Нэвтрэх Бүртгүүлэх
 
ЭЛИЗАБЕТ КОППА: БИ ГАДААД ХҮН Ч ГЭЛЭЭ МОНГОЛЧУУДАД ТУСЛАХЫН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН, ОДОО Ч ХИЙЖ БАЙНА
5ikil18fsd6iangm4cbgnnkqdr_b-17447.jpg
3 өдөр 2 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх

ЭЛИЗАБЕТ КОППА: БИ ГАДААД ХҮН Ч ГЭЛЭЭ МОНГОЛЧУУДАД ТУСЛАХЫН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙСЭН, ОДОО Ч ХИЙЖ БАЙНА

 

 

“Valiant Art Gallery” ба Элизабет Коппа. Энэ нэр монголчуудад хэдийнэ танил болоод 10-аад жил болж. Монголын зураачдын бүтээлийг дэлхийд таниулахад багагүй хүч, хөдөлмөр болоод зүрх сэтгэлээ зориулсан энэ эмэгтэй өдгөө дэлхийн брэндийг Монголд нутагшуулах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж буй. Түүний компанитай холбоотой таагүй мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч, хэл ам дагуулсан ч тэрбээр сэтгэлээр унаж эсвэл хэл ам хийж араас нь явсангүй. Энэ талаар түүнээс асуухад “Үнэн, худал нь ил болох биз дээ” гээд инээмсэглэсэн. Интерьер дизайнер, уран зураач, урлаг судлаач гээд олон талын авьяастай, цаашлаад өөрийн сурч, мэдсэн бүхнээ монголчуудтай хуваалцах чин хүсэлтэй хатагтай Элизабет Коппаг энэ удаагийнхаа “Хатагтай” буландаа урисан юм. Тэрбээр уран зургийн салбарт хөл тавьсан түүх, хайр сэтгэл болоод бизнесийн салбар дахь хүнд хэцүү бүхнийг чин сэтгэлээсээ хуваалцсан юм. Ингээд “Valiant Art Gallery” компанийн захирал, хатагтай Элизабет Коппагийн ярилцлагыг хүргэе.

 


-Бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүдийн нэг нь та. Гэхдээ ярилцлагынхаа эхний асуултыг эндээс биш танай компани, захиалагч хоёрын дунд яагаад үл ойлголцол үүссэн бэ гэдгээс эхлүүлэхээр болсонд та дургүйцэхгүй биз дээ?



-Дургүйцэх зүйлгүй ээ. Буруу ойлголтыг залруулахын тулд өөрөөс хамаарах бүхий л зүйлээр туслахад бэлэн байна.  



-Баярлалаа. Дэлхийд алдар­тай “Serip” брэндийн бүтээгдэхүүний дуураймлыг нь танай компани өндөр үнээр зарсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Яагаад ийм мэдээлэл гарав. Уг нь танай компанийг “Serip” компанийн албан ёсны төлөөлөгч гэж бодсон юмсан?



-Тийм ээ. Манай компани “Serip” брэндийн албан ёсны төлөөлөгч мөн. Та үүнд огтхон ч эргэлзэх хэрэггүй.



Үл ойлголцол яагаад үүссэнийг энгийнээр тайлбарлах гээд үзье. Захиалагч залуу эхнэрийнхээ хамт ирж  “Яг энэ брэндийн гэрлийн бүрхүүл худалдаж авмаар байна” гээд гар утаснаасаа зураг үзүүлсэн. Тэр нь “Serip” брэндийн гэрэл байсан.  Ингээд тэд “Serip” брэндийн гэрлийн бүрхүүлний каталогитай танилцахыг хүссэн юм. Каталогид “Serip” брэндийн гэрлийн бүрхүүлийг ямар материалаар үйлдвэрлэдэг вэ гэдгээс эхлээд компанийн түүхийг нэгд нэгэнгүй танилцуулсан байдаг. Тэд каталогийг гэр рүүгээ авч яваад хэд хоногийн дараа “Каталогитой бүрэн танилцлаа. манай гэрт аль аль гэрлийн бүрхүүл тохирохоор байна. Та сонгоход тусална уу” гэхээр нь хүсэлтийнх нь дагуу өрөөнүүдийн интерьер дизайнд ямар ямар гэрлийн бүрхүүл тохирохыг санал болгосон. Тэд ч дуртай хүлээн авч, өөр өөр загварын есөн ширхэг гэрлийн бүрхүүл захиалсан. Захиалсан гэрлээс манай дэлгүүрт бэлэн байсан дөрвөн ширхэг гэрлийг манай ажилчид сууриллуулж өгсөн. Тэдний гал тогоо болон зочны өрөө үргэлжээ юм билээ. Нэг талынх нь тааз 45 градусын налуу. Гэтэл энэ хоёр өрөөндөө адилхан загварын хоёр гэрлийн бүрхүүл суурилуулах хүсэлтээ байгаагаа хэлсэн. Сонгосон гэрэл нь 1.2 метрийн диаметртэй. Тэгшхэн таазанд ийм гэрлийн бүрхүүл суурилуулахад ямар ч асуудалгүй. Харин 45 градусын налуу таазтай гал тогооны өрөөнд 1.2 метрийн диаметртэй гэрэл сууриллуулах гэтэл хүндрэл учирсан. Өөрөөр хэлбэл, 1.2 метрийн диаметртэй гэрлийн бүрхүүлийг 45 градусын налуу таазанд сууриллуулахын тулд хэмжээг нь багасгахаас өөр арга байгаагүй. Үндсэн хэмжээгээр нь өлгөвөл кофены ширээнд хэтэрхий тулах гээд байсан юм л даа. Тиймээс захиалагчид “Яг энэ хэмжээгээр нь биш нэг метрийн диаметртай болгож багасгавал дээшээ өргөгдөөд илүү зохимжтой харагдана. Таазны хэмжээнд тохирохоос гадна цаад талын өрөөний гэрэлтэйгээ ижил хэмжээнд тэгширнэ” гэж санал болгосон. Тэд ч зөвшөөрсөн. Үйлдвэрийн зүгээс захиалагчийн хүссэн хэмжээгээр гэрлийн бүрхүүлийг багасгаж үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн. Ингээд хоёр тал харилцан зөвшөөрсөн учир би “Serip” компанид захиалга өгч, баталгаажуулсан. Тухайн үед Италийн Милан хотод болсон интерьер дизайны үзэсгэлэнд оролцож байхад надтай холбогдож “Захиалсан бүтээгдэхүүн хэзээ бэлэн болох мөн удахгүй гэртээ хүлээн авалт хийх гэж байгаа, гэрэл хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед зөвхөн үдэшлэгт нь зориулаад түр хугацаанд өөрийнх нь захиалсан гэрэлтэй ижил загварын, өөр хэмжээтэй гэрлийг авч очиж суурилуулах талаар харилцан тохиролцсон. Тэгээд Португали улсаас өөрийн биеэр очиж аваад суурилуулах гэтэл “Хэмжээг нь багасгаж үйлдвэрлэнэ гэж байхгүй. Чи худлаа ярьж байна. Би танайд захиалга огт өгөөгүй” гэж захиалгаа хүлээж авахаас татгалзсан. Эндээс л асуудал үүссэн юм. Асуудлыг аль болох эв эеэр шийдвэрлэхийг бид маш их хичээсэн боловч намайг болон ажилчдыг маань маш бүдүүлэг үг хэлээр доромжилж, дайрсан ба “Би танайд огт захиалга өгөөгүй” гэж худал ярьсан. 



