Нэвтрэх Бүртгүүлэх
 
Г.Олдохзаяа: Эмпати сургуулиуд ESAP "Empathy study abroad program" буюу Гадаадын их сургуульд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна
57083788_272603420287192_1047206416533684224_n-17856.jpg
4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Г.Олдохзаяа: Эмпати сургуулиуд ESAP (Empathy study abroad program) буюу Гадаадын их сургуульд бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна


Олон нийтэд “Мон-Турк” нэрээр танигдсан Баян-өлгий, Дархан, Эрдэнэт болон Улаанбаатар хотуудад салбар сургуультай “Эмпати сургуулиудын удирдлагын баг энэ хичээлийн жилд шинэчлэгдсэн бөгөөд сургалтын хөтөлбөрт нэлээд томоохон шинэчлэлүүдийг хийжээ. Гол зорилго нь мэдээж сурагчдаа дэлхийн иргэн болгоход бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшүүлэх, шилдэг их, дээд сургуулиудад суралцуулах. Энэ талаар  салбар сургуулиудын нэг болох “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Г.Олдохзаяатай ярилцлаа. Тэрбээр 2011 онд “Улаанбаатар Эмпати” сургуульд физикийн багшаар ажиллаж эхэлснээс хойш боловсролын салбарт тасралтгүй зүтгэж яваа нэгэн. Энэ хугацаанд Eduzone сургалтын төвийг үүсгэн байгуулж, олон зуун хүүхдийг дотоодын болон гадаадын шилдэг их, дээд сургуульд амжилттай элсэхэд нь бэлтгэсэн туршлагатай багш, удирдагч юм.

 

- “Улаанбаатар Эмпати” сургууль улиран өнгөрч буй хичээлийн жилд нэлээд олон шинэчлэлийг нэвтрүүлсэн юм байна. Тэр дундаа сургалтын хөтөлбөртөө өвөрмөц байдлаар өөрчлөлт оруулсан гэж сонссон. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

 

- Манай сургууль энэ хичээлийн жил 8-10, 11-12 дугаар ангидаа хоёр өөр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Юуны өмнө 8-10 дугаар ангидаа Кэмбрижийн хөтөлбөрийг  эхлүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ сургалтын хөтөлбөрийн албан ёсны эрхийг Кембрижийн төвөөс  авахад 4 шатлал дамждаг бөгөөд өнгөрөгч оны 12-р сард Хятад дахь Азийн бүсийг хариуцсан  Кэмбрижийн төвийн төлөөлөгчид ирж, эцсийн байдлаар танилцаж, хянаад, амжилттай гэж дүгнэн албан ёсны гэрчилгээг олгосныг дуулгахдаа таатай байна. Ингээд албан ёсны эрхтэй болсноор “Улаанбаатар Эмпати” сургууль нь  Кэмбрижийн сургалттай боллоо. Өнгөрсөн хугацаанд тэдний ирж хянаж байгаагийн шалтгаан нь үнэхээр сургалт нь стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг үзэх, шалгах зорилготой байсан. Тиймээс Кэмбрижийн хөтөлбөрт шилжиж буй сургууль анх туршилтын журмаар сургалтаа явуулсан байх ёстой байдаг. Манай сургууль математик, физик, хими, биологи, болон англи хэл гэсэн таван хичээл дээр Кэмбрижийн систем, хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон улсын хөтөлбөрийн дагуу хичээлээ зааж байна.

 

-Кэмбрижийн хөтөлбөртэй болсны гол давуу тал нь юундаа байдаг юм бэ?

 

-Кэмбрижийн сургалтын хөтөлбөр анх 150 жилийн өмнө үүссэн бөгөөд одоо цагт дэлхийн 160 гаруй орны 10,000 - аас дээш сургуульд хэрэгжиж байна. Кэмбрижийн сургалт бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, сайн сургалт гэдгийг энэ тооноос харж болохоор байна. Уг хөтөлбөр нь багш болон сурагчдын ашиглах сургалтын материалуудыг маш сайн  тооцоолж, цагийн тогтолцоотой нь уялдуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр маш нарийн төлөвлөн гаргасан систем юм. Тухайлбал, шинжлэх ухааны хичээлүүдийг жил тутам давтах хэлбэрээр үздэг ба онолын мэдлэгийн зэрэгцээ практик туршилтуудаар дамжуулан “яагаад шинжлэх ухааны хичээлүүдийг судлах ёстой вэ”, “хичээл дээр судалж буй тухайн агуулга нь амьдралд ямар хэрэгтэй вэ” гэдгийг ойлгуулж өгдөг.

