Нэвтрэх Бүртгүүлэх
 
Валиант арт ба интерьер компани хуурамч гэрлийн бүрхүүлийг 205 сая төгрөгөөр заржээ
22773327_10211832124375917_1208209873_n-17424.jpg
2 өдөр 1 цагийн өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
1 Санал өгөх

“Валиант арт ба интерьер” компани хуурамч гэрлийн бүрхүүлийг 205 сая төгрөгөөр заржээ



 

 “Үнэ дагаж чанар өсдөг учир чанартай бүтээгдэхүүн худалдаж авья гэвэл үнэ битгий хайрла” гэж хэлэх дуртай энэ хатагтай бол “Валиант арт ба интерьер” компанийн захирал Элизабет Коппа.  Тэрбээр 2014 онд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр нэг жил ажиллах гэрээ байгуулсан гурав дахь нөхөр болох Р.Коппагаа дагаж Монголд ирсэн түүхтэй. Үүнээс хойш манай улсад 13 дахь жилдээ суурин амьдарч байна. Монголд ийм удаан хугацаанд амьдрах болсон шалтгаан нь нэгдүгээрт, нөхөр Р.Коппа нь Худалдаа хөгжлийн банкинд томоохон албан тушаал хаших болсон нөгөө талаасаа манай улсад бизнес эрхлэх таатай орон зайг олж харсан нь түүнийг ийнхүү “дөнгөлөх” шалтгаан болсон гэх. Бага байхын л сэргэлэн, сүйхээтэй зантай гэдгийг түүний эргэн тойрны хүмүүсээс эхлээд хатагтай Элизабет Коппа өөрөө хүртэл хэлдэг. Тиймдээ ч Монголд ирээд хэдхэн сар болохдоо уран зургийн галерэй нээж байв. Галерейн тоо арав хүрснээс гадна уран зургийн цуглуулга хэдийнэ 2500 гарсан байна. Өдгөө тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлд хүч үзэж буй “Валиант арт ба интерьер” компанийн уриа нь өмнө нь хэлсэнчлэн “Үнэ дагаж чанар”. Гэтэл үүдээ нээсэн цагаасаа үйлчлүүлэгчдийнхээ таашаалд ихэд нийцэж ирсэн тус компанитай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн хэд хоног хэвлэлээр шуугих болов. Учир нь Испани, Франц, Итали, Америк, Португаль зэрэг дэлхийд брэндээрээ тэргүүлэгч улсаас гэр ахуйн тансаг зэрэглэлийн тавилга импортолдог дээрх компани угтаа Эрээн, Бээжин чиглэлээс бараа зөөдөг гэх сураг чих дэлссэн юм.



