Нэвтрэх Бүртгүүлэх
 
БИД ЭХ ОРОНДОО ӨРТЭЙ ЮҮ?
1429693299_93587785431782015-04-20-13-04www.urlag.mn-17643.jpg
4 өдөр 9 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

БИД ЭХ ОРОНДОО ӨРТЭЙ ЮҮ? 

 

 

 “....Гурав хоногийн өмнө л надтай таарахад тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж байна гээд зүгээр явж байсан юмсан.  Хөөрхий........ маань улсад олон жил хүчин зүтгэж, олон эрдэм мэдлэгтэй залуусыг төрүүлснийхээ гавъяаг эдэлж чадсангүй дээ” .. гэх яриа нэг нь 50, нөгөөх нь 60 хүрч байгаа болов уу гэмээр хоёр настны хооронд автобусанд өрнөсөн юм. Энэ бол улсад олон жил ажилласан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадаагүй явсан харамсалтай олон жишээний нэг.


Өнөөдөр Монгол улсын хөдөлмөр эрхэлдэг иргэн бүр нийгмийн даатгал төлөх журамтай байдаг. Нийгмийн даатгал нь “1. тэтгэврийн, 2.тэтгэмжийн, 3. эрүүл мэндийн, 4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, 5. ажилгүйдлийн гэсэн төрөл байдаг бөгөөд хуулинд заасан нөхцөлд төлсөн шимтгэлийнхээ хугацаа, хэмжээгээр эргүүлэн тэтгэмж хэлбэрээр авах зохицуулалттай.   


 Гэвч манайд тэтгэвэрийн даатгалын тогтолцоо бодит байдалтай нийцэхээргүй, луйврын шинжтэй гэхэд хилсдэхгүй. Манай улсад  тэтгэвэрийн насыг  эрэгтэй 60-65, эмэгтэй 55-60 нас байхаар хуульчилсан байдаг. Гэтэл 2016 оны байдлаар Монголын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрэгтэйчүүдийнх нь 65 байна” гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Энэ тоо бодит байдал дээр илүү бага байх тохиодол ч бий. Аливаа улсад тэтгэвэрийн тухай хууль нь тухайн улсын хүн амын насжилтаас хамаарч тогтоогддог байна. Харин манайд эсэргээрээ буюу бараг тэтгэмж өгөхгүй гэсэн “заалттай”.


Хамгийн гол нь насаараа ажилласны тэтгэмжийг тухайн хүн өөрөө л авах эрхтэй буюу даатгуулагч нас барсан тохиолдолд үр хүүхэд гэр бүлийнхэнд нь өвлүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй. Тиймээс энэ мөлжлөгийн гэмээр тогтолцоонд өөрчлөлт оруулж тэтгэвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар ард иргэд олон ч жил ярьсан.


Энэ асуудлыг шийдвэрлэхээр нэг хууль гаргаж байсан нь 2014 оноос 2016 он хүртэл үргэлжилсэн Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсвэл нөхөрт үргэлжүүлэн олгогдох тухай хууль байсан юм. Гэхдээ мөн л олон талаар учир дутагдалтай хууль байсан. Хэдийгээр бүх хүнд хүрч чадахгүй хуулийн заалттай байсан хэдий ч одоогийн хууль, нөхцөл байдлыг харахад маш хэрэгтэй хууль байсныг олон жишээ нотолж байгаа юм. Тухайлбал, уг хууль хэрэгжсэнээр гэр бүл салалт эрс буурна гэж судлаачид үзжээ. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй ихэнх орнууд даатгуулагчийг нас барсан тохиолдолд тэтгэврийг нь өв залгамжлуулдаг байхаар хуульчилсан байдаг. Нөгөө талаар тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдардаг манай ахмадуудын хувьд энэ хууль амжиргаанд нь багагүй дэмтэй юм.


Эндээс залуудаа цалингаас цалингийн хооронд амьдарч өтөл насандаа жаргана хэмээн төрд “хадгалуулсан” хөрөнгөө эдэлж ч чадалгүй, хань, үр хүүхэддээ өвлүүлж ч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь манай төрийн бодлого арай “харгис” бодлого баримталж байна уу гэлтэй. 


Өнөөгийн ардчилсан нийгэмд өөрийн “бүтээсэн хөрөнгийг” бусдад өвлүүлэх эрхгүй юм бол тэтгэвэрт гарах насыг бууруулах хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр  нэгдүгээрт, хөдөлмөрөө төрд “шулуулж” байна гэх асуудал шийдэгдэнэ. Хоёрдугаарт, залуу үеийнхний толгойны өвчин болсон ажлын байрны асуулдал тодорхой хувиар шийдэгдэх эерэг нөлөөтэй юм.


Үүнээс гадна насаараа төлсөн нийгмийн даатгалын мөнгөн дүнг тэтгэвэрт гарсны дараа өөрөө хүсвэл үнийн дүнгээс хамаарч гурав хувааж авах боломжтой хуулийн заалт оруулж болох юм. АНУ-д л гэхэд иргэд хүсэлт гаргаад нийгмийн даатгалаа хоёр хуваан авдаг тогтолцоо байдаг байна. Ингэснээр насаараа хөдөлмөрлөж бүтээсэн хөрөнгөө өөрийн дураар зарцуулах эрхтэй болно.


 

Р.Хишигжаргал

 



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.