Нэвтрэх Бүртгүүлэх
 
"СУУРЬ"-ИЙН БАРЬСАН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ СУУРИАСАА УСАНД АВТАЖ ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ АЖИЛЛАГААГҮЙ БОЛОХ ШАХЖЭЭ
1-17529.jpg
2 сар 1 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

“СУУРЬ”-ИЙН БАРЬСАН ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ СУУРИАСАА УСАНД АВТАЖ ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ АЖИЛЛАГААГҮЙ БОЛОХ ШАХЖЭЭ

 

Монгол Улсын Засгийн газраас хорт хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал их байсан учраас 2016 онд шинэ өргөтгөлийг барьж, үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Гэвч энэ сарын 10-ны үргэлжилсэн борооны үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн хэсгийн подвол руу их хэмжээний ус нэвтэрчээ. Энэ талаар тодруулахаар ХСҮТ-ийн шинэ өргөтгөлийн рүү очиход ээлжийн хамгаалагч биднийг угтан ус орсон гэх газар руу замчилсан юм.

 Борооны ус нэвтэрсэн гэх подволын хэсгийн туяа аппарат байрлуулсан хоёр өрөө болон Архивын өрөө рүү борооны ус нэвтэрсэн байдалтай байв. Харин бусад эмчилгээний өрөөнүүдэд нэвтрээгүй байлаа.

“Борооны ус доод давхарын гражны хаалгаар нэвтрэн орсон” гэж ХӨСҮТ-ийн ээлжийн хамгаалагч Т.Лхасүрэн ярилаа. Тухайн борооны ус нэвтрэн орсон гэх граж руу очиж харахад хаалганы гадна тал нь доошоо орсон хэвгий замтай бөгөөд тэнд ус зайлуулах хоолой байхгүй байв.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар барьсан энэхүү өргөтгөлийн барилга эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Барилгыг “Суурь” компани анх 2011 онд эхлүүлж, 2013 онд хүлээлгэж өгөх байсан хэдий ч хүлээгдэн явсаар 2016 онд албан ёсоор ашиглалтад орсон байдаг. Гэвч тус барилгын компани нь гражийн хэсэгт ус зайлуулах хоолойг шийдэлгүй ажлаа дутуу дулимаг хийснээс болж, 7 сая еврогийн өртөг бүхий эмчилгээний нэг хэсэг болох туяа аппаратыг ямар ч ажиллагаагүй болгохоо дөхөв.

Мөн энэхүү өргөтгөлийг хүлээж авсан албаныхан болон Мэргэжлийн хяналтынхан сайтар хянаж, шалгаагүйгээс ийм эрсдэл үүсч байна.

Хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн өвөрмөц технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр оруулж иржээ. ХСҮТ-ээр үйлчлүүлдэг иргэд их байдаг ба тухайн үйлчлүүлж буй иргэн бүр туяа эмчилгээнд хамрагддаг.

Төхөөрөмжийн талаар ХСҮТ-ийн эмч “Үргэлжлэн орсон борооны улмаас туяа эмчилгээний өрөө рүү ус нэвтрэн орсон. Харин туяа эмчилгээний аппаратны зөвхөн суурийг нь байрлуулсан бөгөөд бүрэн угсраагүй, цахилгааны утастай холбоогүй байсан учир аппаратанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэлээ. Эх сурвалжийн хүсэлтээр нэрийг нь нууцалсан юм.

Ямартай ч цахилгааны утсанд холбоогүй тул аппаратанд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж байгаа ч энгийн нүдэнд мэдэгдэхгүй боловч бүрэн угсарсны дараа ямар нэгэн саатал гарч болохыг үгүйсгэхийн аргагүй.

Эмнэлгийн ажилчдын ярьж байгаагаар барилга уу, авто замын буруугаас уу гэдгийг хэлж чадахгүй байгаа учраас Мэргэжлийн хяналтын хариуг хүлээнэ гэв.

Хамгийн гол нь бороо дахиад л ордгоороо  орно. Хэн нэгнийх нь бурууг олох гэсээр байтал мөн л борооны ус хэд хэд нэвтрэх нь. Харин гражны хаалгыг борооны ус ахин нэвтрэхээс хамгаалж элсээр дарж хамгаалжээ. Энэ нь борооны ус хамгаалалтгүй шууд урсахаас дээр боловч ийм байдалтай удахын эцэсгүй харагдаж байлаа. “Арга ядсан хүний хийх ажил” боловч түрдээ үүнээс өөр дээр арга үгүй.

 Азаар туяа эмчилээний аппарат нь өөр өрөөнд хайрцагтайгаа байж харагдав. Тэр өрөө рүү борооны ус нэвтэрч ороогүй гэдгийг ээлжийн хамгаалагч ярьсан юм. Тус аппаратыг ОХУ-аас мэргэжлийн хүмүүс ирж суурилуулах аж.

Мөн подволын зарим эмчилгээний өрөөнүүд дотоод засвар нь хийгдээгүй байлаа. Подволоор явж байх үед таазны зарим хэсэг нь онгойж харагдана. Лавлаж асуувал бохирын шугамаас ус дусдаг гэнэ. Биднийг очиход тэр хэсгээр ус дусах нь ажиглагдсангүй. Харин усны дусаал шалан дээр хатсан байв.

Ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ өргөтгөлд бохирын ус алдах, борооны ус нэвтрэх зэргээс эхлэн асуудал их байна. Олон тэрбум төгрөгөөр баригдсан ХСҮТ-ийн шинэ өргөтгөлийн асуудал “очих эзэнгүй, оочих аяггүй” болчихгүй л байгаасай гэж бодогдоно.

Борооны улирал дуусах хүртэл хүлээх эсвэл буруу юугаа тогтоож ус зайлуулах хоолой хийх хүртэл эмчилгээний аппараатаа суурилуулахгүй байх, үгүй бол ус зайлуулах  хоолойгүй туяа аппаратаа суурилуулаад гэмтээх гэсэн сонголт л Хавдрын эмнэлгийнхэнд байх шиг байна.

 

Б.Цэрэнлхам

2.jpg
3.jpg
4.jpg
5.jpg
6.jpg
7.jpg


 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.