Нэвтрэх Бүртгүүлэх
 
О.Сэргэлэн: Дэлхийн шилдэг мэс засалчийн шагналыг Элэг шилжүүлэх мэс заслын "эцэг"-тэй хамт гардахаар болсон
205920-24042017-1493027922-225770853-Sergelen_11-17422.jpg
1 сарын өмнө | Нийтэлсэн: topmedee.mn Админ | Түгээх :
0 Санал өгөх
 

Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэнг "Монгол бахархал" буландаа урилаа.

 
 

Монголд Шинжлэх ухааны доктор гуравхан эмэгтэй мэс засалч байдгийн нэг нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн.


Тэрбээр 2017 оны “Мэс засалчдын олимп”-д дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарчээ. Монголд элэг шилжүүлэх, дурангийн мэс засал, мэс засал, яаралтай түргэн тусламжийг нэвтрүүлж, нутагшуулсан МУ-ын гавьяат эмч О.Сэргэлэнг “Монгол бахархал” буландаа урилаа. 

 

Анх Монголд элэг шилжүүлнэ гэхэд “Та хоёр юу яриад байна. Мэдрэл чинь муудаагүй биз” гэцгээж билээ


Хэдэн жилийн өмнө Монголд элэг шилжүүлэн суулгах хагалгааны талаар бараг ойлголтгүй байлаа. Гэтэл Монголчуудын төсөөлөөгүй байсан, хаа холыг зорихоос аргагүйд хүргэсэн эрхтэн шилжүүлэх хагалгааг та Монголд нэвтрүүлчихсэн. Ямар учрал тавилангаар энэ ажил биеллээ олов оо?


Би 1991 онд Москва руу эмчилгээний нэг жилийн курст явсан юм. Тэр үед Орост хамгийн анхны цогцосны донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал давхцаж таарав. Хамгийн азтай нь би уг мэс заслыг шилэн хананы цаанаас харж зогссон юм. “Ямар хэцүү ажил вэ. Манай улсад хэзээ ч нэвтрэхээргүй юм байна” гэж бодож байлаа. Гэсэн ч энэ асуудлыг сэтгэлийн мухартаа тээсээр явсан. Дараа нь 2002 онд Лозаннийн их сургуулийн Чиле профессор Монголд швейцарийн багтай ирэхэд нь Лхагвасүрэн захиралтай хамт уулзаад эрхтэн суулгах мэс заслыг нэвтрүүлэхэд туслалцаа хүссэн гурван хуудас захидлыг өгсөн. Чиле профессор “Юун түрүүнд бөөрөө шилжүүлэн суулгачих аа. Дараа элэгний талаар ярихгүй бол алдана шүү” гэсэн санамж өгсөн. 2006 онд манайд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анхлан заасан английн нэртэй профессор Мауриз Слопак Монголд ирээд “Танайх бөөрөө шилжүүлэн суулгачихлаа. Үүний дараагийн ажил бол элэг шилжүүлэн суулгах мэс засал. Тиймээс хоёр хүн явуулж Финлянд, германий эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдэд сургая” гэсний дагуу миний бие, УНТЭ-ийн Батчулуун эмч бид хоёр анх явж байлаа. Бид финляндад гурван сар, германд нэг сар, нийт дөрвөн сар элэг шилжүүлэх мэс заслын чиглэлээр суралцсан.



Анх Орост эрхтэн шилжүүлж байхыг хараад Монголд хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдсан гэлээ. Тэгвэл Европын оронд номын дууг нь сонсоход сэтгэлд багтаад ирсэн үү?


Тийм ээ. Сэтгэлд багтсан. Ер нь болчих юм байна. Монгол зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй юм байна гэх сэтгэгдэл төрсөн. Учир нь 1998 он, 2005 оны хооронд хөгжлийн маш их зөрүү бий шүү дээ. Монголд ирээд бид элэг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулах талаар багагүй хөөцөлдсөн. Гэвч хүсэлтийг минь хүлээн авах, сонсох хүн олдоогүй. “Та хоёр юу яриад байна. Мэдрэл чинь муудаагүй биз” гэцгээж байсан. Харин 2008 онд “Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал” гэсэн төсөл бичээд сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд, Шинжлэх ухаан технологийн санд өгсөн. Төслийг манай сургуулийн захирал дэмжиж подвалын давхарт элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын өрөөг гаргасан.



Туршилтын мэс заслаа подвалын өрөөнд хийнэ гэхээр сонирхолтой юм. Гахайн дээр анх туршсан байх аа?


Бид швейцарийн мэс заслын багийн ирүүлсэн тусламжийн наркозын аппарат, хагалгааны ширээ гэх мэт бүх зүйлийг өөрсдийнхөөрөө тоноглоод 2009 оны арваннэгдүгээр сард гахайн дээр туршилтын мэс заслаа хийсэн. Эндээс л эрхтэн шилжүүлэх мэс засал эхэлсэн түүхтэй. Тэр үед ямар ч байсан Монголдоо элэг шилжүүлэн суулгачихна гэсэн зориг зүрхтэйгээр багаа байгуулсан. Батчулуун бид хоёроос өөр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг мэдэх хүн байгаагүй учраас эмч нар маань бидний заавраар ажилласан. Хагалгаа 9-10 цаг үргэлжилнэ. Ингэхдээ амралтын өдрүүд, баасан гарагийн үдээс хойш гээд ажлын бус цагаар амжуулна. Заримдаа шөнийн 02.00, 03.00 цагт дуусна. Подвал ямар агааржуулалттай билээ заримдаа үнэхээр хэцүү байсан. Гэсэн ч тэрхүү давчуу нөхцөлд манай баг бүрэлдэн тогтсон.

 

 

 

Ли профессор бидний зардлыг бүрэн дааж  2010 оноос өнөөдрийг хүртэл сургаж байна



Дараа нь яасан бэ. Элэг шилжүүлэх хагалгааг Монголд нэвтрүүлэхэд Солонгосын алдартай профессор хамгийн их тусалсан гэж сонссон?


