Нэвтрэх Бүртгүүлэх
 
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ТӨСВИЙГ М.ЭНХБОЛД ТУЛАВ
97-17450.jpg
8 сар 5 өдрийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ ТӨСВИЙГ М.ЭНХБОЛД ТУЛАВ

 

 


Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэн баталлаа.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн эсэргүүцэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг, багш нарын ажил хаялт гээд энэ удаагийн төсвийн төслийн хэлэлцүүлгийг уясан бас их гинжилсэн шалтаг, шалтгаан олон байсан. Гэхдээ ингэж бичлээ гээд багш нарын эрх ашгаа хамгаалсан тэмцлийг шүүмжилж байгаа хэрэг биш юм. Гагцхүү цаг хугацаандаа батлагдах эсэх, Ерөнхийлөгч дахин хориг тавих тухай хүлээлт гээд ерөнхийдөө бэрхшээл дундуур батлагдсан төсөв хэмээн тодотгож буй нь энэ юм. Ядахад УИХ-ын гишүүдийн талцал байна. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдийг намнах огцорсон сайдуудын зовиур зөвхөн өнөөдөртөө ч гэлтгүй дараа, дараагийн жилүүдэд ч аних эсэх нь тодорхойгүй. Тиймээс ч тэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын төсөв гэж үзэхээс илүүтэй Ж.Эрдэнэбатын гавьяа гэдэг утгаар асуудалд хандаж байгаа нь ил тод зарлагдсан. Харин энэ дунд эвийг эрхэмлэж, үгийг зөөллөсөн хүн нь яах аргагүй УИХ-ын дарга М.Энхболд байж таарлаа. 



Түүний хувьд улсын төсвийг цаг хугацаанд нь батлах зайлшгүй шаардлагыг мөрдөхийн зэрэгцээ зарчмын шахалтаа ч үзүүлж дөнгөсөн гэж болно. Үүнийх нь хүчинд улсын төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 0.4 тэрбум төгрөгөөр, нийт зарлагын өсөлтийн хэмжээг 0.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлын хэмжээг 61.0  тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0.3 тэрбум төгрөгөөр сайжруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм. 



Мөн хэдийгээр цаг хугацааны хайчин галд эвдэгдэх нь халгүй байсан төсвийн төслийг богино зайны улс төрийн золиос болохоос зайлсхийн нэг бүрчлэн, зүйл заалтаар хэлэлцэх шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд тавьж байгаа дуулдсан. Санал хураалтыг дээрх зарчмаараа удирдаж явуулснаар УИХ-ын гишүүдийн ирц өнгөрсөн хугацаанд байгаагүй олонхиороо бүрдэж, нийт хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувиар дэмжигдсэн гэдгийг онцлох хэрэгтэй. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны туай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн ирцийг идэвхжүүлсэн байгаа.



Түүнчлэн тэрбээр Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан “Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хуульд заасан хугацаанд нь багтаан баталж байна. Засгийн газраас хоёр долоо хоногийн өмнө өргөн барьсан төсвийн төслийг хугацаанд нь багтааж УИХ, Байнгын хороод, Ажлын хэсэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, намын бүлгүүд олон талаас нь авч үзэж, хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, ирэх оны төсвийг баталж байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засгийг өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах талаар чармайн ажиллаж, тодорхой үр дүн гарч байна. Тэр хэмжээгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Хүүхэд бүр цэцэрлэгийн хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм. Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөд багтан шийдэгдэж байгаагаараа онцлогтой юм” хэмээнэ билээ. 



Ер нь бол УИХ-ын дарга зөвхөн ирц манаж, алх тогшихоос илүүтэй хувь улстөрчийнхөө хувьд парламентын засаглалын ноён нуруу, тулх хүч нь байх ёстой гэсэн бичигдээгүй дүрэм байдаг. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өнгөрсөн хугацаанд өөр рүү нь шидсэн чулууг ч, онилсон нумыг ч үл тоон У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах зам мөрийг тэгшилж өгсөн тустай. Энэ удаад тэрбээр Ерөнхий сайдын өргөн барьсан төсвийг чиг баримжаанд нь батлуулах үүрэг хүлээн, анхны төсвийн төслийг нь тулж өгсөн нь энэ юм. Гол нь тэрбээр өчигдрийн зөрчлөөс үүдэн өнөөдөр хорсол заналхийлэлд хөтлөгддөггүй гэдгээрээ МАН-д ч, АН-д ч хүндлэгддэг. Зарчим зарчмаа дагана гэдэгчлэн түүний энэ удаагийн тулгуурыг хүндэтгэн Олон улсын валютын сангаас ч “Чамбай сайн төсөв баталлаа” хэмээн сайшааж буй нь дээрх үнэлгээ бодитой гэдгийн илэрхийлэл болох биз ээ.



 
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.