Харин гэрлийн бүрхүүлийн унжуургыг болор биш, мөн гэдэгт албан ёсны тайлбар хийх зүйтэй болов уу. Манай компа­нийн ажилчид дотооддоо ч “Serip” компанийн ажилчидтай харилцахдаа ч “crystal class” гэсэн хэллэгийг ашигладаг. “Crystal class” гэдэг үг Монгол хэл дээр болор, талстлаг, талсттай шил гэх мэтээр олон янзаар орчуулагддаг юм билээ. Харин манайхан зөвхөн “талстлаг шил” буюу “сrystal class” гэдэг утгаар нь хэрэглэдэг. “Serip” компанийн ажилчидтай харилцсан и-мэйлдээ хүртэл ингэж бичсэн байгаа. Түүнээс биш захиалагчийн хэлсэн шиг “Болор унжлагатай” гэж огт хэлээгүй. Хоёрдугаарт, жинхэнэ болрыг гаргаж авахын тулд хар тугалга ашигладаг. Гэтэл энэ нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд маш хортой учир нь Европын холбооноос 2012 онд гаргасан журмын дагуу хар тугалга шилний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон байдаг. Тиймээс “Serip” үйлдвэр силика болон кварцыг ашиглаж шилийг боловсруулж органик гэрлийг үйлдвэрлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, болор биш шилэн органик гэрэл үйлдвэрлэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь энгийн нэг шилнээс тэс өөр. Эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй. Маш гоё талсттай, өнгө үзэмжтэй  органик гэрэл. 



-205 сая төгрөгт ямар бараа бүтээгдэхүүн авахаар захиалга өгсөн юм бэ?



-Өөр өөр загвартай есөн гэрэл, хивс, зургаан ширхэг хөшиг захиалсан. Эдгээрээс эхний ээлжид манай дэлгүүрт бэлэн байсан дөрвөн гэрэл суурилуулж өгсөн. Дээр нь нэг гэрлийн бүрхүүл бэлэглэсэн. Үлдсэн гэрлийг нь захиалагчийн хүсэлтээр хэмжээг нь багасгаж үйлдвэрлүүлэхээр тохирч, үүнийхээ дагуу Португали улсын “Serip” үйлдвэрт захиалга өгсөн. 



-Та захиалгаа хэдэн сард багтааж хүлээлгэж өгөх ёстой байсан юм бэ?



-Захиалгыг зургадугаар сардаа багтааж хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ хугацаандаа багтаж хүлээлгэж өгөх гэтэл өөрсдөө татгалзсан. Зургадугаар сарын 16-ны өдөр “Захиалга ирсэн. Хэзээ сууриллуулж өгөх вэ” гэж албан бичиг явуулахад “Бид танай компанид ямар ч захиалга өгөөгүй” гэсэн хариу ирсэн. Гар утас руу нь залгатал “Хүн андуурсан байна. Ийм хүн байхгүй” эсвэл “Би танайд захиалга өгөөгүй. Зүгээр л мөнгөө хадгалуулсан юм. Мөнгөө авъя” гэх зэргээр хариулдаг байсан. Манайхыг Эрээн, Хятадаас бараагаа татдаг гэж ярьсан байна лээ. Уучлаарай, би хэзээ ч Эрээн гэдэг хотод очиж байгаагүй.  Мөн тийм зүйл огт хийхгүй. Бид бараа бүтээгдэхүүнээ албан ёсны үйлдвэрээс нь авдаг. 



-Эхнэрийн хамт захиалга өгч, төлбөрөө төлсөн хэрнээ сүүлд нь яагаад үүнийгээ үгүйсгэсэн юм бол. Захиалга өгснийг нь гэрчлэх баримт бий юү?