2009 онд Эрүүл мэндийн сайдтай уулзахад “Та нар үнэхээр хийж чадах юм бол суралцах газраа олоод ир. Тэгвэл санхүүжилтийг нь шийдье” хэмээн ам өгөв. Тэр үед би Бээжинд болох олон улсын мэс засалчдын хуралд уригдан илтгэл тавих байсан юм. Зочин бүрийн байр, хоолны зардлыг даачихдаг учраас Эрдэнэ багш, Батчулуун хоёрыгоо хамт явах саналыг тавьсан. Хурлын үеэр Солонгосын алдартай эмч Ли профессорыг олж уулзахаар шийдсэн. Профессортой өмнө нь нүүр тулж үзээгүй, харин 2005 оноос мэйлээр харилцдаг байв. “Монголын эмэгтэй мэс засалч Сэргэлэн байна. Бид тантай уулзах гэсэн юм. Цаг өгөөч” хэмээн хүсэхэд “Хурлын завсарлагаанаар ирж уулзаарай” гэв. Профессортой уулзаад Монголын элэгний эмгэгийн өнөөгийн байдал, өвчлөл, нас баралт ямар байгааг тайлагнаад “Та л бидэнд тусал. Манай засгийн газар сургах мөнгийг нь өгнө гэсэн. Танайхаас сурмаар байна” гэсэн хүсэлтийг тавьсан. Харин Ли профессор нутагтаа очмогцоо “Сэргэлээн, танай багийнхныг дөрөв дөрвөөр нь групп болгон бүтэн жилийн турш сургахаар боллоо. Та нар ирэхдээ бэлтгээрэй” гэсэн баяр тээсэн захиаг бидэнд ирүүлсэн. 



Гайхалтай юм бэ. Бүх зардлыг тэдний тал даахаар болсон хэрэг үү. Эсвэл сурах эрхийг нь өгсөн юм уу. Угаасаа Эрүүл мэндийн сайд та нарын сургалтын зардлыг санхүүжүүлнэ гэж ам гараа биз дээ? 


Энэ мэдээг сайддаа дуулгатал “Та нарт өгөх 25 мянган доллар байхгүй” гэв. Маш хүнд байдалтайгаар профессортоо явж чадахаа байснаа хэлтэл “Хүрээд ир ээ. Би өөрийнхөө сангаас танай багийг санхүүжүүлье. Харин та нар замынхаа зардлыг даагаарай” гэсэн хариултыг өгөв. Гэтэл үүнээс хойш хэд хоногийн дараа профессор ахин холбогдоод “Та нарын замын зардлыг гаргах хувийн компанийн эзнийг оллоо. Тэр хүнийг Улаанбаатарт очиход нь уулзаад 5000 ам.долларыг аваарай” гэв. Ингээд бидний суралцах зардлыг 100 хувь дааж Ли профессор 2010 оноос өнөөдрийг хүртэл сургаж байгаа. Яагаад үргэлжлүүлэн сургаад байна гэхээр элэг шилжүүлэн суулгах хагалгаа жилээс жилд хөгжиж технологи нь хувьсан өөрчлөгддөг. Тэгэхээр биднийг үргэлж цэнэглэхгүй бол 2011 оны мэдлэгээрээ хоцрогдчихно шүү дээ. Энэ их эмзэг асуудал л даа. Нярай хүүхдийг эх нь үргэлж торддог шиг энэ багийг байнга арчилж, сургахгүй болж ард хоцорно. Хоцрогдвол хүндрэл, нас баралт нэмэгдэнэ гэх аюул ойрхон. 



-Манай эмч нарыг бэлтгэж буй “Асан” сан дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаараа тэргүүлдэг төв гэсэн байх аа?


-Солонгосын “Асан” бол дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгахаараа тэргүүлэх төв. Өдгөө амьд донороос 5000 хүний элгийг сольсон. Энэ төвд суралцахаар Америк, Англи, Герман зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс маш их эмч зорин очдог. Профессорын бүхий хагалгаанд зогсож байдаг тул манай багийнхныг “Ли профессорын хүүхдүүд” гэж нэрлэдэг байлаа. 

 

Ли багш бол дэлхийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын “эцэг” Маттосато Макучи профессорын шавь



Танай багийнхан их л идэвхтэй байж дээ?


Нэгдүгээрт Солонгосууд Монголчуудад их сайн. Нөгөө талаас бидний идэвх нөлөөлсөн байх. Манай багийнхан ”Асан”-нд дадлагажих хугацаандаа өдөр, шөнөгүй “Харъя, Үзье” гэсэн тэмүүлэлтэй байв. Суралцах хугацаандаа байрандаа хоносон нь цөөхөн. Үргэлж л эмнэлэг дээр өнжинө. Өдөр нь амьд, шөнө нь цогцосны донороос хагалгаа хийхийг ажиглана. 24 цаг эмнэлэг дээр өнжиж завсарлах сиймхийгээр эмнэлгийн сандал дээр нүднийхээ хорыг гаргадаг байв. Бидний идэвхи суръя гэсэн тэмүүлэл профессорын сэтгэлд хүрсэн гэж боддог. Тэр үед Вьетнам, Монгол улсад энэ төслийг зэрэг эхэлсэн юм. Гэтэл зэрэг гараагаа эхэлсэн Вьетнам улс өнөөдөр амьд донороос дөрвөн элгийг “Асан”-тай хамтран шилжүүлсэн бол бид 24 хагалгааг хамтарч, есийг нь бие даан хийгээд байна. Багш хүн сайн шавиа харахаараа улам хөгжүүлье гэж боддог. Тэр утгаараа Ли профессор үргэлж дэмждэг байх. Бид саяхныг хүртэл хүмүүсийнхээ шинжилгээ, явц, хагалгааны байдлаа “Асан”-руу мэдээлж, 24 цагийн турш нягт холбоо харилцаатай ажилласан. Шаардлага гарвал одоо ч “Асан”-руу хандаж зөвлөгөө авч, саналаа солилцдог. “Асан”-нд хэрэглэдэг бүх багаж, тоног төхөөрөмжийг яг тэр чигээр нь 2012 онд өгсөн 1.6 тэрбум төгрөгөөр авчраад суурилуулсан. 



Эрхтэн шилжүүлэх мэс заслыг дөнгөж эхэлж байгаа орны хувьд манайх хэр амжилттай яваа вэ?


Манай улс элэг шилжүүлэх мэс заслын хувьд дэлхийн 46 дахь орноор, хөгжиж байгаа орнууд дундаа анхдагч улсаар тодорсон. Хамгийн сайхан нь анхлан элэг шилжүүлж байгаа орны хувьд 50 хувийн үр дүнтэй байдаг бол бид эхний гурван сардаа 91 хувь, жилдээ 89 хувьтай ажилласан. Энэ бол “Асан”-ы багш нарын маань ач.



Ли профессор Монголын ард түмэнд ихийг өгчээ?


Тэгэлгүй яах вэ. Ли багш бол дэлхийд алдартай хүн. Яагаад гэвэл тэрбээр амьд донороос элэг шилжүүлэн суулгах хэд хэдэн шинэ аргыг дэлхийд нэвтрүүлсэн. Багш минь дэлхийд алдартай Японы Маттосато Макучи профессорын шавь. Тэрбээр дэлхийн амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслын эцэг.