 

Энэ системийн өөр нэг чухал ач холбогдол нь сурагчид маань Кэмбрижийн шалгалтуудыг өгсөн тохиолдолд сертификат нь гадаадын их, дээд сургуулиудад шууд хүлээн зөвшөөрөгддөг. Манай сургууль Кэмбрижийн IGCSE буюу дунд боловсролын шатлалыг амжилттай хэрэгжүүлж эхлээд жилийн хугацаа өнгөрлөө. Тиймээс дараа жил сурагчид маань анх удаагаа IGSCE олон улсын шалгалтыг 5 төрлийн хичээлээр өгөх бүрэн боломжтой болох юм. Хэрэв энэ шатны шалгалтын дүн сайн байвал гадаадын их дээд сургуулиудад элсэн орох боломж нэмэгддэг. Мөн энэ шалгалтаа өгсөний дараа жилээс нь гүнзгийрүүлсэн түвшний буюу AS, A level-ийн хичээлүүд сонгон судлах боломжтой болно. A level хөтөлбөр нь нилээд гүнзгийрсэн хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл ахлах сургуульд энэ хөтөлбөрийн дагуу авсан хичээлүүдээ гадаадын их сургуулиудад хаалгах боломжтой болдог.

 

-Та 8-10 дугаар ангийн тодорхой хичээлүүдийг Кэмбрижийн хөтөлбөрөөр зааж байна гэж ярилаа. Тэгэхээр 11, 12 дугаар ангийн хүүхдүүд нь энэ хөтөлбөрөөр хичээл үзэхгүй гэсэн үг үү?

 

-Төгсөх ангийн сургалтандаа бид тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. 10-р анги төгсөтлөө Кэмбрижийн системээр хичээл заалгасан хүүхдүүдийн англи хэлний түвшин маш сайн болсон байх учраас англи хэлний хувьд л гэхэд 11-р ангиас эхлээд шууд IELTS-ийн давтлага, хичээл  болон эрчимжүүлсэн хичээлүүд орж, TOEFL, SAT гэсэн гол шалгалтууддаа бэлдээд явж байна.

Стандарт хичээлээс нь гадна нэмэлтээр байгалийн ухааны дөрвөн хичээл буюу математик, физик, хими, биологийн бүх сэдвийг эхнээс нь дуустал заана. Ингээд 12-р ангидаа ороод сурагчид зөвхөн дэлхийн шилдэг их, дээд сургуульд хэрхэн орох вэ гэдэгт л төвлөрнө гэсэн үг. Мөн хүүхдүүдийн маань хичээлээс гадуурх олон нийтийн болон сайн үйлсийн аяны арга хэмжээнд оролцох идэвхи, бүтээлч байдлыг нь хөгжүүлэх, идэвхжүүлэх, тууштай болгоход 8-р ангиас нь эхлэн анхаарал тавьж, нийгмийн ажлаа үүнд чиглүүлж ажиллаж байна. Энэ нь гадаадын их дээд сургуульд элсэн ороход нь маш том дэмжлэг болдог. Энэ бүгд нийлээд манай сургуулийн хийж байгаа хамгийн гол шинэчлэл юм.

 