-Бидэнд хангалттай нотлох баримт бий. Нэгдүгээрт, үнийн санал гаргаж өгсөн. Хоёрдугаарт, захиалагч талаас танайхаас бараа бүтээгдэхүүн захиалсан, мөнгө тушаасан баримт үлдээмээргүй байна гэж хэлсэн ч тэдний тушаасан мөнгийг санхүүгийн тайландаа тусгаж татвар төлсөн. Гуравдугаарт, банкны теллерт мөнгө тушаахдаа манай компанийн санхүүгийн ажилтны өгсөн захиалгын хуудастай танилцаад өөртөө авч байгаа дүрс бичлэг банкны камерт бичигдсэн. Мөн захиалгаа баталгаажуулж, бараагаа хэзээ Монголд аваачих талаар ярилцсан цахим захидлууд, “Serip” үйлдвэрт захиалга өгч үйлдвэрээс баталгаажуулсан цахим захидал, албан бичиг бий. Би тэр хүнд хэзээ ч худлаа яриагүй, бас муухай харилцаагүй. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргасныг би болон манай ажилчид одоо болтол ойлгохгүй байна.

 



-Хуурамч гэдэг зүйл яригдсан?



-БНХАУ-д “Serip”-ийн гэрлийг дууриалгаж хийдэг гэсэн. Харин манай бүх бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй. Гэтэл гарал үүслийн бичгийг дагуулж өгөөгүй, өгөхөөс татгалзсан гэсэн. Бид өгөхийг хүссэн. Өөрсдөө л аваагүй. Захиалагч талаас манай компанийг шүүхэд өгсний дараа тухайн үед манай компанийг төлөөлж байсан өмгөөлөгч  маш том алдаа гаргасан юм. Бид өмгөөлөгчдөө “Энэ бол болор унжлага биш ээ. Португали Улсад үйлдвэртэй “Serip” компанийн органик шилэн гэрэл. Дэлхийн маш олон оронд албан ёсны төлөөлөгчтэй. Үүний нэг нь манай компани” гэж тайлбарлаж өгсөн. Гэтэл өмгөөлөгч маань надад, манай компанид мэдэгдэлгүйгээр, миний зөвшөөрөлгүйгээр шүүхэд албан бичиг явуулж, шинжээч томилуулахдаа “Энэ гэрлийн бүрхүүлийн унжлага болор мөн эсэхийг шалгаж өгнө үү” гэж хүсэлт гаргасан юм билээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “Болор биш” гэж гарсан. Мэдээж шүү дээ. “Serip” компанид, Европын Холбооны Улсад хар тугалга хэрэглэж болор үйлдвэрлэхийг хориглосон шүү дээ. Өмгөөлөгчдөө “Болор биш шүү. Органик гэрэл” гэж олон удаа хэлээд байхад эсрэг үйлдэл гаргасанд маш их гомдсон. 



-Уг нь “Serip” брэндийн унж­лага мөн эсэхийг л шалгуулах ёстой байж дээ. 



-Тэгэлгүй яах вэ. Тиймээс л захиалагч талтай холбоотой байж магадгүй гэж таамаглан өмгөөлөгчөө сольсон. 



-Үйлдвэрийн зүгээс захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэж болохыг гэрчилсэн баримт бий юу?



-Баримт бий. “Тухайн захиа­лагчийн хүсэлтээр ийм ийм гэрлийн бүрхүүлийн хэмжээг өөрчилж үйлдвэрлэж байна” гэсэн албан бичиг хүртэл ирсэн. Та хүсвэл харж болно. “Serip” компанийн хувьд ганц энэ гэрлийн бүрхүүлийн хэмжээг өөрчилж үйлдвэрлэж байгаа юм биш. Дубай дахь нэгэн зочид буудлын захиалгын дагуу 100 метрийн урттай гэрэл хийж байгаагаас эхлээд олон жишээ бий. 



-205 сая төгрөгийн захиал­гынхаа хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм бэ?



-Ойролцоогоор 105 сая төгрө­гийн захиалгын бараа тэдний гэрт сууриллуулж өгсөн. Захилгаар ирсэн гурван гэрэл нь манай дэлгүүрт энэ оны зургадугаар сарын 12-ноос хойш байгаа. Хөшиг, хивсийг эхнэр нь өөрөө сонгосон. Манай компани нь АНУ-ын “Interface”  брэндийн албан ёсны төлөөлөгч бөгөөд тус брэнд нь дэлхийн долоон өөр улсад үйлдвэртэй. Бид хивсээ хамгийн ойроос буюу Хятад улс дахь салбар үйлдвэрээс нь импортолдог. Харин хөшигний материалыг Итали Улсаас импортолдог. Хөшигний материалын үзүүр хэсэгт “made in Italy” гэсэн тэмдэглэгээ нь хүртэл бий. Италиас импортолдог болохыг гэрчлэх гаалийн баримт бичгээс гадна гарал үүслийн бичиг, үйлдвэрлэгч компаниас “Манай компани энэ материалыг үйлдвэрлэдэг нь үнэн” гэсэн бичиг нь хүртэл бий. Хөшигний материал, өнгөө сонгосны дараа  манай ажилчид гэрт нь очиж цонхны хэмжээг нь авсан юм. Тэр хэмжээнд нь тохируулж оёсон. Яг ямар шалтгаанаар ч юм бүү мэд, “Энэ хөшиг 10 сантиметр дутуу байна” гэж уурласан. Уг нь өөрийнх нь захиалсан хэмжээнд л бэлтгэсэн. Гэтэл хэд хоногийн дараа “Танайх хэтэрхий үнэтэй зарж байна” гэж хэлэхээр нь Хятад, Орос дахь “Serip” брэндийн албан ёсны төлөөлөгчдийн үнийн саналыг үзүүлсэн. Энэ брэнд нь дэлхийн олон оронд албан ёсны төлөөлөгчтэй. Хэмжээг нь багасгаж захиалсан гэрлийн бүрхүүлийг ОХУ-д гэхэд 19 мянга орчим еврогоор зардаг. Тэнд захиалга өгөөд Монгол руу тээвэрлэхэд тээвэрлэлтээс эхлээд гаалийн татвар, суурилуулах зардал нэмэгдэнэ. Ингэхээр манай компаниар дамжуулж захиалснаас илүү их зардал гарах нь ойлгомжтой. Харин БНХАУ-д гэхэд 60 мянган ам.доллараар зарах жишээтэй. Гэтэл манай компани яг энэ гэрлийн бүрхүүлийг 20 мянган ам.доллараар захиалга авдаг.