Ямар ч ойлголт, төсөөлөлгүй байсан хөрсөн дээр энэ эмчилгээг суулгахад багагүй бэрхшээлийг та бүхэн туулсан байх. Тэр үед юунаас итгэлийг олдог байв? 


Мэс заслын үеэр элэг солиулсан хүн нас барах зэргээр хүнд тохиолдол мэдээж гарна. Тэр үед профессортоо хандана. Үнэнийг нуулгүй хэлнэ. Мэдээж маш хэцүү байдалтай захиа бичнэ шүү дээ. Ли профессор шөнийн хоёр, гурван цагт ч байсан ч хамаагүй надруу хариу бичнэ. Өөрөө энэ замыг туулж, биеэрээ амссан болохоор нөхцөл байдлыг минь их сайн ойлгоно. “Сэргэлээн, бүү санаа зов. Ийм юм тохиолддог. Хамгийн гол нь чи багаа сэтгэлээр унагаж болохгүй. Чи зоригжуулагч шүү. Чи сэтгэлээр унавал баг чинь уруудаж, ажлын үр дүнд нөлөөлнө” гэж намайг зоригжуулна. Яг л миний аав шиг их сайхан сэтгэлтэй хүн байдаг. 


Өвчтөний ар гэртэй уулзах, гуниг, цөхрөлдөө автахыг харах нь эмч хүний хамгийн аймшигтай үе


Эмч бусдыг авардаг ч бурхан биш. Алдах, ялагдах тохиолдол гарна. Хагалгааны ширээний ард үхэл амьдралтай тэмцэлдсэний эцэст ялагдах тэр мэдрэмж хамгаас харгис байх тийм үү?


Их хэцүү. Элгийг нь л шилжүүлэн суулгачихвал манай хүн амьдарчихна гэсэн итгэл дүүрэн нүдээр ар гэрийнхэн нь биднийг ширтдэг. Гэтэл бүх зүйл талаар болоход итгэл тээсэн тэр харцнуудад гуниг хурахыг төсөөлөх амаргүй. “Аварч чадсангүй дээ” гэж хэлэх хүртэл их зориг, хат шаардана. Энэ бол багийн ахлагчийн хамгийн хүнд ачаа. Өвчтөний ар гэртэй уулзах, гуниг, цөхрөлдөө автахыг харах нь эмч хүний хамгийн аймшигтай үе. Харин өвчтөнийхөө эдгэхийг харж, “баярлалаа" гэдэг үгийг сонсох нь дээд шагнал. 



Та Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч. Хагалгааны үеэр багаа ахлахаас гадна голлох үүрэг юу байдаг юм бэ?


Энд жинхэнэ баг ажилладаг. Дүрс оношлогоо, лабораторийн, дотрын, мэс заслын, анатомийн зэрэг салбар салбарын эмч байх ёстой. Түүнээс биш дан мэс заслын, эрчимт эмчилгээний эмч байгаад юу ч хийж чадахгүй. Багийн ахлагч эмч нарынхаа саналыг сонсоод хормын дотор дүгнээд шийд гаргана. Тиймээс ахлагч эрчимт эмчилгээ, элэг, мэс засал, лабораторийн, дүрс оношлогооны мэдлэгтэй байх ёстой. Маш уян хатан, мэдрэмж, мэдлэгтэй, клиник сэтгэлгээтэй байхгүй бол багаа хөтөлж чадахгүй. Буруу алхам хийвэл цаана нь хүний амь хохирно. Багийн ахлагч хамт олон, өвчтөнүүдийнхээ өмнө асар том хариуцлагыг үүрдэг, тухайн ажлыг амжилттай явах эсэхийг шийддэг гол гогцоо юм. Ли профессор үүнд намайг зургаан жилийн турш бэлтгэсэн. 



Танай баг нэг ойтой хүүхдэд элэг шилжүүлсэн гэсэн байх аа?



-Бид ой зургаан сартай элэг цөсний замын төрөлхийн битүүрэлтэй хүүхдэд хагалгаа хийсэн. Өмнө нь дөрвөн настай хүүхдэд хийсэн учраас багагүй туршлагатай байв.



Хүүхдэд хийх амаргүй байх даа. Адаглаад л өвдөлтөөсөө болоод зовиурлана. Арга эвийг нь олоход хэцүү юу?


Хүүхэд их хөөрхөн. Аливаад амархан хууртдаг. Дөрвөн настай хүүхдэд элэг сольсоны дараа түүнд их хэцүү байв. Хагалгааны дараа орноос нь босгох гэтэл босож өгдөггүй. Удаан хэвтүүлж болдоггүй юм л даа. Тэгээд нэг арга сэдэж дэлгүүрээс хүүхдийн мотортой машин аваад очив оо. Машин хараад хүүгийн нүд сэргээд  өндийгөөд суучихаж билээ. Дараа нь ойтой хүүхдэд хийсэн. Жаахан болохоор хэлсэн үг сайн ойлгохгүй харснаа идэх гэнэ. Зовиураа уйлж илэрхийлнэ… Гэсэн ч хүүхдийн аргыг амархан олсон. Хөөрхөн тоглоомоор сатааруулав. Өдөрт нэг тоглоом авчирдаг ажилтай болсон. Хамгийн сүүлд долоон настай хүүхдэд мэс засал хийсэн. Амьдралын боломж муутай байсан учраас хандиваар хагалгаанд орсон юм. Түүнд хурдан эдгээд гарах сэтгэгдлийг төрүүлэхийн тулд “Аз молл” орж ягаан даашинз, малгай авч өмсгөв. Тэгсэн орныхоо ард өлгөчихөөд “Би хэзээ гарах вэ” гэж шалгаах болсон. Тэгэхээр нь “Чи хоолой сайн идвэл хурдан гарна” гэж билээ. Тэгсээр байгаад маш хурдан эдгэсэн. Ер нь энэ мэт сайхан түүхүүд цөөнгүй бий.

 

 

 

Эмч хүн баян хүний өмнө өвдөг сөхөрч, ядарсан хүнийг дорд үзэх ёсгүй



Уг нь эмчийг би хамгийн энэрэнгүй мэргэжил гэж хардаг. Гэтэл сүүлийн үед мөсгүйдсэн жишээ чих дэлсэх боллоо?