-Тэгвэл сурагчдаа аль болох гадны их, дээд сургуулиудад сургахыг зорьж байгаа гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ. Хамгийн гол нь хүүхдүүд маань Америк, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнууд дахь дэлхийн шилдэг их сургуулиудаас хамгийн боломжит хэмжээгээр тэтгэлэг авах, Засгийн газрын тэтгэлэгт шалгалтуудад олноор хамрагдах явдал юм. Үүний тулд зүгээр нэг эссэ бичээд, материалаа өгөөд болчихдоггүй. Маш нүсэр, шат дараатай ажил байдаг. Тийм ч учраас сурагчдынхаа төлөө бид College Counceling Center байгуулж, ESAP (Empathy Study Abroad Program) хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бол манай сургуулийн бас нэг томоохон шинэ ажил. Энэ ажлын хүрээнд дээрх сургалтын хөтөлбөрийн шинэчлэлүүд уялдаад явах юм. ESAP хөтөлбөр нь IELTS, SAT, IBT  зэрэг шалгалтуудад бэлтгэхээс гадна хүүхдийн нийгмийн ажил, олон нийт, сайн үйлсийн аянд  оролцох оролцоо, идэвхи, тууштай байдлыг нь бодлого, хөтөлбөрөөр дэмжин ажиллах агуулгаас бүрддэг. Сурагчдын өвлийн амралтаар бид таван Эмпати сургуулийнхаа 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд IELTS-ийн вакумжуулсан сургалтыг ESAP хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн. Мөн бид SAT bootcamp, essay camp зэрэг эрчимжүүлсэн, вакуумжилсан сургалтуудыг хичээлийн жил дууссаны дараа  явуулах төлөвлөгөөтэй байгаа.  Цаг үеийн нөхцөл байдлаас үүссэн өвлийн урт хугацааны амралт ч нэг талдаа бидэнд сурагчиддаа хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бий болгож өгсөн. Тус сургалтын үр дүн маш өндөр байсан гэдгийг сурагчдынхаа сэтгэл ханамжаас бид хангалттай мэдэрсэн. Ер нь боловсролын салбарт ажиллаж байгаа бид сурагчдынхаа гаргаж буй амжилтаар бахархаж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг тэднээсээ авдаг.

 

Өнөөдөр дэлхийн топ 500  шилдэг их сургуулийн 139 буюу 30 орчим хувь нь АНУ-д байдаг юм байна. Тэдгээр сургуулиудад манай төгсөгчид суралцах бүрэн боломж байна. Энэ боломжийг хангаж, гүүр болж, сурагчдаа эртнээс бэлдэж, дэлхийн иргэн болгох нь College counceling төслийн маань зорилго.

 

-Энэ хөтөлбөрийнхөө талаар та арай илүү дэлгэрэнгүй ярихгүй юу. Хүүхдүүдийг хэрхэн холбох вэ? Нэг ёсондоо танай сурагчид боловсролын жуучлагч байгууллагуудад хандах ямар ч шаардлагагүй болно гэсэн үг үү?

 

-Ер нь бол тийм. Гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэг горилж байгаа сурагчдад зөвхөн шалгалтын оноо хангалттай биш байдаг. Шалгалтын оноо бол стандарт зүйл болчихсон, тухайн хүнийг хэмждэг гол хэмжүүр биш юм. Үүнээс гадна хоёроос гурван эссэ бичих хэрэгтэй болдог. Эссэнээс тухайн хүүхэд хэн бэ гэдгийг олж харах юм шүүдээ. Тиймээс тэр олон мянган элсэгчдийн эссэнээс ялгарахын тулд чин сэтгэлээсээ бичсэн, үнэн зөв мэдээлэлтэй, өөрийгөө илэрхийлсэн түүхийг бичих шаардлагатай болдог. Хэрэв тухайн сурагч зөвхөн хичээлдээ л сайн дүн аваад, ямар нэгэн нийгмийн ажил, сайн үйлсийн ажил зэрэгт оролцдоггүй байсан бол өөрийгөө илэрхийлсэн сайн эссэ бичихэд хүндрэлтэй байдаг. За ер нь эссэгээ бичиж чаддаггүй, тэрнээсээ болоод хүссэн сургуульдаа тэр болгон элсэн орж чадахгүй байх тохиолдол маш олон байдгийг хэлчихье. Тийм ч учраас бид эссэгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадварыг хүүхдүүддээ олгох гээд байгаа юм. Ер нь бол манай сургуулийн хүүхэд 9-р ангиасаа эхлэн өөрийгөө таньж мэдэх энэ замналаа эхлүүлнэ гэсэн үг. “Эссэ болох” хамгийн гоё гоё түүхийг нь бүтээхэд нь бид туслах, чиглүүлэх, хурцлах, дэмжих үүрэгтэй юм. Мөн бид орон тооны зөвлөх, туслах чиглүүлэх үүрэг бүхий  college counselor ажиллуулж байгаа нь манай сурагчид хүүхдүүдэд  гадаадад тэтгэлэгтэй суралцахад маш их тус дэм болдог.