-БНХАУ-д 60 мянган ам.дол­лараар зарагдаж байгаа гэрлийн бүрхүүлийг та яагаад 20 мянган ам.доллараар худалдаж байгаа юм бэ?



-Зах зээлээсээ хамаарч төлөө­лөгч компани үнээ тогтоодог юм. Өөрөөр хэлбэл, худалдан авах чадвар сайтай байх тусам үнэ өснө гэсэн үг. БНХАУ-д 60 мянган ам.доллараар зарж байхад Дубайд 80 мянган ам.доллараар худалддаг байх жишээтэй. Би ХонгКонгт дөрвөн жил амьдарсан. “Versaсe”-ийн цамцыг дэлгүүрт 500 ам.доллараар худалдаалж байхад үйлдвэрээс зургаахан ам.доллараар гардаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, үйлдвэрлэх өртгөөс гадна борлуулах үнэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, Португали улс дахь үйлдвэрээс гэрлийн бүрхүүл захиалж авчраад худалдлаа гэхэд наанадаж тээвэрлэлт, гаалийн татвар төлөх ёстой биз дээ. Дээр нь ажилчдын цалин, дэлгүүрийн түрээс, сурталчилгаа байршуулах зардал гээд маш олон зардлыг шингээж байж борлуулалтын үнэ гарч ирдэг. 




МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭЭД БАЯЖИНА ГЭЖ ИРЭЭГҮЙ



-Монголд амжилттай бизнес эрхлэгч олон эмэгтэйчүүд бий. Тэдний нэг нь та. Гаднын хөрөнгө оруулалтыг Монголд татахад зарим нэг асуудлаас болж хүндрэл үүсдэг гэж зарим бизнесмэн хэлдэг. Дээр болсон хэрэг явдлаас болж бизнес эрхлэх урам зоригт тань нөлөөлөв үү. Эсвэл энэ байтугайг даван туулна гэсэн хор шар хөдөлсөн үү?



-Хор шар гэхээс илүүтэй их гомдсон. Залуухан, сайхан хосууд орж ирээд “Ийм бүтээгдэхүүн сонирхож байна. Ямар гоё юм бэ” гэж хэлэхийг сонсоод их баярласан. Яагаад гэвэл “Serip” брэнд бол үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй. Та захиалсан гэрлийн бүрхүүлийг үзээд ямар их шагширсан билээ дээ. Яг л түүн шиг “Serip”-ийн гэрлийн бүрхүүлийг харсан хэн бүхэн дурладаг. Тиймдээ ч есөн ширхэг гэрлийн бүрхүүл захиалахад нь би нэг ширхгийг өөрийн зүгээс бэлэглэсэн. Гэтэл ийм үл ойлголцол үүссэнд үнэхээр харамсч байна. Бизнесийн хувьд Монголд тийм ч таатай орчин бүрдээгүй. Анх бизнесээ эхлүүлж байхад ч тэр, одоо ч ялгаа алга. Учир нь би маш олон удаа гүтгүүлсэн. Монголчуудын мөнгийг “саах” гэж ирсэн гадаад хүн гэдэг байдлаар ханддаг. Нөхөр бид хоёр Монголд бизнес эрхлээд баяжина гэдэг бодлоор ирээгүй. Уг нь нөхрөө дагаж Монголд ирсэн хүн шүү дээ, би. Гэртээ зүгээр сууж чадахгүй болохоороо өөрийн мэддэг, сурсан бүхнээ бусадтай хуваалцаж, туслахыг хүссэн. Энэ утгаараа компани байгууллаа. Ажилчдадаа бусад компаниас илүү цалин олгосон. Яагаад болохгүй гэж. Монголд хөдөлмөрийн хөлсний үнэлэмж хэд билээ. Тийм байхад цөөхөн ч гэсэн Монгол ажилчдад ахиухан цалин өгвөл тэдний амьдрал дээшилнэ биз дээ. Энэ утгаараа маш олон хүнд тусалсан. Жишээлбэл, манай үйлчлэгч гэхэд зэргэлдээ байгууллагад үйлчлэгчээр ажилладаг байлаа. Маш их ажилтай мөртлөө цалин багатай. Хажуугаар нь их ядруу харагдахын зэрэгцээ шүднүүд нь уначихсан байсан. Би түүнийг таныг ажилд аваад тухайн байгууллагын өгдөг цалингаас өндөр цалин олгосоноос гадна хамгийн түрүүн хиймэл шүд хийлгэж өгсөн. Одоо нүүр бардам инээмсэглэж чадаж байгаа. Тэрээр одоог хүртэл манай компанид үйлчлэгчээр  ажилладаг. Тэр хүн манай нягтлан бодогчтой бараг адилхан цалинтай гэвэл та итгэх үү.