Бүх хүнийг ялгаварлалгүйгээр эмчилнэ гэж эмч хүн тангаргаа өргөдөг. Бид дайснаа ч эмчлэх ёстой. Өнөөдрийн зах зээлийн нийгэмд нэг муухай үзэгдэл бий болсон. Баян хүний өмнө өвдөг сөхөрч, хормой дэвсэж гүйж, ядарсан хүнийг буланд аваачаад хаячих жишээтэй. Тийм тохиолдлууд байхгүй биш байна. Гэхдээ бүх эмч нар тийм биш ээ. Цөөхөн хүнд бий.



Бас өвчтөнөөр бизнес хийх тохиолдол их байна. Эмч нарын дунд байдаг нэг том дутагдал бол “Та энэ утсаар нь оёулбал дээд зэргийн сайн утас. Энэ нь тендерээр ирсэн хятадын муу утас. Энэ нь үнэгүй. Энэ нь үнэтэй… Та алинаар нь оёулах вэ” гэдэг. Мэдээж хүн үнэтэйг нь сонгоно. Гэтэл тэр бүхний цаана эмчийн бизнес нуугдаж байдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд бол бид хамгийн сайныг нь хэрэглэдэг. Гэхдээ өвчтөнөөр авахуулдаггүй. Өвчтөнөөс мөнгийг нь аваад Сангийн яамны дансанд хийлгүүлж эмнэлэг бидэнд сайныг худалдан авч өгдөг. Түүнээс нөхөр Сэргэлэн шүүгээндээ сайн утас хийчихээд тэрийгээ зарж болохгүй шүү дээ.



Бас даатгалд хамрагдаагүй эмнэлэг дээр өвчтөнөө аваачаад хагалгаа хийнгүүтээ багажны мөнгө авдаг тохиолдлууд мэр сэр байдаг шүү дээ?


Үнэн. Энийг засах ёстой. Нэгэнт өртөг өндөртэй эмчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж л байгаа юм бол гурав байна уу, хоёрдугаар шатлалын эмнэлэг байна уу хамаагүй хагалгаа хийх ёстой. Гэтэл өнөөдөр өндөр өртөгтийн даатгал нь зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт хэрэгжих болсноор хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хагалгаа хийхдээ өвчтөнөөс мөнгийг нь авсан хэвээр байна. Үүн дээр эмч нар нь ажилласан хэвээр. Энэ нь хүмүүсийг ядууруулж байгаа нэг том дутагдал. 



Эрүүл мэндийн салбарын талаар хүн бүр л янз бүрийн байр суурьтай байдаг. Ихэнхдээ шүүмжлэлтэй ханддаг. Харин таны хувьд?


Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ийм бага хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар яавч хөгжихгүй. Хэдий хэрийн мөнгө зарцуулж байгаагаас тухайн салбарын хөгжил тодорхойлогдоно. Монгол улсын хувьд маш бага мөнгийг зарцуулж байна. Хүний эрүүл мэнд, боловсрол гэдэг угтаа бол суурь нь. Энэ хоёр салбарыг хөгжүүлж байж урагшилна. 



“Ийм нөхцөлд дурангийн мэс засал хөгжүүлнэ гэж байхгүй, уучлаарай” гэсэн хариултыг авсан ч би шантраагүй



Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх таны мөрөөдөл биелжээ. Мэс засалч хүний хувьд сэтгэлдээ тээж буй дараагийн ажил юу вэ?


Дэлхийд мэс заслын шинжлэх ухааны хөгжлийн оргил нь нэгдүгээрт эрхтэн шилжүүлэх мэс засал, хоёрдугаарт бага хөнөөлт мэс засал буюу дуран жагсдаг. Монгол улсад ойрын ирээдүйд робот мэс заслыг хөгжүүлэх хүсэл бий.



Дурангийн мэс заслыг Монголд бий болгож, хөгжүүлэхэд таныг хамгийн гол оролцоотой явсан хүн гэх юм билээ?


Тиймээ. Миний бас нэг мөрөөдөл бол дурангийн мэс заслыг нэвтрүүлэх явдал байв. Хүсэж мөрөөдөж явсан үе саяхан. 1994 онд Нямхүү эмч, Рашир эмч, Отгондалай, Ганболд багш нар маань анх дурангийн мэс заслыг Монгол хийгээд тухайн үед ганцхан багажтай учраас нэг өрөөнд цоожилчихдог байсан. Өөр хэрэглэж чадах хүн байгаагүй. Тэр үед бүх цөсний хагалгааны дөрөвхөн хувийг дурангаар хийдэг байв. Гэсэн ч 2004 он хүртэл дорвитой хөгжөөгүй.



Уг нь аль эрт дурангийн мэс заслыг хийж эхэлсэн юм байна. Яагаад ийм хожуу хөгжсөн юм бэ?


Энэ нь тухайн үеийн эдийн засагтай холбоотой байсан. АНУ-ын “Swanson-ны гэр бүлийн сан”-ийн захирал нь “Мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр хамтарч ажилламаар байна” гэсэн хүсэлтийг надад тавьсан юм. Хариуд нь “Энэ чиглэлийг бид өөрсдөө болон швейцарчуудтай хамтран хөгжүүлж чадна. Бидэнд нэг чадахгүй байгаа зүйл байна. Тэр нь дурангийн мэс засал. Үүн дээр хамтраач” гэж гуйсан. Тэр хүн өөрөө эмч биш учраас өнөөдрийг хүртэл бидэнтэй хамт ажилладаг Репрайс эмчийг холбож өгсөн. Гэтэл тэр эмч толгой сэгсрээд “Ийм нөхцөлд дурангийн мэс засал хөгжүүлнэ гэж байхгүй, уучлаарай” гэсэн.



Тэгээд яасан бэ?


Өнөөх эмчийгээ гурван өдөр дагаж гуйсны хүчинд Монголд дурангийн мэс заслын туршилтыг хийхээр болсон. 2006 онд “Swanson-ны гэр бүлийн сан”-гийнхан Монголд ирэхдээ нийт 150 мянган ам.долларын өртөг бүхий дурангийн шинэ багаж авчраад УНТЭ-т бэлэглэж, эмч нарыг өглөөний 07.00 цагаас шөнийн 12.00 цаг хүртэл дадлагжуулсан. 14 хоногийн дараа гэхэд зургаан эмч энэ хагалгааг хийж сурсан. Өдгөө манай эмнэлэг цөсний хүүдий авах мэс заслыг 99 хувийг дурангаар хийдэг болсон. Энэ бүхэн амжилт олсон учраас Репрайс эмчид дараагийн сургах эмнэлгийг зааж өгсөн.



