Нэвтрэх Бүртгүүлэх
 
ХЭН ЮУ ХЭЛЭВ?
55-17498.jpg
5 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ХЭН ЮУ ХЭЛЭВ?


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Уг нь батлагдсан бол жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих байсан, татварын таатай орчныг бий болгох бааз суурь болох байсан энэ төслийн талаар Хэн юу хэлснийг онцлон хүргэж байна.




-Чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ хуулийн төслийг гишүүдэд нэлээд тайлбарласан. Ерөнхийдөө таны асууж байгаагийн яг эсрэг хууль гэдгийг тодотгоё. Нэгт, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгж бол төлж буй татварынхаа 99 хувийг буцаан авах буюу нэг хувийн татвар төлөх тогтолцоог бүрдүүлж өгсөн юм. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс 398  нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 85 хувийг бүрдүүлдэг.  Тэгэхээр үлдсэн 15 хувийг 110 гаруй мянга нь бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс татварын бааз суурийг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд учирдаг дарамтыг бууруулах зарчим баримталж, дээрх хуулийг оруулж ирсэн юм. Хоёрт,  Татварын багц хуулийг өргөн барихын өмнө улс орон даяар, хоёр сарын хугацаанд  хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд хувийн хэвшил, том аж ахуйн нэгж, жижиг бизнес эрхлэгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулж, нягтлан бодохын мэргэшсэн болон татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг  төрийн бус байгууллагуудтай нэлээд ярилцсан. Гуравт, 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг шууд “нэг хувийн татвар төл” гэж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ч бай, найман нэрийн  дэлгүүр ажиллуулдаг аж ахуйн  нэгж ч бай жилд дөрвөн удаа яг нэг ижил маягтаар тайлан гаргадаг. Тэгвэл үүнийг бид өөрчлөх гээд байгаа юм. Тухайлбал, борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвараа төлнө.  Ингэснээр нягтлан бодох ажилд авах шаардлагагүй. Жилд дөрвөн удаа тайлан гаргахын тулд нягтлан бодогчид хөлс мөнгө төлж таарна шүү дээ.  Энэ мэтчилэн жижиг, дунд бизнест учирдаг захиргааны маягийн дарамтуудыг бууруулах зорилготой юм. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн  хувьд татварын өрийн асуудал бий. 2013-2016 онд эдийн засаг унасан үед аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, өр тавьсан. Энэ өрийг төлөх хугацаа хоёр сар байсныг  хоёр хүртэлх жил болгож хуульд тусгасан. Дээр нь аж ахуйн нэгжүүдийн хувьд үл хөдлөх хөрөнгө бүрдүүлэх, бий болгох, худалдаж авахад оногдуулдаг нэмүү өртгийн албан татварыг хасч тооцдоггүй байсан. Энэ нь эргээд аж ахуйн нэгжүүдэд мөн л дарамт бий болгодог.  Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх, аж ахуйн нэгжүүдийн зардал өсдөг байдлыг эерүүлсэн.  Аж ахуйн нэгжүүд  орлогоо гурван янзаар тайлбарладаг. Жилд  нэг, хоёр дөрвөн удаа тайлагнадаг маягт нь нэг байсныг өөр өөр буюу энгийн болгож өгсөн.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  (itoim.mn)

 

 



-Татварын хууль багцаараа орж ирж байна. Цаг үеийн шаардлага, бизнесийн орчин нөхцөл, нийгмийн хөгжлийг сайжруулж, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Татварын багц хуулийг батлах зайлшгүй шаардлага бий. Энэ хуулийн олон зүйл, заалтыг хэлэлцэх шаардлагатай. Манай нам, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэсэн үндсэн гол бодлого бий. Түүнийг энэ хуульд тусгаж, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих заалтууд орсон байна лээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд аль болох цаг хугацаатай уралдаж, хуулиа эрт хэлэлцэж, засаж, сайжруулаад явуулах нь зүйтэй гэж бодож байна. Компани, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн хууль болгохын зэрэгцээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тэнцвэртэй дэмжсэн бодлого оруулах нь зүйтэй байх. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлье.