-Үнэн гэж үү. Үнэхээр сайхан сонсогдож байна. Үйлчилгээний ажилтанд бага цалин олгодог жишгийг та эвдсэн байна шүү дээ?


-Баярлалаа. Үйлчилгээний ажилтан их ажил хийдэг. Биднийг ажлын байранд ирэхээс өмнө цэвэрлэгээ хийнэ. Бохирдуулсан бүхнийг цэвэрлэсээр байгаад оройтож харих нь олон. Ийм байхад яагаад өндөр цалин олгож болохгүй гэж. Бусдад тусалсан зүйл олон бий. Бас нэг ажилтны маань хүүхэд Солонгос Улсад яаралтай хагалгаанд орох болоход нь би өөрөө их хэмжээний мөнгө хандивласнаас гадна хандив цуглуулж, хагалгаанд оруулсан. Хүүхэд нь эмчилгээ хийлгээд эрүүл саруул болсонд их баярладаг. Түүнчлэн нийгмийн масст чиглэсэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Швед Улсын зохион бүтээгчийн “Солонго” гээд төслийг зохиогчийн эрхтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол буурахаас гадна гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл сайжрах юм. Хэдийгээр би гадаад хүн ч гэлээ монголчуудын аж амьдралыг сайжруулахын төлөө их зүйл хийсэн, одоо ч хийж байна. “Зориг” сантай хамтарч анх удаа Монголд дауны синдромтой хүүхэдтэй гэр бүл болон эмнэлгийн ажилчидад  хэрхэн харьцах талаар сургалт зохион байгуулж байлаа. Одоо ч “Солонго” төсөлдөө энэ бүхнийг тусгаж ажиллаж байгаа.  Энэ мэтчилэн хамт олныхоо болон монголчуудын нийгмийн байдлыг дээшлүүлэхийн төлөө олон зүйл хийсэн. Би өөрийнхөө тухай ярьдаггүй, хэлдэггүй болохоор хүмүүс бараг мэддэггүй.



-Танай компани брэндийг олон нийтэд таниулах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Та бүтээгдэхүүн импортлохдоо юуг голчлон анхаардаг вэ?



-Би амьдралынхаа 50 гаруй жилийг дэлхийн олон улсад амьдарч, суралцахад зориулсан. Эндээс сурсан бүх мэдлэг, туршлагаа монголчуудтай хуваалцахыг хүсдэг учир “Home magazine” сэтгүүлтэй хамтарч интерьер дизайны 12 цуврал нийтлэл бичсэн. Энэ бол интерьер дизайныг Монголд нутагшуулахад миний зүгээс оруулсан хувь нэмэр юм болов уу гэж боддог. Би амьдралдаа болон бизнестээ хэд хэдэн зарчим баримталдаг. Нэгдүгээрт, сайн борлуулалттай бүтээгдэхүүн болгоныг сонгох дургүй. Харин хамгийн дээд зэрэглэлийн чанартай, өөрт таалагдсан загварыг сонгож авчрахыг хичээдэг. Түүнээс биш зарагдах боломжтой болгоныг олон тоогоор авчирбал миний бизнесийн өнцөг өөрчлөгдөнө шүү дээ. Энэ утгаараа нэг жишээ татахад, манай компани Францын “Гранж”, Испанийн “Александра коллекшн” гэх мэт олон компанитай хамтарч ажиллаж, Монголд албан ёсоор төлөөлдөг. Энэ компани модон бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхий эд болох модоо 20 гаруй жил хатаадаг. Ийм модоор үйлдвэрлэсэн тавилга цаг агаарын ямар ч нөхцөлд өнгө үзэмжээ алдахгүйн дээр, хагардаггүй. Гэтэл Малайз, Тайланд Улсад үйлдвэрлэсэн модон бүтээгдэхүүн Монголын эрс тэс уур амьсгалд тохирохгүйгээс болж цуурч, хагарах тохиолдол их гардаг. Хоёрдугаарт, брэнд бүтээгдэхүүн гэхээрээ заавал өртөг өндөртэй байх албагүй. Эсвэл үнэтэй бүхэн чанартай гэсэн үг биш. Бидний Итали Улсаас импортлодог хөшигний материалыг тусгай технологио ашиглаж үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, тоос огт шингээдэггүй учир 4-5 жил угаах ямар ч шаардлагагүй, тоосыг унагаагаад л болоо. Дээр нь 3-3.2 метрийн өргөнтэй учир ямар нэгэн залгаа хийх шаардлагагүй. Энэ бүх үзүүлэлт, чанар нь өөрөө үнэ дагуулдаг. 




МОНГОЛЧУУДААС ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ САЛГАХЫН АРГАГҮЙ



-Жирийн малчин айл хүртэл гэр, хашаагаа өвөрмөц, гоёоор тохижуулахыг хүсдэг, тэмүүлдэг болсноос үзвэл монголчуудын интерьер дизайны талаарх ойлголт нэмэгдсэн юм болов уу. Бидний амьдралаас уламжлалт хэв шинжийг салгахын аргагүй. Энэ талаасаа интерьер дизайнаа сонгоход бид юуг анхаарах ёстой вэ?