Тэгээд цааш давран эмчдээ “Хотын эмнэлэг ч яахав гольдролоо олчихно. Бүсийн оношлогооны төвүүдийг сургаад өгөөч” хэмээн гуйж, Өвөрхангай, Ховд, Дорнод зэрэг таван бүсэд 150 мянган долларын багажтай болгож, эмч нарыг нь дадлагажуулсан. Улмаар Хөвсгөл, Төв зэрэг аймгийн эмнэлгүүдэд дурангийн мэс заслыг нэвтрүүлсэн. Өнөөдөр Монгол улсад дурангийн мэс засал хийдэггүй дөрөвхөн аймаг бий. Сайд 2018 оны төсөвт бүх аймгийг дурангийн мэс заслын тоног төхөөрөмжөөр хангана гээд тусгачихсан байгаа. Хэрэгжихийг нь хүлээгээд л залбирч сууна даа.



Энэ салбарт хийсэн бидний бас нэг ололт бол Монгол улсад дурангийн мэс засал хөгжүүлсэн есөн жилийн үр дүнгээ дэлхийд гуравт ордог “The Lancet” сэтгүүлд хэвлүүлсэн явдал байв. Өмнө нь шинжлэх ухааны энэ сэтгүүлд Монголоос нэг ч эрдэмтэн бүтээлээ нийтлүүлж байгаагүй бөгөөд анхдагч нь бид юм.  



Хэрэв та шантарсан бол өнөөдөр ийм амжилтад хүрэхгүй байсан уу?


Өнөөдөр ийм хэмжээнд хүрэхгүй байсан. Яагаад гэвэл Монгол улсын эдийн засаг 150 мянган ам.долларын үнэтэй дурангийн тоног төхөөрөмжийг жил болгон эмнэлгүүдэд хангаад байх чадамж байгаагүй. Гэтэл өнөөдөр бидний хичээл зүтгэлийн үр дүнд мэс заслын 92-93 хувийг дурангаар хийдэг болчихоод байна. 



“Эмч охинтой байх ямар сайхан юм бэ” гэх үгийг ээж минь тэнгэрт одох хүртлээ охиндоо хэлсэнсэн



Та бол Монголын шинжлэх ухааны доктор гурван эмэгтэй мэс засалчийн нэг. Нэг нь таны багш байх аа?


Үеийн үед мэс засал гэхээр эрэгтэй хүний мэргэжил гэж ойлгосоор ирсэн. Намайг залуу байхад мэс заслын салбар руу ордог эмэгтэй хүн бараг байгаагүй. Харин ШУ-ны доктор В.Ичинхорлоо багш минь ОХУ-д сургууль төгсөж ирээд тухайн үед мэс засалчаар ид ажиллаж байв. Багш минь эмэгтэй хүн мэс засалч байж болдгийг өөрийн биеэр харуулсан. Дүрс оношлогоо байгаагүй үед гар нь яг л компьютер шиг мэдэрч тухайн хүний өвчнийг оношилдог байсан. Их хувь тавилангаар багштайгаа учирсан даа.  



Би нэгдүгээр курст байхын л мэс заслын эмч болно гэж боддог байсан. Тиймээс УНТЭ-ийн мэс заслын тасгийн хагалгаа руу гуравдугаар курсын оюутан гэж худлаа хэлээд мөн ч их орсон доо. Тэнд эргэлдсээр байгаад мэс заслын тасгийнхантай их дотно болцгоосон. Учир нь би өрөөг нь цэвэрлэж, багаж тоног төхөөрөмжийг угаалцдаг байв. Улмаар гуравдугаар курсээс намайг хагалгааны туслахаар оруулдаг болсон. Харин дөрөвдүгээр курстээ Сүхбаатар аймагт анхныхаа мухар олгойн хагалгааг хийсэн бөгөөд сургуулиа төгсөхдөө олгойг өлхөн авдаг болчихсон байв.



Ер нь би багаасаа эмч болохыг хүсдэг байж. Учир нь өвчиндөө шаналсан ээжийгээ илааршуулах нь миний туйлын хүслэн байлаа. Өнгөрөгч оныг хүртэл би ээжийгээ асарсан. Ийм урт наслуулж чадсандаа хамгийн их сэтгэл өег явдаг. Ээж минь “Эмч охинтой байх ямар сайхан юм бэ” гэх үгийг тэнгэрийн оронд залартлаа л надад хэлсэн. Багахан ч гэсэн ээж, аавынхаа ачийг хариулсандаа баярлаж явдаг даа.



Та энэ хугацаанд хэчнээн хүнд хагалгаа хийсэн бэ?


Би 6000 гаруй хүнд мэс засал хийсэн. Үүнээс 500 гаруй хүний ходоод тайрсан юм билээ. Их нарийн тооцоолж үзээгүй ээ. Би өөрөө багш хүн учраас их олон ажил хавсардаг тул харьцангуй цөөн хийсэн.



Дэлхийн мэс засалчдын олимп гэж хэлж болох хамгийн том шагналыг хүртэхээр болсон гэж сонссон?



Дэлхийн мэс заслын байгууллагуудыг нэгтгэж зангиддаг хамгийн том байгууллага бол American College of Surgeons юм. Уг байгууллага дэлхийн шилдэг таван мэс засалчийг жил бүр шалгаруулдаг. Спортоор бол дэлхийн аваргын тэмцээн л гэсэн үг. Энэ жил 70 гаруй орны эрдэмтэн нэр дэвшсэн бөгөөд шилдэг таван эрдэмтний нэгээр намайг тодруулжээ. Энэ нь дэлхийд мэс заслын чиглэлээр Монгол хүн эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтайн баталгаа гэж харж байна. Уг ёслолд дэлхийн 127 мянга гаруй мэс засалч оролцох юм билээ. Хамгийн гайхалтай нь Ли профессорын багш Макучи профессортой зэрэгцэж уг шагналыг авна гэж бодохоор өөрөөрөө, Монгол улсаараа, хамт олноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.



О.Сэргэлэн эмч өнөөдөр дэлхийн шилдэг мэс засалчийн шагналаа гардана. Монгол хүний төлөө гэх сэтгэл цагаан, хийж бүтээсэн үйлс нь ариун, зам мөр нь дардан байг ээ!