244 сая төгрөгийн хуурамч бүтээгдэхүүн борлуулсан гэх хатагтай Коппа


“Монголчуудын 10-15 хувь нь мөнгөнд огт санаа зовдоггүй. Тиймдээ ч тансаг гэсэн бүхний араас хошуурдаг” гэж хатагтай Элизабет Коппа нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үнэхээр ч зөвхөн монголчууд ч гэлтгүй дэлхий дээр амьдарч, амьсгалж буй амьтай бүхэн гоё, сайхан бүхэнд дурлаж, татагддаг нь хорвоогийн жам. Тэгвэл хатагтай Элизабет Коппагийн хувьд хүний яг энэ хүсэл, таашаал дээр нь дөрөөлж бизнэсээ эхлүүлэх санаа төрсөн байдаг. Монголын бизнесийн салбар дахь анхны алхамаа уран зургийн галерэйгээс эхэлсэн бол өдгөө тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулж байна. Тэднийх Итали, Испани, Франц, Америк гээд олон улсаас тавилга нийлүүлдэг гэх бөгөөд цонхны хөшгийг нэг метрийг нь 200-300 еврогийн үнэтэйгээр захиалах боломжтой. Цаашлаад гэрлийн бүрхүүл, буйдан худалдаж авья гэвэл жирийн монгол хүн хорин жилийнхээ цалинг хураагаад ч худалдан авч хүчрэхгүй. Гэгээлэг талаас нь харвал дэлхийн баячуудын хэрэглэдэг тансаг бүтээгдэхүүнийг монголчууд яагаад хэрэглэж болохгүй гэж. Худалдаж авч чадаж л байвал ямарбрэнд хэрэглэх нь өөрсдийнх нь дур. Гэхдээ энд нэг зүйл бий. Учир нь хатагтай Элизабет Коппа “Үнэ дагаж чанар” гэж хэлж, уриалсан аталаа энэ үгнээсээ өөрөө буцсан бололтой юм. Учир нь, өнгөрсөн сарын 26-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Валиант арт ба интерьер” компаниас 244 сая 490 мянган төгрөг нэмжилсэн тухай шүүх хурал болсон юм.  Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00292 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 958 дугаартай магадлалтай “Валиент арт ба интерьер” компанид холбогдох хэргийг шүүсэн байна. Эл хэргийн талаар нэхэмжлэл гарсан талынханы мэдүүлгээр 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Валиент арт” дэлгүүрээс гэрлийн бүрхүүл, цонхны хөшиг сонирхох үед каталогиос үзэж, сонирхоод захиалж болно гэжээ. Улмаар компанийн ажилтан Б.Оюунхорол болон захирал Элизабет Коппад зургаан нэр төрлийн есөн ширхэг гэрлийн үнэд 205 сая 890 мянган төгрөг болон зургаан ширхэг цонхны үнэд 38 сая төгрөгийг үнийн саналын дагуу өгсөн байна. Захиалга өгөх үед дэлгүүрт дөрвөн гэрэл бэлэн байсан тул тухайн үедээ сууриллуужээ. Гэтэл хоёр гэрлийн хэмжээ нь зөрөхөд худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ дагалдах бичгийг нэхэхэд өгөх боломжгүй гэжээ. Уг нь хатагтай Элизабет Коппа өөрийн дэлгүүрийн барааг дэлхий дээрх хамгийн чанартай бүтээгдэхүүний нэг гээд дагалдах бүх бичиг баримттай нь хамт хүлээлгэж өгдөг гэж хэд хэдэн удаагийнхаа ярилцлагад дурьдсан байдаг. Гэтэл дээрх нэхэмжлэл гаргасан иргэний мэдүүлгээр дагалдах бичиг олгоогүйгээс гадна хэмжээ зөрсөн гэрлийн бүрхүүл болон 10 сантметрээр богинодсон хөшгийг сольж өгөхөөс татгалзсан байна. Энэ талаар нэхэмжлэл гаргасан талынхан өгүүлэхдээ “Элизабет Коппа захирал бүх бараагаа эх хуулбар гэж хэлсэн атлаа үүнийг нотлох дагалдах бичиг өгөөгүй. Эндээс үзвэл, БНХАУ-д үйлдвэрлэдэг дуураймал хувилбар байх магадлалтай” гэсэн юм. Энэ нь ч шүүхийн магадлалаар нотлогдсон байдаг. Учир нь тухайн үед захиалга өгөх үед гэрлийн бүрхүүлийг уулын болор гэж хэлээгүй гэдгийг худалдагч мэдүүлжээ. Хожим шалгалтаар 204 сая төгрөгөөр захиалсан гэрлийн бүрхүүл нь зүгээр л нэг шил байсан нь тогтоогдсноос үзвэл хатагтай Элизабет Коппа жинхэнэ болор унжуурга гэж худал хэлж, бусдад ойлгуулах замаар үйлдвэрийн аргаар боловсруулсан шилийг олон арван сая төгрөгөөр худалддаг байсан бололтой.



Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх дэд даргын гэргий Элизабет Коппа гэж хэн бэ