-Социализмын үед монголчууд Европ болон Азийн зарим улсаас суралцах боломж хомс байсан. Та ч үүнийг сайн мэдэх байх. Айл болгоны ханын шүүгээнээс эхлээд гал тогооны тавилга нь хүртэл ижилхэн байсан. Оросын нэг хөгжилтэй кино байдаг даа. Энэ бол та бүхний буруу биш. Цаг үеийнх нь нөхцөлд байдал ийм байсан нь нөлөөлсөн. Харин сүүлийн 10-аад жилээс хойш интерьер дизайны талаарх ойлголт монголчуудад маш сайн сууж байна. Заавал нэгнийгээ дуурайх биш, өөрийн сонирхол, амьдралын хэвшилдээ нийцүүлэх болсон нь сайшаалтай. Интерьер дизайны хувьд хамгийн чухал зүйл нь зохион байгуулалт. Зохион байгуулалт хүний хэрэглээнд тохирсон, хялбар байх ёстой. Авьяасгүй бол зураг зурж чаддаггүй шиг интерьер дизайн хийхэд мөн адил авьяас чухал. Хоосон өрөөнд орлоо гэхэд хаана, хаана ямар тавилга тавихаас эхлээд ямар ханын цаастай байх, ямар хөшиг өлгөх вэ гээд том зүйлээс эхлээд бүх жижиг хэсгийг хүртэл деталчилж харах чадвартай байх ёстой. Дээр нь зохион байгуулалт маш чухал. Би гэртээ орохын тулд эхлээд гадаа хаалгаар оронгуут хоёр метрийн цаана ахиад нэг хаалга байдаг. Гэтэл өнөөх хаалга нь гарын зөв тал руу биш нөгөө тал руу онгойдог. Хаалганы товчлуурыг хүртэл буруу талд нь байрлуулсан. Их хэмжээний ачаатай үед ачаагаа зөөж оруулахаас өөр аргагүй болдог. Угаалгын өрөөнд гэхэд угаалтуур байхгүй. Дотуур хувцсаа угаахдаа банны өрөө рүү явах шаардлагатай болдог гэхчлэн орон сууцны зохион байгуулалт амьдралтай зөв уялдаж өгдөггүй. Тиймээс л интерьер дизайны мэдлэг маш чухал. Би түрүүн жижиг хэсэг гэж ярьсан даа. Хамгийн наад зах нь дэрний өнгө, хөшигний өнгө хоёрыг яаж хоршуулах вэ гэдгээс эхлээд нарийн мэдрэмж хэрэгтэй. Монголчуудаас үндэсний өвийг салгахын аргагүй. Үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Үүний тод жишээ гэвэл, Хөх хотод амьдардаг Өвөрмонгол залуу гурван давхар байшингаа тохижуулах санал тавьсан юм. Өмнө нь ХонгКонгын компаниар загвар гаргуулсан ч хэтэрхий хятад стильтэй байна гэж голсон юм билээ. Тэр залуу европ загвартай хэрнээ Монгол хэв шинжийг харуулсан интерьер загвар гаргуулахыг хүссэн. Бидний гаргасан загвар түүнд маш их таалагдаж, төсөл маань амжилттай болсон. 



-Таны албан тасалгаанд орж ирээд тав тухтай, дулаахан, бас тансаг мэдрэмж эрхгүй төрсөн. Та хэр олон байгууллагын интерьер дизайныг хариуцаж ажилласан бэ?



-Олон компани, хувь хүнтэй хамтарч ажилласан. Томоохон гэвэл, найман группийн захирлын албан тасалгааг тохижуулсан. Тухайн хүн ажил дээрээ өдөрт найман цагийг өнгөрүүлдэг гэж үзвэл амьдралынхаа гуравны нэгийг ажил дээрээ өнгөрүүлдэг гэсэн үг шүү дээ. Тэр үүднээсээ хоёр дахь гэр хэлж болох учир маш дулаахан, эерэг сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулах ёстой. Цонхондоо хөшиг өлгөхөөс эхлээд хивс, гэр бүлийн зураг заавал байлгах ёстой. Ингэж байж таатай мэдрэмж төрүүлэх орчинг бий болно. Би өмнө нь кино салбарт ажилладаг байхдаа АНУ-д томоохон кино компанийн захирлын өрөөнд орж үзсэн юм. Тэгэхэд надад маш сайхан дулаахан мэдрэмж төрсөн. Эндээс л албан тасалгаа заавал нэгэн хэвийн уйтгартай, хэв маягтай байх ёсгүй юм байна гэдгийг би ойлгосон. 



ГУРВАН ШАЛТГААНЫ УЛМААС МОНГОЛ ЗУРААЧИДТАЙ ХАМАРЧ АЖИЛЛАХАА БОЛЬСОН



-Тантай уран зураг ярихгүй өнгөрвөл алдас болох байх?



-Ингэж үнэлсэнд маш их баярлалаа.


-Монголын зураачдын үнэлэм­жийг сайжруулахад гаднын урлаг судлаачид ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Та цөөнгүй зураачтай хамтарч ажилласан. Нэлээдгүй олон цуглуулгатай. Хэчнээн зураачийн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд оролцуулж байв?


