даа.

-Бас видео арт чиглэлээр уран бүтээл хийсэн байсан?
-Уг нь видео арт чиглэлээр нэг их уран бүтээл хийгээд байдаггүй л дээ. Дани улсад зохиогдсон уралдаанд оролцогчдын бүх уран бүтээлчийг нийлүүлэн нэг видео болгосон юм. Түүнээс биш би өөрөө бол видео арт бараг хийж байгаагүй ээ.

-Өөрийн чинь бүтээлд элсэн цагны зураг байна. Нэг харахад бодит ч юм шиг, нэг харахад хийсвэр ч юм шиш, сонирхолтой юм аа. Энэ бүтээлийнхээ талаар?
-”Tiger Translate”-д оролцуулсан бүтээл маань байгаа юм. Хүмүүс тэр зурагт их дуртай байдаг. Бүтээлдээ хүний амьдралын эргэн тойронд байдаг ердийн зүйлсийг ашиглан урлагийн бүтээл болгохыг оролдсон. Бүтээлийн маань санаа нь хувьсан өөрчлөгдөх цаг хугацаа болоод байгаль орчны өөрчлөлт зэрэг олон сэдвийг хөндөхийг хичээж, хүмүүс харахад л ойлгогдохоор энгийнээр хийхийг оролдсон бүтээл юм. Уг бүтээл маань их амжилтад хүрсэнд би их баяртай байдаг. Монголоос шалгарч, мөн Авсрталийн тэмцээнд хоёрдугаар байрт орсон бүтээл.

-”Tiger Translate” олон улсын уралдаанд хэр амжилттай оролцсон бэ?
-Дээр хэлсэн элсэн цагтай бүтээл бол уг уралдаанд зориулж хийсэн бүтээл маань. Энэ бүтээл маань Монголоос шалгаран Дани улсад зохиогдсон олон улсын наадамд оролцсон юм. Мөн Австралид хоёрдугаар байр эзэлсэн. Уг бүтээл нь “Хувьсал” нэртэй. Цаг хугацаа өнгөрөхөд бүх юмс хувьсан өөрчлөгддөгийг, мөн байгаль орчны өөрчлөлтийг хөндөхийг хичээсэн. Харин Копенгагенд очоод Сидсел гэдэг Дани эмэгтэйтэй хамтран Монголд хийсэн бүтээлийнхээ санааг үргэлжлүүлж видео ажил болгосон юм. Тухайн үедээ их сонирхолтой шинэлэг болсон санагддаг.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Уран бүтээлч хүмүүс байдаг уу?
-Аав, өвөө маань хэл бичгийн эрдэмтэн хүмүүс. Өвөө маань нэрт эрдэмтэн Ш.Гаадамба гэж хүн байсан. Намайг маш бага байхад бурхан болсон учраас өвөөгийн талаар тийм ч их дурсамж үлдээгүй л дээ. Нэг удаа өвөөгийнд очиход гэртээ байсан гитарыг хөглөж өгөөд, тоглож байсныг нь санадаг. Энэ мэт маш бага дурсамж үлдсэн. Гэхдээ өвөөгийн маань бичсэн маш олон ном, зохиол, эрдэм шинжилгээний ажлууд байдаг учраас одоо ч гэсэн хийж бүтээсэн бүхэн нь түүнийг үргэлж амьд сэрүүн яваа юм шиг л байдаг. Харин аав минь өвөөгийн мэргэжлийг өвлөж авсан, эрдэмтэн, судаач хүн байдаг. Гэр бүлийнхэн маань янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс. Гэхдээ уран бүтээлч ч юмуу урлагийн хүн байхгүй л дээ. Би багадаа морин хуур тоглодог байсан маань надад их нөлөөлсөн юм шиг байгаа юм. Дунд сургуулиа төгсөөд ямар их сургуульд орох вэ гэдэг сонголт хийх болсон чинь яагаад ч юм СУИС-д орохоор шийдсэн. Гэр бүлийнхэн маань ч нэг их эсэргүүцээгүй. Тэгээд л гэр бүлийнхнээсээ шал өөр салбарт хүч үзэх болсондоо. Хүмүүс аав, өвөөгийнхөө мэргэжлээр яагад яваагүй юм гэж олон асуудаг.

-Залуу хүнээс цаашдын зорилгыг нь асуумаар байна?
-Яг одоо би Монголд цөөхөн байдаг маркетингийн креатив агентлагт ажиллаж байна. Энэ ажил маань надад маш их таалагддаг. Цаашдаа энэ салбартаа мэргэшиж Монголын нөхцөлд таарсан зар сурталчилгааны хэв маягийг гаргахыг хүсдэг. Ер нь ямар ч хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, тэр бүхэндээ хүрэхийн тулд өөртөө зорилго тавьж тууштай хөдөлмөрлөж байна даа.​


Г.СОНИНБАЯР