Нэвтрэх Бүртгүүлэх
 
Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад аймаг орон нутгийн оролцоо чухал нөлөөтэй
4677689344_n_20180822114005-17605.jpg
3 сар 4 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад аймаг орон нутгийн оролцоо чухал нөлөөтэй



Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар хэрэгжүүлэн Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байсан. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Жаргалант сум, Дархан, Сэлэнгэ аймгуудад нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

 

 

 

Төв аймаг Жаргалант сумын төвөөс 18 км-т Бор хужирын амны дээд талд Дэлгэр булгийн дэнжид 1723-1724 оны хооронд Халхын шарын шашны "Номын Их Хүрээ" нүүдэллэн ирж түр суурьшиж байжээ.


 

Улаанбаатар хоттой хамгийн ойр орших төв аймаг 94 мянга гаруй хүн амтай. Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад төв аймгийн удирдлагуудын зүгээс хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлт их чухал юм. Тухайлбал тус аймагт 35 мянган иргэн газар өмчилсөн байдгаас 20 мянга гаруй нийслэл хотын харьяат иргэн байна. Мөн 2 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 500 аж ахуй нэгж Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг аж. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ “Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад манай аймаг, орон нутгийн оролцоо их байна. Бид Улаанбаатар хоттой хамтран орон сууцны хангамжийг шийдэх талаар хамтран ажиллах хэрэгтэй. Хүн амын төвлөрлийг сааруулахад орон сууцны хангамж хүрэлцээ, түүнийг дагасан үйлдвэр үйлчилгээний талаар зайлшгүй хөндөгдөнө. Энэ хүрээнд бид 1000 айлын орон сууцны 2 дахь ээлжийг барьж ашиглалтад оруулахаар холбогдох яам, агентлагтай ярилцаж байна.


 

Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Майдар сити дагуул хотыг бий болно. Үйлдвэрлэл эрхлэгчдийг татах замаар аймгийнхаа нутаг дэвсгэрт үйлдвэр байгуулах эхлэлийг тавьж байна. Энэ ажлын хүрээнд “Говь”, “Гоёо” компанийн хамтарсан ноолуур боловсруулах үйлдвэрийг Сэргэлэн суманд байгуулж байна. Уг үйлдвэрт хоёр мянган ажлын байр шинээр бий болно. Мөн Баянжаргалан суманд 6600 мегаваттын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц баригдахаар ТЭЗҮ хийгдсэн. Энэ станц Багануурын цахилгаан станцтай дүйцэх хүчин чадалтай байх бөгөөд нийт 7 мянган иргэд суурьшихаар төлөвлөгдсөн байна. Аймгийн Эрдэнэ суманд нэг махны үйлдвэр байсан бол Лүн, Баян, Аргалант суманд дахин гурван махны үйлдвэр баригдаж байгаа. Үйлдвэр олноор байгуулагдсанаар төвлөрлийг сааруулахад чухал үр нөлөө үзүүлнэ” гэж ярилаа.

 

 

 

Төв аймгийн Сэргэлэн суманд шинэ нисэх онгоцны буудал энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Шинэ нисэх буудлыг түшиглэн олон бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээ, суурьшлын бүс бий болох боломжтой юм. Сэргэлэн сумаар ачааны төмөр зам дамжин өнгөрөхөөр ТЭЗҮ боловсруулагдаж байгаа учир төмөр зам, авто замын тээврийг хөгжүүлэх боломжтой юм. Мөн шашин соёлын түүхэн дурсгалт газар Манзуширын хийдийг тохижуулах, шашин соёлын төв болгохоор төсөл боловсруулагдсан. Ирэх онд тус хийдийг бүрэн шинэчилж дэд бүтцийг шийдэх юм.

 

 

Төв аймаг 250 мянган га эргэлтийн талбайтай. Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад энэ жил 110 орчим мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 80 мянган га талбайд үр тариа тариалсан бол төмс 8 мянган га, хүнсний ногоо 1 мянган га, тэжээл болон тосны ургамал 10 мянган га-д тариалжээ. Энэ жил бороо элбэг зуншлага сайтай байсан учир ургац арвин авах төлөвтэй байна гэж нутгийн удирдлагууд онцолж байлаа. Тус аймаг энэ жил 42 мянган тонн мах бэлтгэж үүнээс өөрийн хэрэгцээнд 20 мянган тонн, нийслэл хотод 22 мянган тонн мах нийлүүлэхээр төлөвлөжээ. Сүү сүүн бүтээгдэхүүн 80 мянган тонн бэлтгэж нийслэл хотод 60 орчим мянган тонн, 50 мянган тонн төмс, 5 мянган тонн хүнсний ногоог зах зээлд нийлүүлэх юм байна.

 

 

 

Тус аймгийн мах, хүнсний ногоо бүтээгдэхүүнийг ченжийн гар дамжилгүй иргэдэд хүргэх тал дээр нийслэл хоттой хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Дүүрэг бүрт шууд борлуулалтын цэг байгуулан түүгээр дамжуулан иргэдэд хөдөө аж ахуйн гаралтай төмс, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн болон махыг борлуулдаг байхаар яригдсан. Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотод хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар санал санаачлага гарч, ажил хэрэг болохоор яригдаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.