-Яг одоогоор зураачидтай хамтарч ажиллаагүй байна. Өмнө нь хамтарч ажиллаж байсан зураачдынхаа бүтээлийг дэлхийн бүх тивүүдэд зохиогдсон 74 үзэсгэлэнд дэлгэж үзүүлсэн. Монголд ирээд удаагүй байхдаа уран зургийн үзэсгэлэн үзэхэд их таалагдсан. Энэ үед зураачдын үнэлгээ маш бага байсан нь үнэн. Цаг хугацааны эргэлтэд зургаа үнэлж сурсан, гаднын зах зээлд нийлүүлэх, олон улсын үзэсгэлэнд оролцох ёстой юм байна гэдэгт аажмаар суралцсан. Таны хэлснээр энэ процесст би өөрийгөө багагүй хувь нэмэр оруулсан гэж боддог. Тиймдээ ч нэлээдгүй цуглуулгатай. Би яагаад зураачидтай хамтарч ажиллахаа больсон бэ гэхээр, нэгдүгээрт, нэг зургаа олон хувилж зурдаг. Хоёрдугаарт, нэгнийхээ зургийг хуулбарладаг. Гуравдугаарт, гэрээгээ байнга зөрчдөг. Гэрээгээ байгуулж ажилласан нөхцөлд тухайн зураачийн бүхий л маркетингийг хариуцаж ажиллана гэсэн үг шүү дээ. Олон улсын үзэсгэлэнд оролцохоос эхлээд хүлээн авалт, сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэтэл үзэсгэлэнд оролцуулахаар төлөвлөсөн зургийг зураачид дур мэдэн зарчихдаг. Үзэсгэлэнд оролцуулах гэтэл өнөөх зураг нь байхгүй байх жишээтэй. Иймэрхүү байдлаас болж хүндрэлтэй зүйл их гардаг учир арга буюу болихоор шийдсэн. Зураач нартай хамтарч ажиллаж байхад надад “Баярлалаа” гэдэг үгийг хэн хэлдэг байсан бэ гэхээр тухайн улсад ажиллаж, амьдардаг монголчууд л хэлдэг байсан. “Монголын зураачдын маань бүтээл Америкт, Англи, Францад зохиогдсон олон улсын үзэсгэлэнд оролцоно гэж санасангүй. Танд баярлалаа” гэж чин сэтгэлээсээ хэлэхийг олон удаа сонссон. Би эндээс л урам авдаг байлаа. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд Нью-Йорк хотод дэлхийн 800-гаад уран зургийн галерейн бүтээл оролцсон олон улсын үзэсгэлэн болсон юм. Тэндээс зөвхөн гурван уран зургийн галерейг сонгож “Good morning America” нэвтрүүлэгт оролцуулахад манай “Valiant art gallery” сонгогдсон. Энэ бол маш том сурталчилгаа шүү дээ. Яг тэр үед Монголын зураачдаар, бас өөрөөрөө их бахархсан. Ийм зүйл хийчихээд байхад Монголын зураачдаас эхлээд урлаг судлаачид нь хүртэл “Чи Монгол хүн биш учир Монгол зураачдын бүтээлийг олон улсад үзүүлэх шаардлагагүй” гэж хэлдэг байсан. Гэтэл би уран зургийн дуудлага худалдаа зохион байгуулж олсон орлогоо сайн дурын үйлсэд хандивладаг байсан шүү дээ. Заримдаа жаахан гомдох сэтгэл төрдөг л юм. 



-Энэ бүх ажлыг эмэгтэй хүн ганцаараа амжуулахад хэцүү биш үү?


-Очсон газар бүрт маань сайхан сэтгэлтэй хүмүүс тусалдаг байсан. Хэцүүгийн хувьд хэцүү. Заримдаа туслах хүн олдохгүй үе гарна. Тэр олон зургийг тээвэрлэхээс эхлээд үзэсгэлэнгийн танхимд өлгөж, буулгана гэх мэт биеийн хүчний ажил их хийнэ. Үүний үр дүнд миний нуруу өвддөг болсон доо. 


-Таныг олон тооны галерей ажиллуулдаг гэсэн?



-Олон галерей байгаагүй ээ. Ганц л байсан. Тэрийгээ хаагаад удаж байна. Одоо интерьер дизайны чиглэлээр нэг дэлгүүр ажиллуулдаг.  Дэлгүүрээ тохижуулах маягаар цуглуулгаасаа байршуулсан. 



-Та интерьер дизайны чиг­лэлээр ажиллаж байна. Дээр нь зураач нартай хамтарч ажиллаж байсан. Уран зургийн цуглуулгатай. Эндээс дүгнэвэл, таныг зурдаг байх гэсэн бодол төрж байна?



-Та яг зөв таалаа. Би зурах дуртай. Өмнө нь зурдаг байсан. Гэхдээ өөр арга барилаар. Өөрөөр хэлбэл, гурван давхар сентитик материал дээр зураг зурдаг юм. Гэхдээ гурвууланг нь давхарлана гэж ойлгож болохгүй. Өөр хоорондоо бага зэрэг зайтай. Биднийг хүүхэд байхад олон талаас нь харахаар зураг, өнгө нь өөрчлөгддөг галендар байсан даа. Яг түүн шиг гэсэн үг. Одоогийнхоор бол 3D гэх юм уу даа. 



-Таныг манай зураач нарын бүтээлийг танилцуулсан номыг ХонгКонгд хэвлүүлэхэд 60 мянган ам.доллар зарцуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?


-Үнэн.


-Та ашиг олсон уу?


-Ашиг олох зорилгоор хэвлүүлээгүй. Монголын зураачдыг, уран зургийг сурталчлах зорилгоор хэвлэж, үнэгүй тараасан юм. Хэрвээ оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авсан бол сайхан л байна.



-Урлагт дурлавал юугаа ч зориулахад бэлэн болдгийг сайн ойлгож байна. Гэхдээ ашиг олохоосоо илүүтэй зарлага гаргахаар  нөхөр тань дургүйцэхгүй юу?


-Нөхөр маань намайг байнга дэмждэг. Бид хоёрын амьдралын гол зорилго бол мөнгө олох биш. Та төрсөн он, сар, өдрөөр шинждэг зурхайд итгэдэг үү.


-Бага зэрэг л...