 

-Түүх гэхээр зөвхөн хичээл биш гэж ойлгогдож байна, тийм үү? Тэр түүхэд өөр юу юу батлах хэрэгтэй вэ?

 

-Хичээлдээ маш сайн, сурлага сайтай, олимпиадад амжилттай оролцож байсан хүүхдүүд тэтгэлэг авч чадахгүй тохиолдол байдаг. Хүүхдүүд маань зөвхөн хичээлдээ анхаарах биш, өөрсдийгөө олон талаас нь хөгжүүлэх ёстой юм. Нийгмийн идэвхи, оролцоо сайтай хүүхдүүдийг гадаадын их дээд сургуулиуд бие хүн талаас нь өндрөөр үнэлдэг. Тиймээс хүүхдүүдийнхээ тал талын хөгжлийг хангах үүднээс манай сургууль сурагчдаа олон улсын чанартай тэмцээн уралдаан, мэтгэлцээн зэрэг төрөл бүрийн арга хэмжээнүүд, олон нийтийн, сайн үйлсийн аян болон улсын, олон улсын олимпиадуудад аль болох идэвхтэй хамруулахыг хичээн ажиллаж байна.

 

Тухайлбал, энэ жил “Улаанбаатар Эмпати” сургууль “ChemiCo” олон улсын химийн олимпиадыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгууллаа. Анхны жилийн хувьд манай Дархан, Орхон, Баян-Өлгийн Эмпати сургуулиудын сурагчид оролцсон. Онлайнаар даалгавар авч, 30 гаруй орны сурагчидтай өрсөлдсөн. “Улаанбаатар Элит” сургууль Owlypia гээд шинжлэх ухааны олон улсын тэмцээн болон World Scholar’s Cup олон улсын мэтгэлцээний тэмцээн, MUN (Model United Nations) НҮБ-ын загвар хурлыг мөн бидэнтэй хамтран амжилттай зохион байгуулж ирсэн. Эдгээр тэмцээнд бусад сургуулийн хүүхдүүд ч идэвхтэй оролцож, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой.

 

Үүнийг дагаад оролцоо сайжирна, өрсөлдөөн нэмэгдэнэ. Хүүхдүүд нийгмийн идэвхтэй болж, манлайлах, багаар ажиллах чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлээд зогсохгүй оролцоогоо сертификатаар баталгаажуулах нь ач холбогдолтой юм. Олон улсын эдгээр тэмцээнд амжилттай оролцвол дараагийн шатны тэмцээнд нь гадны томоохон их, дээд сургууль дээр очих боломж гардаг. Тухайлбал, Owlypia тэмцээний хоёрдугаар шат Англи, Австрали, Америк, Сингапурт болно. Манай сурагчид шалгарвал Америкт Харвардын их сургуульд очиж төгсгөлийн шатанд өрсөлдөнө. Энэ бол тухайн хүүхдийн хувьд маш чухал, нэр төрийн хэрэг шүү дээ. Очиж оролцоход нь бид зөвлөгөө өгнө. Дэлхийн томоохон их сургуульд зочлохын зэрэгцээ сургуулийн элсэлтийн хэсэгт нь очоод тухайн хүүхэд холбоо тогтоох, яаж элсэх тухай зөвлөгөө авах маш том боломж болдог.  Дараа нь мөн энэ бүх түүхээ эссэндээ тусгана гэсэн үг юм. Манай сургуулийн багш сурагчид зөвхөн өнгөрсөн жилийн хувьд гэхэд Италийн Милан хотноо болсон Нэгдсэн Үндэсний байгууллагын загварчилсан хурал буюу MUN, Малайз улсын Куала Лампур хотод болсон World Scholars Cup Global round  мөн Их Британий Кембрижийн их сургуульд зохион байгуулагдсан олон улсын “The intellectuals’ challenge”тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн билээ. Амжилтуудаас нь товч дурьдвал: “The intellectuals’ challenge” тэмцээнд манай сургуулийн 12 сурагч оролцож, 19 медаль, 5 цом, World Scholars Cup Global round –д 6 сурагчийн бүрэлдэхүүнтэй 2 баг амжилттай оролцож нийт 7 алт, 4 мөнгөн медаль хүртэж, баг тус бүр цомын эзэд болсон бахдам амжилтаар дүүрэн байна.

