Нэвтрэх Бүртгүүлэх
 
БЯЦХАН ЗҮРХ АЙЖ БАЙНА
45073546_727053517645998_1727508229535039488_n-17675.jpg
1 өдөр 3 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

БЯЦХАН ЗҮРХ АЙЖ БАЙНА


Сошиал сүлжээ их хөгжсөнөөс ч тэр үү сүүлийн үед энд тэнд хүүхэд алга боллоо, хайж байна гэх мэдээлэл ихсэх болов. Өнгөрсөн бямба гаригт гэхэд л Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын зургаан настай Б.Амгаланбаяр хүү гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон тухай мэдээлэл гарсан. Гэвч өчигдөр 18 цагийн орчимд хүүгийн цогцос трашейнаас олдсон юм.


Улсын хэмжээнд 18 нас хүртэлх нэг сая гаруй хүүхэд байдаг байна. Тэдний 800 мянга орчим нь нийслэл хотод амьдардаг аж. Өнгөрсөн оны байдлаар 1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 127 нь амь насаа алдсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар цаг бусаар 34 хүүхэд амь насаа алдсан гэх тоо баримт байна. Түүнчлэн өдөрт 15-20 хүүхэд алга болсон мэдээлэл Цагдаагийн газарт ирдэг аж.


Шалтгаан нь камергүй гудамж, таглаагүй траншей, ил задгай цахилгааны утас, эцэг эхийн хайхрамжгүй байдал, хурд хэтрүүлэх, гэр бүлийн харгислал хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.


Одоо л ингэж хүүхэд алга болох тохиолдлууд ихсээд байна уу гэвэл үгүй. Харин цахим хэрэглээ ихэссэнээр олон түмэнд мэдээлэл түгэх нь илүү болсон хэрэг. Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад одоог хүртэл ор сураггүй алга болсон охины хэрэг нийгэмд цочроо өгсөн юм. Мөн сүүлийн хэд хоног цахим сүлжээгээр хүүхэд алга болж, эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл их явсныг та анзаарсан байх. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хаана хангагдаж байна вэ. Гэрийнхээ ч гадаа тоглож чадахааргүй болтлоо айдас түгшүүрт аж төрч байна.


Эх хүн, эмэгтэй хүн гэх утгаар нөгөө л эмэгтэй гишүүддээ хандъя. Хүүхдүүд чинь гэмт хэргийн золиос болж, алга болоод байхад гишүүд минь хаана байна вэ. Эрчүүд нь улс орноо бүтээх гэж амаа уралдацгаана л биз, ядаж эмэгтэй гишүүд дотоод асуудалдаа анхаарах хэрэгтэйсэн. Хүүхдийн гэмт хэрэг, алга болох гэх асуудал дахиад ямар түвшинд хүрч байж та нар минь дуу хоолойгоо өргөх вэ. Санаагаа тавих вэ. Хүүхдээ хамгаалж, бөөцийлж чадахгүй бол та нар минь гавьцгаахгүй л байгаа шүү.

 

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.