Элизабет Коппа нь өдгөө 70 насны босго давж буй бөгөөд Польш Улсад төрж, өссөн. Долоон орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Эх нь түүнийг гурван настай байхад нас барснаас хойш аав нь хоёр ч удаа гэрлэсэн. Энэ утгаараа төрсөн эцэгтэйгээ таарамж муутай өссөн тэрбээр бага насандаа гэрлэсэн ч бүтэлгүйтсэн байдаг. Улмаар дахин гэрлэсэн нь мөн л алдаа болж. Хоёр дахь нөхрөөсөө салснаас хойш таван жилийн дараа одоогийн нөхөр болох Р.Коппатой танилцжээ. Р.Коппа нь 2004 онд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр нэг жилийн хугацаатай ажиллахаар Монголд ирсэн юм. Үүнээс өмнө эхнэр Элизабет Коппагийн хамт Итали, Франц, Хонг Конг зэрэг олон оронд ажиллаж, амьдарч байсны дунд манай улсад хамгийн удаан буюу тасралтгүй 13 жил ажиллаж, амьдарч байгаа. Элизабет Коппа ярьснаар эцэг нь гутлын жижигхэн дэлгүүртээ байж. Нэг өдөр 200 злотоор зарах ёстой байсан гутлыг нь 50 злотоор гудамжинд зогсч байгаад худалдснаа эцэгтээ хэлэхэд хүний юманд дураараа хүрч болохгүй, ашиггүй худалдаа хийлээ гэж аашлуулснаас хойш үр дүнд хүрэх эсэхээ бүрэн тодорхойлсныхаа дараа л эцсийн шийдвэрээ гаргадаг болсон гэх. Угтаа тухайн үед охин гуравхан настай байсан гэх юм билээ. Тэгэхээр их бага наснаасаа бизнесийн салбарт хөл тавьсан байгаа юм. Юутай ч үнэн худлыг нь мэдэхгүй. Хатагтай Элизабет Коппа “Talk with me” шоуны үеэр ингэж ярьсан. Гурван наснаасаа бизнес эрхэлсэн тэрбээр 25 настайдаа гутлын үйлдвэртэй болсон ч үүнийгээ зайдас шарах ажлаар солисон байна. Дараа нь Итальд ч билүү пянзны үйлдвэр нээж улмаар нэгэн кино компанид худалдаалах тэр үедээ одоогийн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын Гүйцэтгэх дэд даргаар ажиллаж буй Р.Коппатай танилцжээ. Түүний ярьснаар эл хатагтайн амьдрал бизнесийн олон санаа, тэмцэл дунд өнгөрч. Харин 2004 оноос хойшхи буюу Монголд амьдарч эхэлсэн замналаа “Бизнесийн хамгийн таатай орчинг олсон” гэсэн. Магадгүй түүний энэ үг дээрх үйлдлийх нь цаад утга санааг илэрхийлж байж ч мэдэх.


Ямартай ч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хатагтай Элизабет Коппагийн эсрэг шийдвэр гарч. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар хариуцагчийн нийлүүлсэн гэрлийн бүрхүүл болор биш шил байсан мөн хөшиг захиалсан материалаар хийгдээгүй, бүрхүүл, хөшиг, хивсэнцэрийн хэмжээ, өнгө, шинж байдал, нэхэмжлэгчийн захиалсантай нийцээгүйгээс гадна худалдагч эд зүйлийн дагалдах бичиг баримтыг худалдан авагчид хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдсон байна. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэнд хамаагүй гэдэг шиг үнэн зүйл өнөөгийн нийгэмд байхгүй биз. Гэхдээ мөнгөтэй байсныхаа төлөө бусдад залилуулж, элдвээр хэлүүлэх нь зохисгүй үзэгдэл. Хамгийн эмгэнэлтэй нь дэлхийн чанартай, шилдэг брэнд нэрээр халхавчилж хурамч бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлж, улмаар бусдыг хууран мэхэлсэн нь үнэн байгаад нотлогдвол хатагтай Элизабет Коппа болон түүний нөхөр хоёр эвгүй зүйлд хутагдах нь ойлгомжтой. Тэр дундаа Монголдоо төдийгүй дэлхийд нэр нөлөө бүхий Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын Гүйцэтгэх дэд дарга Р.Коппагийн гэргий ийм бохир тоглоом тоглож буй бол манай улсын банк санхүүгийн нэр хүнд цаашлаад Монгол Улсын нэр төр улсын олон улссын хэмжээнд унах эрсдэлтэй. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан энэ мэт үйлдлийг шалгаж, үнэхээр улсын хилээр брэнд нэртэй хуурамч бүтээгдэхүүн импортолж, үүнийгээ бусдыг хууран мэхлэх замаар олон арван сая төгрөгөөр зарж байгаа эсэхийг хянаж, шалгаж тогттоох нь зүйтэй биз ээ. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”гэдэг үгийг бид бүхэн хаа хаанаа бодож явахад гэмгүй болов уу. 

22782281_10211832116295715_430181167_n.jpg
22782370_10211832116255714_708493536_n.jpg
22811424_10211832123415893_2104603740_n.jpg


 
Сэтгэгдэлүүд (3)
Зочин 6 өдөр 17 цагийн өмнө
Ene yostoi neg shunaltai avgai daa.
Зочин 1 өдөр 19 цагийн өмнө
Shuuhiin shiidvertei yum bish u
Зочин 1 өдөр 19 цагийн өмнө
Hunii ner turd haldah huulitai shuu
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.