Эх сурвалж "Gogo.mn" Г.ОДГАРАВ

PR__6836-113522-1134385031.jpeg


 
Сэтгэгдэлүүд (1)
Зочин 6 өдөр 16 цагийн өмнө
Америкийн мэс заслын коллежийн шалгаруулдаг гадаадын шилдэг 10 мэс засалч 2017 Америкийн мэс засалчдын колледж нь дэлхийн эртний үндэсний мэс засалчдын нийгэмлэг юм. 1912 онд анх байгуулагдан бөгөөд Канадын мэс засалчдын нийгэмлэгийг мөн хамруулдаг. Америк Канадын үндэсний мэс засалчид нь бүгд шахам энэ нийгэмлэийн гишүүд байдаг. Мөн гадаадын шилдэг сайн мэс засалчдыг гишүүнээрээ элсүүлдэг. Гишүүнээр элсүүлэх тусгай дүрэм шаардлага бий. Тэр шаардлагыг хангасан гадаадын мэс засалчид гишүүнээр элсдэг. Та бүхэн Америкийн болон гадаадын зарим мэс заслчид олон улсын нэртэй сэтгүүлд өгүүлэл бичихдээ өөрийн нэр цолны ард ихэвчлэн FASC (Fellow of Am-rican College of Surgeons) гэж бичдэг нь дэлхийд нэр хүндтэй энэ нийгэмлэгийн гишүүн юм шүү гэдгээ зарлаж байгаа хэрэг юм. Өдгөө 5700 гаруй гадаадын гишүүн бий. 1913 оноос нийгэмлэгийнхээ шилдэг мэс засалчдыг тодруулж ирсэн бөгөөд 1950-аад оноос гадаадын гишүүд дотроос шилдэг 5-10 мэс засалчдыг тодруулдаг бөгөөд материалаа илгээдэг. Дэлхийн хэмжээний биш Америк Канадын нийгэмлэг. Бодвол үндэсний мэс засалчдын нийгэмлэг нь тодруулдаг байх. Өнгөрсөн жил гадаадын шилдэг 5 мэс заслчдыг тодруулсан бол энэ жил Шилдэг 10-ийг тодруулсан байна. Манай о. Сэргэлэн 10-ийн 9-рт бичигдсэн байна. О.Сэргэлэнгийн шилдэг мэс засалчид тодруулсан үндэслэлийг Америкийн мэс засалчдын нийгэмлэгээс түүний өгсөн материалын дагуу хэрхэн тодорхойлсныг мэс засалчид ахмад болон одоогийн мэс засалчид, олон нийт та бүхэнд орчуулан толиллуулж байна. Та бүхнээс далдуур юу хийж ярьж явж байна вэ? Доктор Оргойн Сэргэлэн нь Монголын дэлхийд хүн ам цөөнтөй Монгол улсын хүн амыг эмчлэх үүргээ чин үнэнч гүйцэтгэж ирсэн гавьяагаараа шалгарсан. Мэс заслын ямарч суурь байхгүй нөхцөлд Др Сэргэлэн нь ДМБ-ийн глобал санаачилга болох яаралтай болон үндсэн мэс заслын тусламжийг Монголд хөгжүүлсэн. Түүний зохион байгуулалт хичээл зүтгэлээр яаралтай болон ерөнхий мэс заслын тусламж хангалттай биш бага болон дунд орлоготой орны хувьд мэс заслын тусламжийн чанар гайхалтай сайжирч хөдөөгийн 100 гаруй сууринд мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн чанар сайжирсан байна (ахмад үеийн болон өнөөгийн мэс засалчид, мэдээгүйжүүлэгч эмч та нар юу хийж байсан хэрэг вэ!). Др Сэргэлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын хот хөдөөд хэвлийн дурангийн мэс заслыг хөгжүүлсэн байна. 2005 онд хүн амынх нь 50% -нь нүүдэлчин энэ улсад цөсний хүүдийг дурангаар авах мэс засал дөнгөж 4%-тай байсан байна. (мэс заслчид та бүхэн анхаараарай!) Одоо дурангаар мэс засал хийх мэс засал 21 аймгийн 17-д хийгдэж байна. Тэрээр мөн осол гэмтэл нас баралтын гуравдахь шалгаан болсон Монгол улсад Амь нас Аврах Гэмтлийн Гүнзгийрүүлсэн тусламжийг Монгол улсад нэвтрүүлсэн байна. ( Аймаг хотын гэмтлийн эмч та нар юугаа хийж байсан юм бэ?). Др Сэргэлэн засгийн газрын төлөвлөгөөний дагуу хямд үнэтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын ажлыг удирдан зохион байгуулсан бөгөөд засгийн газрын төлөвлөгөөний дагуу эрхтэн суулгах бүхийл ажлыг удирдан нэвтрүүлсэн байна. (Бөөр шилжүүлж суулгасан анхдагчид та нар хаана байсан бэ?) Энэ санаачилга нь эрчимт эмчилгээний тусламжийн хүрээ, эмгэг судлал, ходоод гэдэсний эмгэгийн тусламж, эмзүйн тусламжийг сайжруулах зэрэг Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог хүчирхэгжүүлсэн. Энэ бүгдийг яг эхээс нь авч орчуулсан юм шүү. Материалын утга санаа нь яг ийм байна. Тухайн шалгаруулахад илгээсэн материал нь ийм утга санаатай байсан бололтой. Тодруулахгүй бол болохгүй гадаадынхан ч дүүрч. 1. Монголд яаралтай мэс засал болон мэс заслын үндсэн тусламж, мэдээгүйжүүлэлтийн тусламж хот хөдөөд нэвтрээд бараг нэгэн зууныг хүрэх гэж байна. Үүнийг үе үеийн ахмад, одоо ажиллаж байгаа Манай мэс засалчдын үйл ажллагааны үр дүн юм. Олон жилийн турш өнөөгийн хөгжилдөө хүрсэн энэ түүх яг өнөөдрийн нэг мэс засалч хүнд яагаад хамаатай болов! Гэмтлийн тусламжийн эрт эдүгээгийн хөгжлийн түүх гэж байна уу? Гэмтлийн эмч бус энэ хүн Монгол улсад осол гэмтийн тусламжийг сайжруулсан байна гэж байна цаана чинь. 2. Дурангийн мэс засал 2005 онд биш бүр 1995 онд нэвтэрсэн бөгөөд АНУ-ын эмч Рашер багаж тоног төхөөрөмжийг нь өөрөө авч ирж (Монголын засгийн газар ямар ч хөрөнгө гаргаагүй) Отгондалай эмч Нямхүү эмч нартай анхны цөс авах мэс заслыг хийсэн. Тэр үеэс эхлэн дурангийн мэс засал хөгжлөө авсан. Дараа нь гуравдугаар эмнэлэгт Н. Даваадорж 1996 оноос хийж эхэлсэн. Хуучивтар багажийг нь өөрөө хувиараа авч нэвтрүүлсэн юм. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас дурангийн мэс заслын эмч бэлтгэх гадаад дотоодын ямар ч сургалтанд хүн илгээгээгүй. Гадаад дотоодод явсан эмч нар хувиараа суралцан өндөр эрсдэл дундуур энэ мэс заслыг хөгжүүлсэн юм. Хоёрдугаар эмнэлэгт Японы тусламжаар дурангийн багаж нэвтэрч С.Нэргүй эмч анх хөгжүүлж байлаа (төр засаг болон өөр бусад хүмүүс үүнд ямарч оролцоо байхгүй). Сүүлд 2012-2013 оны үеэс гуравдугаар эмнэлэг Францын мэс засалчдын тусламжаар орчин үеийн багажтай болсон (төр засаг болон өөр бусад хүмүүс үүнд ямарч оролцоо байхгүй). Энэ мэтчилэн эмч нарын урам зориг, идэвх чармайлтаар хөгжсөн юм. 2005 он гэхэд Монголд, Дархан,Эрдэнэт аймгийн төвүүдэд дурангийн мэс засал хөгжсөн төлөвлөгөөт хагалгааны 80-90%-ийг дурангаар хийдэг болсон байсан шүү дээ? Яагаад худлаа тоо баримт гаргаж байна вэ. Америкчуудыг хуурсан юм уу? 3. Монголд бөөр суулгах мэс заслыг Сэргэлэн санаачилсан гэж үү? Харин элэг суулгах төслийн удирдагч болж зохион байгуулж байсан нь үнэн. Гэхдээ Сэргэлэн биш мэс заслыг нь Солонгос эмч нар ирж хийж нэвтрүүлсэн юм шүү? тэднээс Монгол эмч нар суралцсан. Мөн Солонгос болон бусад оронд сурж одоо өөрсдөө амжилттай хийж байгаа. Олон түмэн энэ алдартай мэс засалчаар цаашдаа мэс засал хийлгэх биз. 4. Тэр ДЭБМБ-ийн хөтөлбөрийн дагуу гэмтлийн тусламжийн чанарыг сайжруулсан энэ тэр бол бүр худлаа шүү. Гэмтлийн эмч та нар өнөөг хүртэл Сэргэлэнгийн юм хийхийг хүлээгээд байсан юм уу? Үндсэндээ ийм л тодорхойлолт явуулсан бололтой. Даруу баймаар байна. Дэлхийд анх элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн Др Старцл гэхэд ангаахын шинжлэх ухааны доктор биш манайхны хэлдэгээр боловсролын доктор юм. Тэр хэзээч дэлхийн Америкийн мэс заслын коллежийн шалгаруулдаг гадаадын шилдэг 10 мэс засалч 2017 Америкийн мэс засалчдын колледж нь дэлхийн эртний үндэсний мэс засалчдын нийгэмлэг юм. 1912 онд анх байгуулагдан бөгөөд Канадын мэс засалчдын нийгэмлэгийг мөн хамруулдаг. Америк Канадын үндэсний мэс засалчид нь бүгд шахам энэ нийгэмлэийн гишүүд байдаг. Мөн гадаадын шилдэг сайн мэс засалчдыг гишүүнээрээ элсүүлдэг. Гишүүнээр элсүүлэх тусгай дүрэм шаардлага бий. Тэр шаардлагыг хангасан гадаадын мэс засалчид гишүүнээр элсдэг. Та бүхэн Америкийн болон гадаадын зарим мэс заслчид олон улсын нэртэй сэтгүүлд өгүүлэл бичихдээ өөрийн нэр цолны ард ихэвчлэн FASC (Fellow of Am-rican College of Surgeons) гэж бичдэг нь дэлхийд нэр хүндтэй энэ нийгэмлэгийн гишүүн юм шүү гэдгээ зарлаж байгаа хэрэг юм. Өдгөө 5700 гаруй гадаадын гишүүн бий. 1913 оноос нийгэмлэгийнхээ шилдэг мэс засалчдыг тодруулж ирсэн бөгөөд 1950-аад оноос гадаадын гишүүд дотроос шилдэг 5-10 мэс засалчдыг тодруулдаг бөгөөд материалаа илгээдэг. Дэлхийн хэмжээний биш Америк Канадын нийгэмлэг. Бодвол үндэсний мэс засалчдын нийгэмлэг нь тодруулдаг байх. Өнгөрсөн жил гадаадын шилдэг 5 мэс заслчдыг тодруулсан бол энэ жил Шилдэг 10-ийг тодруулсан байна. Манай о. Сэргэлэн 10-ийн 9-рт бичигдсэн байна. О.Сэргэлэнгийн шилдэг мэс засалчид тодруулсан үндэслэлийг Америкийн мэс засалчдын нийгэмлэгээс түүний өгсөн материалын дагуу хэрхэн тодорхойлсныг мэс засалчид ахмад болон одоогийн мэс засалчид, олон нийт та бүхэнд орчуулан толиллуулж байна. Та бүхнээс далдуур юу хийж ярьж явж байна вэ? Доктор Оргойн Сэргэлэн нь Монголын дэлхийд хүн ам цөөнтөй Монгол улсын хүн амыг эмчлэх үүргээ чин үнэнч гүйцэтгэж ирсэн гавьяагаараа шалгарсан. Мэс заслын ямарч суурь байхгүй нөхцөлд Др Сэргэлэн нь ДМБ-ийн глобал санаачилга болох яаралтай болон үндсэн мэс заслын тусламжийг Монголд хөгжүүлсэн. Түүний зохион байгуулалт хичээл зүтгэлээр яаралтай болон ерөнхий мэс заслын тусламж хангалттай биш бага болон дунд орлоготой орны хувьд мэс заслын тусламжийн чанар гайхалтай сайжирч хөдөөгийн 100 гаруй сууринд мэс заслын болон мэдээгүйжүүлэлтийн чанар сайжирсан байна (ахмад үеийн болон өнөөгийн мэс засалчид, мэдээгүйжүүлэгч эмч та нар юу хийж байсан хэрэг вэ!). Др Сэргэлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсын хот хөдөөд хэвлийн дурангийн мэс заслыг хөгжүүлсэн байна. 