-Тоон зурхайгаар нөхөр бид хоёр “ес дэх амьдрал”-даа амьдарч байгаа хосууд. Өөрөөр хэлбэл, тухайн хүний сүнслэг бие есөн удаа төрдөг гэж үздэг. Эндээс үзвэл, нөхөр бид хоёр эцсийн амьдрал буюу ес дэх амьдралдаа учирсан. Үүнийг ойлгоход хэцүү гэдгийг мэднэ. Гэхдээ бид үүнд итгэдэг. Энэ үедээ тухайн хүн өөрт авахаас илүүтэй бусдад туслахад амьдралаа зориулдаг гэдэгт нөхөр бид хоёр итгэдэг учраас энэ зарчмыг баримталдаг.  



-Та хоёрын харилцааг хараад их гоё мэдрэмж төрсөн. Бага зэргийн үл ойлголцол үүсэхэд хүртэл таны мөрийг зөөлөн илээд, тань руу дулаахан харцаар харахыг хараад их “атаархсан”?



-Бид эхнэр, нөхөр бид хоёр хосууд гэхээс илүүтэй маш сайн найзууд. Нэгнийгээ ямар ч үед дэмждэг. Ноён Коппагийн хувьд миний гурав дахь нөхөр. Анхныхаа нөхөртэй суусан шалтгаан нь ааваас болсон юм. Би Польш Улсад төрж, өссөн. Ээж маань намайг бага байхад нас барсан. Аав маань их хатуу, хахир зантай. Ээжийг өнгөрсний дараа хоёр дахь удаагаа гэрлэсэн. Хойд ээж маань дүү бид хоёрыг хойд эхийн гараар өсгөсөн. Аав маань байсхийгээд алганы амт үзүүлнэ. Энэ бүхэн нь надад хүндээр туссан. Тухайн үед ганц бие эмэгтэй тусдаа гарах нь зохисгүй гэж үздэг байсан учир анхныхаа нөхөртэйгээ суусан юм. Гэвч гэрлэлт маань надад аз жаргал өгөөгүй учир салсан. Дараа нь хоёр дахь нөхөртэйгээ гэрлэж, хөөрхөн хүүтэй болсон. Харамсалтай нь, бас л хоорондоо таардаггүй байлаа. Хүүгээ бодож тэвчиж, 18 жилийг хамтдаа өнгөрүүлсний дараа салсан. Ингээд ганц бие ээжийн амьдралаар амьдарч байх тэр үедээ нөхөртэйгээ танилцаж, анхны харцаар дурласан. Тэр үед би 45 настай байсан. Тэгэхээр дурлал хэзээ ч оройтдоггүй гэдэг үнэн байгаа биз. Би ханийгаа энэ дэлхийн хамгийн сайн нөхөр гэж хэлнэ. Яагаад гэвэл, маш хөгжилтэй, бас халамжтай, ухаалаг. Эрэгтэй хүнээс хүсч болох бүхий л сайн сайхан чанар бүхэлдээ түүнд байдаг. Чи өдөр бүр ийм хүнтэй таарахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэнтэй ч, юунаас ч болж санал зөрөлдөж болно. Асуудлын гол нь юу байсан бэ гэдэг өнцгөөс хазайж огт болохгүй. Ажилтнуудтайгаа харьцахдаа хүртэл энэ зарчмыг баримталдаг. “Би чамд хувь хүний чинь үүднээс үүнийг хэлээгүй байна. Харин хийсэн ажил чинь буруу. Үүнийгээ зас” гэдэг өнцгийг ялгаж салгах хэрэгтэй.  



-Та өмнө нь телевизийн нэгэн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Хүүгээ хэтэрхий эрхлүүлж өсгөсний төлөө маш том төлөөс төлсөн” гэж хэлсэн байсан. Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс яг юу болсон юм бол гэж сонирхож асуусан байна лээ?


-Хойд ээж маань дүү бид хоёрыг өсгөхөөс дургүйцэж, биднийг тусад нь өсгөсөн. Аав маань байнга загнаж, зодно. Ийм болоод тэр үү “Хэрвээ би хүүхэдтэй болбол хэзээ ч зодохгүй, аашлахгүй. Хүссэнээр нь өсгөнө” гэж өөртөө амласан юм. Жишээ нь хүүхэд өндөр дээрээс үсэрч тоголдог хэсэгхэн үе байдаг даа. Тэр үедээ хоолны ширээн дээрээс үсрэхэд нь би хүүдээ “Болохгүй” гэж хэлдэггүй байлаа. Харин ч ширээн дээр гарахад нь тусалдаг байсан. Дураар нь байлгах маш буруу зүйл, хил хязгаар тогтоож өгөх ёстой байсан юм байна гэдгийг би хожимдож ухаарсан. Том төлөөс гэдгийг зөвхөн өөрт тань ярьж өгч болно. Ямартай ч өнөөдөр хүү маань найз охинтой болсон. Над руу “Санаж байна шүү, ээж ээ. Хурдхан уулзах юмсан” гэж утсаар залгаж, захидал илгээдэг. Энэ л ээж болсны хамгийн том бэлэг юм даа. 



Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

5th1ull7dtsth1korfpdqvnknc_b.jpg


 
Сэтгэгдэлүүд (2)
Зочин 1 өдөр 14 цагийн өмнө
Дэлгүүрээр нь үйлчлүүлж байсан. Маш үнэтэй, монголчуудыг дэндүү шулдаг юм шиг санагддаг. Байгууллага дээр тохижилт хийлгэж байсан, хэт үнэтэй. Монголд удаан амьдарсан болохоор мууг нь маш сайн сурсан байсан. Олон ааштай, нэг дор хэд инээж, хэд ярвайдаг олон ааштай эмэгтэй байна лэ.
Зочин 3 өдөр 1 цагийн өмнө
Omno n ih l shunaltai avgai bn daa.gj bodoj bailaa. Getel ene yariltslaganaas ooroor tosoologdoj bn.
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.