 

Мөн бид 9-р ангиас нь эхлэн сурагчиддаа мэргэжлээ зөв сонгоход зориулж төрөл бүрийн мэргэжлийн салбарын мэргэшсэн ажилтан, төгсөгчдөөрөө семинар, лекцэнд хамруулж мэргэжил бүрийн онцлогууд, давуу, сул талуудыг ойлгуулж мэргэжлээ зөв сонгоход тусладаг.

 

-Тусгай хөтөлбөрийн талаар дээр дурдсан, байгалийн шинжлэх ухааны болон англи хэлний хичээлийг өөр байдлаар заана гэж. Бусад хичээлийн хувьд яах вэ? 

 

-Мэдээж хэрэг бусад хичээлүүдийг ч анхааралгүй үлдээнэ гэж байхгүй. Ялангуяа, монгол хэл, газар зүй, уран зохиолын хичээлүүд сурагчдад зөв сэтгэлгээг бий болгож, зөв монгол хүнийг бүтээхэд маш чухал нөлөөтэй байдаг. Биеийн тамирын хичээл ч чухал. Хүн эрүүл байснаар эрүүлээр сэтгэж, аз жаргалтай, урам зоригтой байж чадна. Ер нь хичээл болгон чухал гэдгийг хүүхдүүдэд маш сайн ухамсарлуулж, тайлбарлахыг чухалчилдаг.

 

-Танай төгсөгчдөөс жил бүр хэд нь хилийн чанадад их сургуульд суралцахаар явдаг вэ? Мөн Монгол улсын их, дээд сургуулийн ЭЕШ-д танай төгсөгчдийн авдаг оноо ямар түвшинд байдаг вэ?

 

- Жил бүр тухайн жилийн төгсөгчдийн маань 30 хувь, үлдсэн төгсөгчдөөс дараа жил нь дахиад 30 хувь буюу нийт 60 гаруй хувь нь гадаадын их сургуулиудад элсэн орж суралцдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор манай сургууль улсын хэмжээнд тогтмол эхний 10 байрын нэгд ордог. Энэ нь манай сургууль хүүхэд нэг бүрийн хөгжлийг хэрхэн дэмждэгийг харуулж байгаа нэгэн том үзүүлэлт юм.

 

-Цаашид өөр ямар шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ойрын төлөвлөгөө гэвэл сурагчдын зуны амралтаар таван Эмпати сургуулийнхаа ахлах ангийн сурагчдын дунд ESAP хөтөлбөрийнхөө хүрээнд зуны сургалтыг явуулна. Empathy Study Abroad Program гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд анхны сургалтаа бид өнгөрсөн оны наймдугаар сард хичээл эхлэхийн өмнө хими, биологийн олимпиадын сурагчдыг хамруулан “Дархан Эмпати” сургууль дээр зохион байгуулсан. Маш өгөөжтэй болсон учраас цаашид энэ хөтөлбөрөө тогтмолжуулахаар зорьж байна.

 

Цаашдаа Кэмбрижийн AP буюу Advanced Placement шалгалтын Монгол дахь төв болохыг мөн зорьж байна. Угаасаа манай Эмпати сургуулиудын өнгөрсөн 24 жилийн турш ашиглаж байсан сургалтын бодлого, хөтөлбөр, материаллаг бааз AP түвшинд явж ирсэн нь өнөөгийн амжилтыг бий болгосон.

 

Илүү том төлөвлөгөө бол сурагчдаа АНУ-ын хамгийн шилдэг 8 сургууль гэж нэрлэгддэг IVY League-д сургахад чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ. Яагаад Эмпати сургуулийн сурагчид Харвард, Yale, Princeton-ы их сургуульд олноороо орж болохгүй гэж. Энэ бол холын мөрөөдөл биш, бид энэ боломжийг сургагчиддаа олгох болно.

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Улам их амжилт хүсье.

 

Танд баярлалаа...



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.