2005 онд хүн амынх нь 50% -нь нүүдэлчин энэ улсад цөсний хүүдийг дурангаар авах мэс засал дөнгөж 4%-тай байсан байна. (мэс заслчид та бүхэн анхаараарай!) Одоо дурангаар мэс засал хийх мэс засал 21 аймгийн 17-д хийгдэж байна. Тэрээр мөн осол гэмтэл нас баралтын гуравдахь шалгаан болсон Монгол улсад Амь нас Аврах Гэмтлийн Гүнзгийрүүлсэн тусламжийг Монгол улсад нэвтрүүлсэн байна. ( Аймаг хотын гэмтлийн эмч та нар юугаа хийж байсан юм бэ?). Др Сэргэлэн засгийн газрын төлөвлөгөөний дагуу хямд үнэтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслын ажлыг удирдан зохион байгуулсан бөгөөд засгийн газрын төлөвлөгөөний дагуу эрхтэн суулгах бүхийл ажлыг удирдан нэвтрүүлсэн байна. (Бөөр шилжүүлж суулгасан анхдагчид та нар хаана байсан бэ?) Энэ санаачилга нь эрчимт эмчилгээний тусламжийн хүрээ, эмгэг судлал, ходоод гэдэсний эмгэгийн тусламж, эмзүйн тусламжийг сайжруулах зэрэг Монгол улсын эрүүл мэндийн тогтолцоог хүчирхэгжүүлсэн. Энэ бүгдийг яг эхээс нь авч орчуулсан юм шүү. Материалын утга санаа нь яг ийм байна. Тухайн шалгаруулахад илгээсэн материал нь ийм утга санаатай байсан бололтой. Тодруулахгүй бол болохгүй гадаадынхан ч дүүрч. 1. Монголд яаралтай мэс засал болон мэс заслын үндсэн тусламж, мэдээгүйжүүлэлтийн тусламж хот хөдөөд нэвтрээд бараг нэгэн зууныг хүрэх гэж байна. Үүнийг үе үеийн ахмад, одоо ажиллаж байгаа Манай мэс засалчдын үйл ажллагааны үр дүн юм. Олон жилийн турш өнөөгийн хөгжилдөө хүрсэн энэ түүх яг өнөөдрийн нэг мэс засалч хүнд яагаад хамаатай болов! Гэмтлийн тусламжийн эрт эдүгээгийн хөгжлийн түүх гэж байна уу? Гэмтлийн эмч бус энэ хүн Монгол улсад осол гэмтийн тусламжийг сайжруулсан байна гэж байна цаана чинь. 2. Дурангийн мэс засал 2005 онд биш бүр 1995 онд нэвтэрсэн бөгөөд АНУ-ын эмч Рашер багаж тоног төхөөрөмжийг нь өөрөө авч ирж (Монголын засгийн газар ямар ч хөрөнгө гаргаагүй) Отгондалай эмч Нямхүү эмч нартай анхны цөс авах мэс заслыг хийсэн. Тэр үеэс эхлэн дурангийн мэс засал хөгжлөө авсан. Дараа нь гуравдугаар эмнэлэгт Н. Даваадорж 1996 оноос хийж эхэлсэн. Хуучивтар багажийг нь өөрөө хувиараа авч нэвтрүүлсэн юм. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас дурангийн мэс заслын эмч бэлтгэх гадаад дотоодын ямар ч сургалтанд хүн илгээгээгүй. Гадаад дотоодод явсан эмч нар хувиараа суралцан өндөр эрсдэл дундуур энэ мэс заслыг хөгжүүлсэн юм. Хоёрдугаар эмнэлэгт Японы тусламжаар дурангийн багаж нэвтэрч С.Нэргүй эмч анх хөгжүүлж байлаа (төр засаг болон өөр бусад хүмүүс үүнд ямарч оролцоо байхгүй). Сүүлд 2012-2013 оны үеэс гуравдугаар эмнэлэг Францын мэс засалчдын тусламжаар орчин үеийн багажтай болсон (төр засаг болон өөр бусад хүмүүс үүнд ямарч оролцоо байхгүй). Энэ мэтчилэн эмч нарын урам зориг, идэвх чармайлтаар хөгжсөн юм. 2005 он гэхэд Монголд, Дархан,Эрдэнэт аймгийн төвүүдэд дурангийн мэс засал хөгжсөн төлөвлөгөөт хагалгааны 80-90%-ийг дурангаар хийдэг болсон байсан шүү дээ? Яагаад худлаа тоо баримт гаргаж байна вэ. Америкчуудыг хуурсан юм уу? 3. Монголд бөөр суулгах мэс заслыг Сэргэлэн санаачилсан гэж үү? Харин элэг суулгах төслийн удирдагч болж зохион байгуулж байсан нь үнэн. Гэхдээ Сэргэлэн биш мэс заслыг нь Солонгос эмч нар ирж хийж нэвтрүүлсэн юм шүү? тэднээс Монгол эмч нар суралцсан. Мөн Солонгос болон бусад оронд сурж одоо өөрсдөө амжилттай хийж байгаа. Олон түмэн энэ алдартай мэс засалчаар цаашдаа мэс засал хийлгэх биз. 4. Тэр ДЭБМБ-ийн хөтөлбөрийн дагуу гэмтлийн тусламжийн чанарыг сайжруулсан энэ тэр бол бүр худлаа шүү. Гэмтлийн эмч та нар өнөөг хүртэл Сэргэлэнгийн юм хийхийг хүлээгээд байсан юм уу? Үндсэндээ ийм л тодорхойлолт явуулсан бололтой. Даруу баймаар байна. Дэлхийд анх элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн Др Старцл гэхэд ангаахын шинжлэх ухааны доктор биш манайхны хэлдэгээр боловсролын доктор юм. Тэр хэзээч дэлхийн шилдэг мэс засалчид өрсөлдөж болж байгаагүй. Тухайн үедээ дэлхийд тийм ч том мэс засалч байгаагүй. Тэр гавьяат биш, Тэр төрийн шагналгүй. Та бүхэн интернетэд Honorary Fellowship in the American College of Surgeons is Awarded to Ten Prominent Surgeons 2017 гэсэн хаягаар ороод эхийг нь уншиж болно шүү! шилдэг мэс засалчид өрсөлдөж болж байгаагүй. Тухайн үедээ дэлхийд тийм ч том мэс засалч байгаагүй. Тэр гавьяат биш, Тэр төрийн шагналгүй. Та бүхэн интернетэд Honorary Fellowship in the American College of Surgeons is Awarded to Ten Prominent Surgeons 2017 гэсэн хаягаар ороод эхийг нь уншиж болно шүү!
АНХААРУУЛГА: Та шууд тухайн бичлэгт тохирсон сэтгэгдэл үлдээнэ үү 800 тэмдэгт. Бусдыг бус өөрөө өөрийгөө гутаан доромжилж, элдвээр хэлэхийг зөвшөөрнө.