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав (УИХ-ын чуулган)

 

 



-Энэ хуулийг бид батлах ёстой. Цаг хугацаа шаардлагатай бол сунгаж байгаад ч болтугай заавал батлах нь зөв. Яагаад гэхээр 2019 оны улсын төсвийг бид шинэ хуулиар төлөвлөх шаардлагатай. Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ гэдэгтэй санал нэг байна. Олон талаас нь авч үзэх нь зүйтэй. Үнэхээр гадаад, дотоодынхны хэлж ярьж байгаа зүйл туссан юм бол түүнийг нь залруулж, Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцсэн хууль гаргах ёстой. Одоогийн хуулийг 11 жил мөрдөж байна. Шинэ хуулийг мөн л арваас доошгүй жил мөрдүүлэх ёстой. Энэ утгаар нь олон талаас нь авч үзэх шаардлага байгаа. Олон улсын татварын шинэлэг зарчмууд гэх мэт. Бизнесийн таатай орчныг бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжин, татварын бааз суурийг хадгалж цааш нь өргөжүүлэх гээд тал бүрээс нь авч үзвэл зөв заалтууд бий. Харин зарим заалт нь зөвхөн мэргэжлийн хүмүүс л ойлгох юм билээ. Тухайлбал, 20.5 дугаар заалтыг тодорхой болгох хэрэгтэй. Эсвэл 2-3 заалт болгож оруулдаг ч юм уу засах ёстой зүйл байна лээ. Ажлын хэсэг гаргаж, үүнийг засуулаад энэ чуулганы хугацаанд батлах саналтай байна.



УИХ-ын гишүүн Б.Баттөмөр (УИХ-ын чуулган)

 

 



- 2012-2016 оны сүүл хүртэл үргэлжилсэн энэ дөрвөн жилийн хямралыг энэ бизнесмэнүүд, энэ татвар төлөгчид, энэ малчин тариаланч нар л авч гарсан шүү. Төрийн эрх мэдэлтэн, мяндагтангууд яг татвараараа нэг нь ч хариуцлага хүлээгээгүй, нэг нь ч үүнд ганц төгрөгийн ч хандив өгөөгүй. Тэгээд энэ нийтийг хамарсан зөв систем бий болгох гэж байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд нэг компани, эсвэл нэг салбар сонин биш. Бид сая Сангийн яаманд хийхдээ хүртэл албан ёсоор хэлж байсан. Наана чинь 50400 санал ирсэн шүү. Тэгээд Сангийн яаман дээр боогдсон шүү дээ. Санал болгон дээр тэд ажилласан. Би үүнд ялангуяа танхимын ганцхан бодлого бол салбарын ч юм уу, компанийн ч юм уу лоббитой аливаа нэг заалт, нэг онцгойлсон лоббиг хүлээн зөвшөөрөхгүй түүнд бол Сангийн яам нэг зарчмаар ажиллаарай гэсэн ганц ийм зарчим барьсан. Тийм учраас лоббидсон юм байхгүй.



Зарим гишүүдэд бичиг захиа янз бүрийн юм бүлэг улсууд, холбоодууд өгсөн байх шиг байгаа юм. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн л хоорондын асуудал. Том системийн өөрчлөлт явагдаж байна шүү. Үүнийг битгий улдан чангаагаач ээ. Наад ААНОАТХ-ийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг харж байхад үүний өмнөх огцорсон Засгийн газрын этгээдүүд л голлон тоглолт хийж байна лээ. Уучлаарай та нар огцорсон чинь одоо манай татварын системийн өөрчлөлт, татвар төлөгч бид нарт ямар хамаатай юм бэ. Наад өш хонзонгоо өөр юмаараа аваач дээ.



МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Лхагважав (24tsag.mn)



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.