Нэвтрэх Бүртгүүлэх
 
Д.АМАРБАЯСГАЛАН: ЁС ЗҮЙГҮЙ БҮХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО
1212-17583.jpg
2 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

Д. АМАРБАЯСГАЛАН: ЁС ЗҮЙГҮЙ БҮХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО



МАН-ын хоёрдугаар бага хурал эхэллээ. Бага хурлыг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр “Бага хурлын гишүүдийн ирц 53,5 хувьтай хүрсэн учраас хуралдуулъя хэмээн шийдсэн. Уг хурлаар үндсэн хоёр асуудлын талаар хэлэлцэнэ” гэв.

 

Үүний дараа МАН-ын хоёрдугаар Бага хурлын хэлэлцэх асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

“МАН-ын ээлжит хоёрдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хурлын 200 орчим гишүүд буюу 53,5 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүллээ” хэмээн ярилаа. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр бэлдсэн байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн 49 дүгээр нөхөн сонгуульд МАН-ын оролцох эсэх асуудал болон нэр дэвшүүлэх журмын Монгол улсын Сонгуулийн хуулинд нийцүүлж шинээр батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нөхөн сонгууль болохтой холбогдуулан Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Аудитын байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцэд үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар нөхөн сонгуульд МАН оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.

Тэрбээр Бага хурлын шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

 

-Бага хурлаар 60 тэрбумын асуудал яригдах уу?


-Энэ удаагийн бага хурлаар хэлэлцэхгүй.

 

-Энэ асуудалтай холбоотой нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай Хяналтын Ерөнхий хорооноос мэдээлэл хийсэн. Арга хэмжээ авах уу?


-Хяналтын хороо өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна. Хуралдааны шийдвэрийг олон нийтэд мэдээлсэн байна. Уг шийдвэрийнхээ албажуулсан тогтоолыг хараахан Намын удирдах зөвлөлд хүргүүлээгүй. Бидний зүгээс тус шийдвэрийг авсны дараа хурал Намын Удирдах зөвлөл хурлаа хийж, эдгээр асуудлын нам дотроо шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Ганц МАН гэлтгүй улс төрчдөд итгэх итгэл буурсан энэ цаг үед нам хэрхэн ажиллаж улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэлийг сэргээх вэ гэдэг гол зорилт, бодлогыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бидний зүгээс намаас сонгогдсон болон томилогдсон, 2016 оны ялалтын дүнгээр ажил алба хашиж байгаа албан тушаалтнуудад ажлын хариуцлага, ёс зүй, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа байдал зэрэг нь хэр байгаа гэдэгт дүгнэлт гаргаж, хариуцлага тооцно.


Энэ намаас сонгогдсон албан тушаалтнуудын ажилдаа хандаж байгаа байдал, хариуцлага алдсан байх судалгаа дүгнэлтийг шат шатандаа дүгнэх ёстой. Дүгнэлтээр гарсан асуудалд тодорхой хэмжээнд хариуцлага тооцох ёстой гэж манай нам үзэж байна.   


 

-Намын дүрмээр Бага хурлын гишүүдийг ямар тохиолдолд намаас хөөх журамтай байдаг вэ?


-Дүрмээр хүлээсэн үүргээрээ хамгийн түрүүнд Бага хурлыг хуралдаанд идэвхтэй оролцох, мөн Бага хурлын гишүүнийхээ татварыг хугацаанд нь төлөх, намынхаа нэр хүндийг өргөж хариуцлагатай ажиллах зэрэг шаардлага тавигддаг.


 

-Нөхөн сонгуульд ялалт байгуулах боломжтой гэж үзэж байгаа гишүүнийг нэрлэвэл.


-Манай намын хувьд 42 дугаар тойргийн сонгуульд ялах бүрэн бололцоотой. Нэр дэвших боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар гарсан. Харин хэн нь нэр дэвших эсэх нь ирэх сарын 4-ний өдөр шийдэгдэнэ. Түүнээс өмнө удаа дараагийн судалгаа хийж, нэр дэвшвэл ялалт байгуулах, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойргийг төлөөлөх боломжтой хүнийг дэвшүүлнэ гэж үзэж байгаа.


 

-МАН-ын дарга нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн үү?


-Одоогоор албан ёсоор илэрхийлээгүй байна.


 

- Нам дотор эв нэгдэлтэй байх асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?


-Хяналтын Ерөнхий хороо хуралдан энэ талаар нэлээд анхаарлаа хандуулж ажилласан. Намын нэрээр сонгогдсон, нэр дэвшиж ялалт байгуулсан албан тушаалтан намынхаа бодлогод удирдагдан намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах ёстой. Намын төлөөллүүд тодорхой хэмжээнд өөрийнхөө эрх ашгийг хязгаарлаж явах ёстойг байнга санах учиртай. Намынхаа дотоод эв нэгдлийн хангахын тулд бид намын санаатай болон санамсаргүй хийсэн алдаа дутагдлыг засаж ажиллана.


 

Түүнчлэн МАН-тай холбоотой 60 тэрбумийн асуудал хүлээлт үүсгээд байгаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон зарим гишүүд “60 тэрбумийн асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.


 

Б.Лхам



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.